Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Мацүмото Ёшико: Монгол эмэгтэйчүүдийг хараад атаархах сэтгэл төрдөг

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 2
Үндэсний шуудан
Зураг зураг

Өнгөрсөн сард Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчид хамтран “Бүсгүй мэлмий-2” үзэсгэлэн гаргасан билээ. Энэ удаагийн “Бүсгүй мэлмий-2” үзэсгэлэнд хоёр Японы эмэгтэй гэрэл зурагчин оролцсон юм. Тэдний нэг нь Мацүмото Ёшико. Тэрбээр 1995 онд манай оронд анх удаа ирэхдээ тал нутгийн үзэсгэлэнг бишрэн гэрэл зураг авч эхэлсэн аж. Тэрбээр Монгол Улсыг өөрийн дурандаа буулгаад 23 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд зөвхөн Монгол оронтой холбоотой таван үзэсгэлэн, нэг гэрэл зургийн бие даасан цомог гаргасан байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Энэ өдрийн мэнд.

-Та “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнд энэ жил анх удаа оролцлоо. Таны бүтээлүүдийг харахад Япон орны өөр өнцгийг олж харлаа. Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийнхээ талаарх мэдээлэл өгөөд яриагаа эхлэх үү?

-Үзэсгэлэнд 1999 оны Токиогийн залуусын амьдралыг харуулсан гэрэл зургуудаар оролцсон. Тухайн үед Японд “X Japan” гэдэг алдартай рок хамтлаг байсан. Тэр хамтлагийг дуурайж хувцасладаг залуус их байсан нь миний сонирхлыг маш ихээр татаж зургийг нь авдаг байлаа. Энэ удаагийн үзэсгэлэнд дээрх зургуудаараа оролцсон нь Японы талаарх хүмүүсийн ерөнхий ойлголтыг өөрчилж, арай өөр өнцгөөс нь харуулахыг зорьсон юм.  Хүмүүс япончуудыг кимоногоо өмсөөд явж байдаг гэж ойлгодог.

-Та Японы орчин үеийн гэрэл зургийн холбооны гишүүн. Таны бүтээлүүдийг үүнтэй холбоотой болов уу гэж ойлгож байлаа?

-Ер нь бол аниме дэлхийд танигдсан. Түүний эхлэл 1999 оны “Х Japan”-ны загвар байсан юм болов уу гэж би хардаг. Тийм учраас япончууд бас ийм хувцаслалттай байдаг шүү гэдгийг харуулахыг зорилоо. Үүгээрээ би Япон орныг өөр өнцгөөс нь хараасай гэж хүссэн.

-Анх 1995 оноос эхлэн гэрэл зураг авч эхэлсэн гэсэн. Таны үндсэн мэргэжил юу вэ. Яагаад гэрэл зураг авах болов?

-Нягтлан бодогч мэргэжилтэй. Анх зураг авч эхэлсэн нь 1993 он. Тухайн үед Европын Англи, Франц, Герман зэрэг олон орноор аялсан. Ингэж явахдаа хоёр гэрэл зурагчинтай танилцсан. Түүнээс хойш гэрэл зургийг сонирхож эхэлсэн. Тэгээд 1995 оноос Монголд ирснээр тасралтгүй гэрэл зураг авч байна.

-Анх та Монголын тал нутгийг хараад далай шиг дотно мэдрэмж төрсөн гэж байсан. Тэгэхээр Монголд 20 гаруй жилийн турш жил бүр ирж байгаа учраас манай орноор хэр их аялсан бэ?

-Анх 1995 онд ирэхдээ зөвхөн аялах зорилготой ирсэн. Тэр үед Өмнөговь аймаг руу явж байсан. Дараа нь Ховд аймагт очоод нэгэн гэр бүлтэй танилцаж найзууд болсон. Одоо Эрдэнэт хотын ойролцоо ирсэн байгаа. Тэр гэр бүлийнхээ зургийг одоог хүртэл авсаар байна. Мөн Булган аймагт очиж үзсэн. Түүнээс бол Монгол орныг бүхэлд нь тойрон аялж үзээгүй, чадаагүй л явна. Сүүлийн үед Улаанбаатар хотоор зураг авч байгаа.

-Таныг анх ирснээс хойш манай улс хэр их өөрчлөгдөж байна вэ?

-Хамгийн анх Монголын тал нутагт ирээд өвс ургамал, байгалийг нь хараад сэтгэл маш их хөдөлсөн. Тал нутагт нар жаргах нь хүртэл үнэхээр үзэсгэлэнтэй. Би огт өөр ертөнцөд хүрээд ирэв үү л гэж бодсон. Хотын амьдралаас эрс өөр байсан. Дараа нь 2000 онд өвөл ирэхэд энд бараг -40 градус хүрсэн хүйтэн уур амьсгал намайг угтсан. Бас анх удаа тийм хүйтэнд ирж байгаа нь тэр л дээ.

Мөн тэр үед ирэхдээ нүүдэлчин гэр бүл, Монголын ахуйтай танилцах гээд гэрэл зурагчин Ганзоригтой Ховд аймагт очсон. Намайг очиход лаа барьж гэрэл гаргадаг байсан. Тэгвэл энэ дүр зураг жил ирэх бүр өөрчлөгдөж байна. Дараагийн удаа ирэхэд гэрэлтэй болсон, тэгээд телевиз, гар утас гээд ирэх болгонд л хөгжөөд байсан. Одоо бол хөргөгч, угаалгын машин гэх мэт олон цахилгаан бараатай болжээ. Миний нүдэн дээр Монгол орон хөгжиж байна.

-“Монголчууд” гэдэг үзэсгэлэнгээ анх 2004 онд Токиод гаргасан. Энэ үзэсгэлэнгийнхээ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ үзэсгэлэн нь Монголд зураг авч эхэлснээсээ хойш гаргасан анхны бие даасан үзэсгэлэн маань байсан. Үзэсгэлэнд орсон ихэнх зураг нь Ховд аймгийн нэг гэр бүлийн зураг байсан. Энэ гэр бүлийн амьдралаар дамжуулан Монгол орныг харуулахыг хичээж Токиод гаргасан.

-Таны хамгийн сонирхолтой үзэсгэлэн бол 2006 онд Ховд аймгийн хөдөө талд гаргасан “Хөдөө талын үзэсгэлэн” нэртэй үзэсгэлэн. Нэг монгол, нэг япон гэрэл зурагчинтай хамтарч гаргасан юм билээ. Энэ үзэсгэлэнгийн талаар яриач. Их сонирхолтой байна?

-Би Ховд аймгийн хөдөөгийн хүмүүс болон Ховд хотынхны зургийг авдаг боловч дандаа Улаанбаатарт, эсвэл Японд үзэсгэлэн гардаг. Тэгэхээр тэдгээр хүн өөрсдийнхөө зургийг үзэж чаддаггүй байсан учир би тэдэнд өөрсдийнх нь зургийг үзүүлье гээд энэ үзэсгэлэнг гаргах санаа төрсөн. Монголоос хамтарсан Ганзоригтоо энэ тухайгаа хэлэхэд их гайхсан. “Яаж болох юм бэ Мацүмото” гэж надад хэлсэн. Гэсэн ч бид үзэсгэлэнгээ гаргаад нутгийн хүмүүст зургийг нь үзүүлсэндээ би одоо хүртэл баяртай байдаг.

Зургаа хээр талд гадаа тавьсан учир салхинд унаад өгнө. Бид хорхог хийж идээд, тостой гараараа зургаа босгоод л хөгжилтэй, их сайхан үзэсгэлэн болсон. Бараг л бэсрэг наадам болсон байх. Үзэсгэлэнгээс үлдсэн зургууд одоо Ховдод очих юм бол сургуульд нь өлгөөтэй байдаг. Тэрийгээ хараад би их баярладаг.

-2018 онд “Mongolian Women” хэмээх гэрэл зургийн цомог гаргасан байна. Энэхүү цомогт манай орны бүхий л салбарын эмэгтэйчүүд оржээ. Бас л сонирхолтой санагдаж байна шүү?

-Энэ гэрэл зургийн  цомгийг анх Ховдын гэр бүлийнхээ зургаар гаргах санаатай байсан. Гэтэл тэр нь Монголын талаар байдаг л нэг сэдэв. Өмнө нь хүмүүс зөвлөсөн. Тэгээд 2013 оноос цомгийнхоо зургийг авч эхэлсэн юм. Олон улсад монголчуудыг тал нутаг, нүүдэлчин ард түмэн л гэж боддог. Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн үүрэг их дээгүүр байдаг. Манай Японд бол тийм биш. Эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь доогуур байдаг. Харин  Монголд салбар бүрт манлайлагч эмэгтэйчүүд бий. Тэд зөвхөн салбарт манлайлаад зогсохгүй эдийн засгийн гол хөшүүрэг болдог юм байна гэж би харсан. Тийм болохоор тэднээр дамжуулаад Монголд ийм нэг өөр өнцөг байдаг юм шүү гэж харуулахыг зорьж энэ цомгоо гаргасан. Үүнээс гадна япончуудад Монгол Улсыг өөрөөр харуулахыг хүссэн юм.

-Монгол эмэгтэйчүүд нийгэмд Японы эмэгтэйчүүдээс илүү байр суурьтай байдаг гэж хэллээ. Тэгвэл цомгоо гаргах гээд явж байх хугацаандаа монгол эмэгтэйчүүдийн онцлог гэхээр зүйлийг олж харав уу?

-Маш хүчирхэг. Энэ бол монгол эмэгтэйчүүдийн гол онцлог. Тэд нийгэмд өөрийн гэсэн эзлэх байр суурьтай, дээр нь ар гэрийнхээ ажлыг амжуулаад явдаг. Хамгийн гол нийгмийн аль ч салбараас манлайлагч эмэгтэйг олж болно. Монголын нийгэм эмэгтэйчүүдийнхээ энэ хүчирхэг байдал, манлайллыг хүлээн зөвшөөрдөг нь их сайхан. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа эрчүүд нь ч бас мундаг юм. Японд бол эмэгтэй хүн их хөдөлмөрлөөд, манлайлагч байсан ч эрчүүдийнхээ доор байх ёстой байдаг. Эмэгтэй хүн үйлчилгээний ажлыг илүү их хийх ёстой гэж үздэг. Нуулгүй хэлэхэд монгол эмэгтэйчүүдийг хараад атаархах сэтгэл төрдөг.

-Та манай оронтой холбогдоод 23 жил болсон байна. Нутагтаа очоод Монголыг санадаг биз?

-Ер нь бол олон удаа ирж байгаа учраас олон найзтай болсон. Тэднийгээ их санадаг. Мөн цаг хугацаа яваад юмс өөрчлөгдөж байгаа болохоор тэр өөрчлөлтийг авах юмсан гээд Монгол руу явах хүсэл, шалтаг шалтгаан их байдаг.

-Монголын гэрэл зурагчдыг ур чадварын хувьд ямар байна гэж боддог вэ?

-Өнгөрсөн жил Японы гэрэл зурагчид Монголд ирж хамтарсан үзэсгэлэн гаргасан. Тэр хүртэл би өмнө нь Монголд олон ирсэн боловч тийм олон гэрэл зурагчин таньдаггүй байжээ. Харин одоо бол олон гэрэл зурагчинтай танил болсон. Түүнээс хойш тэдний бүтээлийг үзээд монгол гэрэл зурагчид чадвартай юм байна гэж мэдсэн.

Ялангуяа тэр дундаас эмэгтэй гэрэл зурагчдыг нь хараад хамтарсан үзэсгэлэн гаргах юмсан гэсэн хүсэл төрсөн. Тэр хүслээ энэ удаагийн үзэсгэлэнд оролцож биелүүлсэндээ баяртай байна. Монгол гэрэл зурагчид чадвар сайтай. Одоо түүн дээрээсээ нэмээд зургийг төрөлжүүлээд нэг сэдвээр авах юм бол илүү сайжирна гэж би харсан.

-Анх ирээд найзууд болсон Ховд аймгийн гэр бүлийнхээ зургийг 18 жил авсан байна. Энэ хугацаанд та Монгол, Япон гэр бүл хоёрын хоорондын ялгааг харсан байж таарна?

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ би хамгийн анх тэр гэр бүлд очиход лаа бариад амьдарч байсан. Намайг бага байхад Японд бас амьдрал тийм байсан болохоор тэрийг хараа багын дурсамж сэргэж их дотно санагдаж байлаа. Гэхдээ одоо манай хоёр орон хурдацтай хөгжөөд илүү технологи, цахилгаан хэрэглээ нэмэгдсэн. Миний найз гэр бүл одоо Эрдэнэт хотын ойролцоо байдаг болсон. Мөн намайг анх ирэхэд дөрвөн настай байсан хүүхэд том болжээ.

Бүр гэр бүлтэй болоод хүүхдийнхээ үсийг авсан. Би найранд нь очсон. Би энд өндөр ээж болоод байгаа. Монгол, Япон гэр бүлийн хооронд асар том ялгаа бий. Монгол гэр бүлийн сайхан нь тэд хоорондоо их дотно байдаг. Ах, дүү нар нэгэндээ тусалдаг. Японд бол эсрэгээрээ. Хоорондоо тийм ч дотно биш. Энэ нь илүү чухал юм болов уу.

-Одоо таны хийхээр төлөвлөсөн дараагийн уран бүтээл юу байна вэ?

-Ховдын гэр бүлийг 18 жил зургийг авсан. Хоёр жилийн дараа 20 жил болох гэж байгаа. Тийм болохоор 20 жилийнхээ ойд зориулаад тэр гэр бүлийн 20 жилийн амьдралыг харуулсан цомог гаргах зорилготой байгаа. Гэхдээ Японд ийм зүйл хийхэд мөнгө их хэрэгтэй байдаг болохоор бага зэрэг асуудал байна. Тийм болохоор бид хөрөнгө оруулагч хайж байгаа юм. Хөрөнгө оруулагч олдоод энэ цомгийг гаргаж чадвал их сайхан цомог болно байх гэдэгт нь би итгэлтэй байна. Монгол найзуудаа хөрөнгө оруулах байх гэж найдаж сууна.

-Бид хоёрын яриа өндөрлөх дөхөж байна. Танд монголчуудад хандаж хэлэх зүйл байна уу?

-Ер нь бол хөгжөөд өөр болж байна. Бас хүмүүст илүү хялбар байдлаар амьдрах арга нэмэгдсээр байгаа. Гэхдээ Монголын малчин айлын амьдралын хэв маяг ажил ихтэй ч сайхан байдаг. Тийм болохоор цаг хугацаа өнгөрч юмс өөр болсон ч монгол уламжлалаа битгий алдаарай гэж хэлмээр байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг сонин асуулт асуумаар санагдлаа. Японы сүмо бөхөд монгол бөхчүүд сайн барилдаж, Монголоос дөрвөн аварга төрсөн. Та үүнд яаж ханддаг юм бол?

-Япон бөхчүүд угаасаа хүч муу байна. Монголчууд хүчтэй байна. Тийм болохоор би лав эмзэглээд байдаггүй. Би Асашёорюү аваргыг ид барилдаж байхад сүмогийн ордонд очиж сүмо үздэг байсан. Асашёорюү сүмогийн ёс жаяг талаасаа сайн бөх биш гэж хэлэхээр тийм дүрсгүй жаал шиг байлаа. Тэр нь үзэгчдийн сонирхлыг илүү их татдаг байсан юм болов уу гэж боддог. Би өөрөө бараг хагас монгол хүн болсон учраас монгол сүмочид сайн барилдах нь надад таатай байдаг.

-Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа?

-Надтай ярилцсанд бас маш их баярлалаа.

Зураг