Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк 50 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг хакеруудад алджээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк сүлжээний “View As” нэртэй үйлдлийг ашиглан бусдын хуудсанд нэвтэрч, хувийн мэдээллийг нь хулгайлж байсныг илрүүлж, зассанаа Фэйсбүүк компани өчигдөр зарлажээ.

Уг үйлдэл нь хэрэглэгч өөрийн профайлыг бусад хүмүүст яаж харагдаж байгааг шалгах зориулалттай.

 

Үүнийг ашиглан хакерууд бусад хүмүүсийн дижитал түлхүүрийг олж авч байжээ. Фэйсбүүк хуудсандаа хандах бүрт дахин дахин нэвтрэлгүй (логин), байнга нээлттэй байлгахад энэхүү дижитал түлхүүр ашиглагддаг.

Энэ түлхүүрийг олж авснаар хакерууд хүмүүсийн олон нийтэд ил болгоогүй хувийн мэдээллүүдийг олж авч байжээ.

Уг халдлагад 50 сая орчим хүн өртсөн байна.

“Халдлагад өртсөн экаунтуудын мэдээллийг буруу зорилгоор ашигласан эсэхийг бид одоогоор мэдээгүй байгаа ч цаашид үргэлжлүүлэн шалгаж, илрүүлсэн зүйлсээ тухай бүрт нь мэдээлэх болно” гэж Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг өөрийн хуудсанд мэдээлжээ.

Өртсөн 50 сая хэрэглэгчийн дижитал түлхүүрийг дахин шинэчлэхийн тулд өчигдөр буюу Баасан гарагт лог аут хийлгэж, дахин нэвтрүүлсэн байна.

Энэ удаагийн алдаа 2017 оны долдугаар сард Фэйсбүүкийн видео оруулах үйлдлийг шинэчлэн сайжруулах үеэр бий болсон ажээ.

Улмаар 2018 оны есдүгээр сарын дундуур тус компанийн мэргэжилтнүүд ийм алдаа үүссэн байж магадгүй талаар сэжиг авч, шалгаж эхэлсэн байна.

Есдүгээр сарын 25-нд алдаагаа олж, 27-ны өдөр засварлаад өчигдөр олон нийтэд зарласан нь энэ ажээ.

“Бид манай хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах гэсэн халдлагатай дэлхийн өнцөг булан бүрт, байнга тулгарч байна. Ийм эрсдлээс сэргийлэх програмын багаж хэрэгслийг бий болгох нь бидний тэргүүн зорилт болж байна” хэмээн Марк Зукербэрг мэдэгдэлдээ бичсэн байна.

 

Эх сурвалж: Quartz