Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Саатуулагдсан япон жуулчныг суллан буцаах болсноо Хойд Солонгос зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Саяхан Хойд Солонгост аялж яваад баривчлагдсан Японы жуулчныг хүмүүнлэгийн шалтгаанаар суллан явуулах болсноо Пёньяны төв мэдээллийн агентлаг өчигдөр буюу Ням гарагт зарлажээ.

Японы иргэн Томоюки Сугимотог хууль зөрчсөн шалтгаанаар баривчлан саатуулаад байсныг суллахаар болсныг уг мэдэгдэлд дурдсан байна.

39 настай Сугимотог Японы Шига мужийн оршин суугч, видео зураглаач мэргэжилтэй гэдгийг энэ сарын эхээр Токиогийн албаны хүмүүс мэдээлж байв.

Тэрээр Хойд Солонгосын баруун эргийн Нампо хотод бүлэг жуулчдын хамт аялж яваад тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан гэдэг.

Тус хот нь Хойд Солонгосын томоохон боомт, хөлөг онгоцны болон пуужингийн үйлдвэр байдаг газар.

“БНАСАУ-ын холбогдох байгууллагууд хүмүүнлэгийн шалтгаанаар түүний хууль зөрчсөн явдлыг өршөөн хэрэгсэхгүй болгож, нутаг буцаахаар боллоо” гэж KCNA (Korea Central News Agency) агентлагийн мэдээнд өгүүлжээ.

Саяхнаас Хойд Солонгосын дэглэм цөмийн зэвсгээ хураалгахаар АНУ-тай хэлэлцээр хийж эхэлсэнд Японы эрх баригчид сэжиглэнгүй хандаж байгаа.

Мөн Японы ерөнхий сайд Шинзо Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг хэлэлцэхээр Ким Жон Унтай анхны уулзалтыг хийх гэж оролдож байгаа ч үр дүнд хүрээгүй байна.

Хойд Солонгосын дэглэм АНУ, Өмнөд Солонгостой эхлүүлсэн шигээ эерэг харилцааг Японы талтай үүсгэлгүй, хатуурхсан хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: Japan Times