Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Маккэйнд зориулж эмгэнэл гаргахыг хориглосон Трамп гольф тоглохоор явжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, саяхан нас барсан сенатч Жон Маккэйн нар хэдийгээр ижил Бүгд Найрамдах Намд харьяалагддаг ч хоорондоо тун таарамжгүй байсан хүмүүс.

Тэгвэл тэдний зөрчил ахмад сенатчийг нас барсны дараа ч үргэлжилжээ.

Өнгөрсөн Бямба гарагт Цагаан ордны хэвлэлийн алба болон ерөнхийлөгчийн зөвлөхүүд Аризоны сенатч агсны дурсгалд зориулж эмгэнэлийн мэдэгдэл гаргах, үүндээ Маккэйныг дайны баатар гэж өргөмжлөх санал гаргасан байна.

Гэвч Дональд Трамп уг эмгэнэлийг нийтлэхийг хориглож, оронд нь өөрөө твиттер хуудсандаа мэдэгдэл гаргана гэж хэлээд гольф тоглохоор явсан тухай Цагаан ордны дотоод эх сурвалж мэдээлжээ.

Удалгүй тэр үнэхээр твиттер хуудсандаа мэдэгдэл гаргасан бөгөөд түүндээ Маккэйны гэр бүлд хувийн эмгэнэлээ илэрхийлсэн хэдхэн үгийг бичсэн байна.

Дараа нь ерөнхийлөгчөөс бусад албаны хүмүүс, тухайлбал төрийн нарийн бичгийн дарга, пентагоны тэргүүн, үндэсний аюулгүй байдлын зөвлөх зэрэг засгийн газрын гишүүд Маккэйнд зориулж эмгэнэлээ нийтэлжээ.

Мөн ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш нар хувийн эмгэнэлээ илэрхийлж, Канад, Францын төрийн тэргүүнүүд мэдэгдэл гаргасан байна.

Ням гарагт гольфын амралтаасаа эргэж ирсэн Трамп талийгаачийн талаар ганц ч үг унагалгүй, харин өөрийнх нь хичээл зүтгэлийн дүнд Америкийн эдийн засаг хэрхэн сайжирч байгааг твиттер хуудсандаа дараалан бичжээ.

Трамп эртнээс Маккэйнтай зөрчилдөж, түүнийг Вьетнамын дайны баатарт тооцдоггүйгээ удаа дараа илэрхийлж байсан. Өөрөө Вьетнамын дайнаас зугтаж, цэрэг татлагаас 5 удаа зайлсхийж байсан гэгддэг Трамп Маккэйныг “Тэр бол баатар биш. Олзны хүнийг баатарт тооцдоггүй юм” хэмээн ярьж байв.

Тэр бас энэ сарын эхээр батлагдсан Жон Маккэйны нэрэмжит Батлан хамгаалахын шинэ хуулинд гарын үсэг зурахдаа сенаторын нэрийг зориуд хэлэлгүй өнгөрсөн юм. 

Сенатор Маккэйн ч Трампын дотоод болон гадаад бодлогыг хамгийн хүчтэй шүүмжлэгч байсан. Тэр хорт хавдар туссаныхаа дараа өөрийн оршуулганд ерөнхийлөгч асан Обама, Буш нараар эмгэнэлийн үг хэлүүлэхийг гэрээслэж, харин Трампыг уриагүй юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай найрсаг уулзалт хийсний дараа Маккэйн түүнийг хамгийн хурцаар шүүмжилж байв.

Тэр “Ерөнхийлөгч Трампын гэнэн тэнэг байдал, биеэ тоох үзэл, дарангуйлагчтай нэг түвшинд харьцаж, хүндлэл үзүүлсний хохирлыг тооцоолох аргагүй. Хельсинкийн дээд хэмжээний уулзалт гарцаагүй эмгэнэлт алдаа боллоо” гэж хэлж байжээ.

 

Эх сурвалж: The Washington Post