Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс Африкийн зүүн эрэгт хөл тавьсан сүүлийн орон боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт зүүн Африкийн Эритрей улсын удирдагчтай уулзахдаа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсад “ложистикийн төв” байгуулах болсноо зарлажээ.

 Бааз байгуулах хугацаа, байрлал зэргийг мэдээлээгүй ч энэ нь хоёр орны хамтын ажиллагаа, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой гэж тэр тайлбарласан байна.

Ийнхүү Трамп тус тивээс зайгаа барьж, Хятадууд улам бүр ойртож байгаа үед Орос улс Африк тивд анхны сууриа тавих гэж байгаа нь энэ юм.

Лавров өнгөрсөн гуравдугаар сард Ангол, Намиб, Мозамбик, Этиоп, Зимбабвэ улсуудаар долоо хоног айлчлахдаа олон тооны хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж байв.

Африкийн эвэр гэгддэг Улаан тэнгисийн эрэг орчмын газар нутагт дэлхийн хэд хэдэн улс орон өөрийн цэргийн баазыг байгуулаад байгаа. Тухайлбал Эритрейн Ассаб боомтыг Саудын Араб, АНЭУ улсууд Йеменд цэргийн ажиллагаа явуулахдаа ашигладаг.

Далайд гарцгүй ч томоохон зах зээлтэй Этиоп улс энэ улсын боомтуудыг ашиглан гадаад зах зээлд хүрэхээр саяхан ярилцаж эхэлсэн нь олон улсын анхаарлыг татаж, Саудын Араб, Сомали, Япон, Германы удирдагчид Эритрейд цувран айлчлахад хүргэсэн юм.

Эритрейн хөрш, Африкийн эх газрын гурав дахь жижиг улс Жибутид одоо Европ, Ази, Америкийн орнуудын хэд хэдэн цэргийн баазууд байрлаж байна. Өнгөрсөн онд Хятад улс энд анхны гадаад дахь цэргийн баазаа байгуулсан.

Тавдугаар сард Пентагон Жибути дахь баазынх нь нисгэгчдийн нүд рүү байлдааны зориулалттай лазерын туяа тусгасан хэрэгт хөрш Хятадын цэргийн баазыг буруутгаж байв.

Энэ нь Жибути дахь олон улсын цэргийн баазууд хэр шигүү, чихцэлдэн байрлаж байгааг харуулж байна. Тэгвэл энэ өрсөлдөөнд Орос улс нэмэгдэхээр боллоо.

 

Эх сурвалж: Quartz