Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Химийн ухааны Нобелийн шагналыг АНУ, Их Британий гурван эрдэмтэн хүртэхээр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн Химийн ухааны Нобелийн шагналыг АНУ, Их Британий гурван эрдэмтэн эволюцийн бүтээлээрээ хүртэхээр боллоо.

Шведийн Вангийн Шинжлэх Ухааны Академи тэднийг эволюцийн хүчийг ашиглан эм бэлдмэл, био шатахуунд ашиглагдах энзим, эсрэг биетүүдийг (antibody) гаргаж авсан гавьяатай гэж үнэлжээ.

Шагналын 9 сая кроны ($1.01 сая) талыг нь АНУ-ын Калифорний Технологийн Хүрээлэнгийн судлаач Фрэнсис Арнольд, үлдсэн хагасыг АНУ-ын Миссурийн Их сургуулийн Жорж Смит, Их Британий Камбриж дэх Молекулын Биологийн Лабораторийн Грегори Уинтер нар хувааж авахаар болсон байна.

Фрэнсис Арнольд нь энэ жилийн Нобелийн шагналыг хүртэж байгаа хоёр дахь эмэгтэй болж байгаа юм.

Өчигдөр физикийн салбарын Нобелийн шагналын эзнээр АНУ, Канад, Францын эрдэмтэд тодорсон бол Даваа гарагт анагаах ухааны салбарын шагналыг АНУ, Японы эрдэмтэд хүртэхээр болсон.

Ирэх Баасан гарагт энх тайвны Нобелийн шагналтныг, Даваа гарагт эдийн засгийн салбарын шагналтныг тус тус тодруулна.

 

Эх сурвалж: Time.Com