Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезид болсон газар хөдлөлт, цунамигийн хохирогчдын тоо 832 хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Индонезид болсон газар хөдлөлт, цунамигийн гамшигт амиа алдагсдын тоо 832 болж, өмнөх тооноос даруй хоёр дахин өссөнийг Ням гарагт зарлалаа.

Мөн мянга мянган хүний хувь заяа тодорхойгүй байгаа тул хохирлын тоо цаашдаа нэмэгдэнэ гэж тус улсын онцгой байдлын агентлагийн төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо өчигдөр мэдэгджээ.

Халдварт өвчин дэгдэхээс сэргийлж, амиа алдагсдын цогцсыг бөөнөөр нь оршуулж байгааг тэр бас мэдэгдсэн байна.

Гамшигт өртсөн олон бүс нутагт эрх баригчид хүрч чадаагүй байгаа тул амиа алдагсдын тоо хэдэн мянгаар хэмжигдэнэ гэж тооцоолжээ.

Баасан гарагт Индонезийн Сулавеси арлын Палу хот орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, дараа нь цунами үүссэн юм.

Палу хотод тухайн үед 71 гадаадын иргэн байсны ихэнх нь аюулгүй нөхцөлд байгааг засгийн газар мэдээлжээ. Нийт 17,000 иргэнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна.

Нийтдээ 2.4 сая хүн энэ удаагийн байгалийн гамшгийг ямар нэг хэмжээгээр мэдэрсэн гэж Индонезийн онцгой байдлын алба мэдээлжээ.

Индонези улс манай дэлхийн гамшигт хамгийн их өртөмтгий улсуудын нэгт тооцогддог. Номхон далайг тойрсон “Галт Цагираг” хэмээх зурвас нь дэлхийн бөмбөрцгийн олон тектоник хавтангуудын уулзвар дээр оршдог. Индонез нь энэхүү бүсийн нэг хэсэг тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт байнга тохиолддог юм. Энэ оны эхээр тус улсын Ломбок аралд дараалсан газар хөдлөлт болоход 550 гаруй хүн амиа алдсан.

2004 онд Суматра аралд болсон 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт, түүний дараа үүссэн цунамид нийтдээ 220,000 хүн амь үрэгдсэний 168,000 нь Индонезид ноогдож байв.

 

Эх сурвалж: AFP