Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын нүүрс экспорт түүхэн дээд рекорд тогтоож байна

Үндэсний шуудан сонин
2018 оны 9 сарын 3
Үндэсний шуудан
Зураг зураг

ОХУ энэ онд 200 сая тонн нүүрс экспортлохоор болсон талаар “www. sxcoal.com’’ сайт мэдээллээ.

Энэ талаар тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак Кемеров мужийн түлш, эрчим хүчний хурлын үеэр мэдэгдсэн байна. Сайд Александр Новак хэлэхдээ “Бидний тооцоолсноор ОХУ-ын нүүрсний экспорт энэ жил 200 сая тонноос давах төлөвтэй байна. Баруун мужуудаас ойролцоогоор 100 сая тонн, зүүн мужуудаас 100 сая тонн орчим байх болно” гэжээ. 2018 онд ОХУ-ын нийт нүүрс олборлолт 420 сая тонн давахаар байгаа нь хуучин Зөвлөлтийн үе буюу 1988 оноос хойш тогтоож буй түүхэн дээд рекорд болж байна.

Мөн дэлхийн нүүрсний зах зээлд ОХУ-ын эзлэх хувь хэмжээ өнгөрсөн 20 жилд 3.5 дахин өсч, 14 хувийг эзэлж буйг сайд А.Новак мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн сүүлийн үед Оросын нүүрсний экспортын талаар чухал мэдэгдлүүдийг хийж буй. Тэрбээр “Цаашид ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд өөрийн байр сууриа улам өргөжүүлэх болно” гэж дээрх хурлын үеэр мэдэгдсэн юм.

ОХУ-ын нүүрсний компаниуд өнгөрсөн онд 190 гаруй сая тонн нүүрс экспортолж, дэлхийд дээрээсээ гуравт бичигдэх болсон. “Өнөөдөр ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд байр сууриа өргөжүүлэх, бэхжүүлэх, хувь хэмжээгээ нэмэгдүүлэх боломж маш их байна. Манай дотоодын нүүрсний уурхайнуудад асар их боломж байна. Азийн зах зээлийг илүү сайн судалж, бүтээгдэхүүнүүдээ улам бүр төрөлжүүлж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж Ерөнхийлегч Путин өөрийн орны нүүрсний компаниудад хандан уриалжээ.

Зураг