Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

"60 тэрбумын хэрэг, асуудлыг сэргээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна"

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор өнгөрсөн сард хийсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлж байна.

ШУУД:

https://www.facebook.com/iKonNews/videos/276288023202246/

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "АТГ-аас өнгөрсөн наймдугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар хүргэе. 

Төрийн албан хаагчийн хуульд нийцээгүй, томилгоо, төрийн үйлчилгээний хүнд суртал, үндэслэлгүй төлбөр хураамж, тооцоо судалгаагүй төсөв санхүү, үр ашиггүй, хууль зөрчиж гарсан шийдвэр, зөрчилтэй тендэр худалдан авалт, төсвийн хөрөнгөөр худалдан авсан чанаргүй бараа, шийдвэр, үйл ажиллагаа, үйлчилгээ зэрэг нь яам, агентлаг, тэдгээрийн харьяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэрэг төрийн 99 байгууллага, 21 аймагт түгээмэл, түүнийг засах, таслан зогсоох гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болж байна. 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яам агентлагуудад ажиллаад илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх 150 зүйл бүхийн зөвлөмжийг хүргүүлсэн. 

Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодитой ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтагдах нөхцлийг бүрдүүлээд байна.

Төрийн байгууллага, албан тушаалтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалтгүй ажиллаж байна. Цаашид есдүгээр сард бодит нөхцөл байдлын талаар холбогдох яам, агентлагт нь болон олон нийтэд нээлттэй мэдээлнэ. 

Ирэх онд иргэний хяналтын зөвлөл, иргэдийн хяналтыг шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна" гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

- АТГ-ын газрын дарга Х.Энхжаргалын 19 настай охин Шарын гол ХХК-ийн ТУЗ-ын даргаар ажилладаг гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?

-АТГ-ын газрын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл. Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, харлуулах, саармагжуулах зорилготой ийм мэдээллүүдийг АТГ-ын даргын нэр хүндэд халдсан байдлаар тарааж байна. 

Энэ мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Сошиал сүлжээнд  энэ мэдээллийг хуульч, өмгөөлөгч Пүрэвбаатар гуай бичсэн байсан. АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг атлаа ийм хариуцлагагүй, худал мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай явдал. 

Иймэрхүү худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-аас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах болно.

-60 тэрбумын хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог: 60 тэрбумын хэрэг асуудал хамтарсан ажлын хэсэгт орсон байгууллагуудын зүгээс тодорхой асуудлуудыг шалгах шаардлагатай гэж прокурорт санал тавьсан. Прокурорын байгууллагаас хэрэг, асуудлыг сэргээж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж явагдаж эхэлсэн. 

-Эрдэнэт үйлдвэр, Жастын Ш.Батхүүтэй холбоотой хэрэг одоо ямар шатандаа явж байгаа вэ?

-Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн аудитын болон үндсэн дүгнэлтүүд гарсан. Хэрэг асуудлыг нэлээн өргөн цар хүрээтэйгээр шалгаж байгаа. Шалгагдаж буй хэргийг ойрын үед прокурор, шүүхийн шийдвэрт шилжүүлэх тухай асуудал яригдаж байгаа. 

-Цэцэрлэг, сургуулийн элсэлт явагдаж байгаа энэ үед авлигын хэргээр эцэг, эхчүүдээс ирсэн санал гомдол байгаа юу? 18 дугаар сургуулийн захирлыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байсан. 

-Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр хахууль, авлига авч байна гэсэн мэдээлэл жил болгон гардаг. Одоогоор энэ асуудлаар гомдол мэдээлэл ирээгүй байна. Бид энэ асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн Боловсролын газар, БСШУСЯ-нд зөвлөмж, чиглэл хүргүүлж ажилласан. 

-Эрүүл мэндийн сайд өөрийн ашиг сонирхлын дагуу хамаарал бүхий этгээдийг төрийн албанд томилсон гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Тухайн томилогдсон этгээд нь Эрүүл мэндийн сайдын хүүгийнх нь найз гэдэг нь тогтоогдсон. Зөвхөн энэ гэлтгүй холбогдох яамдууд дээр явагдаж буй томилгоо төрийн албаны тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой. Энэ мэтчилэн хуулийн хүрээнд шийдэгдэхгүй байгаа учраас бид Төрийн албаны зөвлөлд хандсан байгаа.

-МУИС-ийн удирдлагуудыг яг ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бэ?

-МУИС-ийн хэсэг багш нараас удирдлагуудтай холбоотой хэргээр өргөдөл, гомдол гаргасан. Үүн дээр Нийслэлийн Прокурорын газраас дугаар өгөн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ямар нэгэн хүнийг сэжигтэнгээр тооцсон, яллагдагчаар татах тогтоол үйлдэгдсэн асуудал байхгүй. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар гомдол санал ирсний дагуу энэ асуудал шалгагдаж байгаа.