Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнамын дайны баатар Жон Маккэйн шоронгоос ганцаараа суллагдахаас татгалзаж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын сенатор, Вьетнамын дайны ахмад дайчин, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Жон Маккэйн 81 насандаа тархины хорт хавдраар таалал төгссөн билээ.

Тэрээр таван жил хагас орчим хугацаанд Вьетнамын алдарт “Ханой Хилтон” гэгддэг шоронд хоригдож байжээ.

Сенатортай таагүй харилцаатай байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг дайны баатар биш, олзны хүнийг баатарт тооцохгүй зэргээр ярьж байв.

Гэхдээ Маккэйн шоронд хоригдож байхдаа үзэл бодолдоо үнэнч байсныг баримт харуулдаг.

Өвөг эцэг, эцэг нь хоёул АНУ-ын тэнгисийн хүчний дөрвөн таван хошуутай адмиралууд байсан Маккэйн тэнгисийн цэргийн академийг төгсмөгцөө Вьетнамын дайнд нисгэгчээр явсан байна.

1967 оны аравдугаар сарын 26-нд түүний Skyhawk бөмбөгдөгч Ханойн ойролцоо буудуулж унахад нэг хөл, хоёр гараа хугалсан Маккэйн Вьетнамчуудад олзлогдсон юм.

Олзлогдохын өмнөхөн Маккэйны эцэг АНУ-ын Номхон далайн флотын адмирал болсон тул хойд Вьетнамын тал залуу Маккэйныг хэлэлцээртээ ашиглахыг оролдож байв.

Гэвч Маккэйн ямар нэг солилцоогоор суллагдахаас татгалзсан нь бусад олзлогдогсдыг орхин явахыг хүсээгүйтэй холбоотой байжээ.

Түүний шийдвэр үзэл суртлын ялалт болж, Америкийн олзлогдогсдод сэтгэл зүйн том дэм болсон гэдэг.

Үүнд нь бухимдсан Вьетнамчууд Маккэйныг эрүүдэн байцаах ажиллагаагаа эрчимжүүлсэн байна.

 

Байнга зодуулж байсан Маккэйн хоёр ч удаа амиа хорлохыг оролдож байжээ. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэр 1973 онд анх удаа хэвлэлд ярихдаа “Миний ойлгосон зүйл бол: Хүн бүрт эргэлтийн цэг гэж байдаг. Би өөрийнхдөө хүрсэн” гэж байжээ.

Үүнийхээ дараа Маккэйн 3х3 метр харьцаатай жижиг өрөөнд 2 жил ганцаар хоригдсон гэдэг.

1973 оны гуравдугаар сард Парисын энхийн гэрээ байгуулагдахад Маккэйн бусад олзны цэргүүдийн хамт суллагджээ. 36 настай, цав цагаан толгойтой болсон Маккэйн эх орондоо буцаж ирээд тэнгисийн цэрэгт үргэлжлүүлэн алба хаасан байна.

 

Дараа нь 1981 онд албаа хааж дуусгаад Аризона муж руу нүүж, тэндээ улс төрчийн амьдралаа эхлүүлсэн юм.

Бүгд Найрамдах намаас хоёр удаа төлөөлөгчдийн танхимд сонгогдож ажилласны дараа 1986 онд сенатын гишүүн болсноор 30 жил тасралтгүй ажиллажээ.

Энэ хугацаанд тэр хоёр удаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдсөн ч ялалт байгуулаагүй юм.

Жон Маккэйн нийт 58,000 Америк цэрэг, 3 сая гаруй Вьетнам хүн амь үрэгдсэн энэхүү дайныг насан туршдаа зөвтгөн өмгөөлж ирсэн.

Гэхдээ тэр бас АНУ-Вьетнамын харилцааг хэвийн болгох үйлсэд чухал хувь нэмэр оруулж, хоёр орон 1995 онд дипломат харилцаа тогтоож байсан юм.

Маккэйн хэд хэдэн удаа Вьетнамд зочилж, өөрийн хоригдож байсан “Ханой Хилтон”-д очиж, өөрийг нь харгалзаж байсан вьетнам хүнтэй уулзаж байсан гэдэг.

 

Эх сурвалж: Business Insider