Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

К.Соноура: Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайдыг урихаар зэхэж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Япон Улсын Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Соноүраг хүлээн авч уулзсан юм.

Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжсон. Энэ удаад мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эх орондоо хүлээн авч, албан ёсны айлчлал хийхийг урихаар зэхэж буйг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Соноура мэдэгдэв.

Монгол, Японы дипломат харилцаа хөгжихийн зэрэгцээ Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах тал дээр болон Ази, Номхон далайн бүс нутгийн асуудалд ижил байр суурь баримталдаг нь бидний хамтын ажиллагаанд ч эерэг тусгалаа олдог гэдэгт талууд санал нэгдэв. Мөн “Улаанбаатарын  яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг Монгол Улс өөрийн оронд зохион байгуулж, бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулж буйд японы тал талархал илэрхийлэв. 

Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн сацуу манай хоёр орны ард түмэн харилцан бие биедээ тусалж, байгалийн гамшиг тохиолдсон үед ч дэм үзүүлж байгаа нь Засгийн газрын түвшин төдийгүй иргэд хоорондын чин сэтгэлийн харилцаа батжиж байгааг илтгэж байна гэж талууд тэмдэглэв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас манай улсад 850 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, японы тал санхүү, эдийн засгийн бэрхшээлийг даван туулж, эдийн засгаа тогтворжуулж, улмаар өсгөж байгаа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаагаар бахархаж байна гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон албаны бусад төлөөлөгчид байлцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.