Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Стив Жобсын сүүдэртэй талыг дэлгэсэн дурсамж номыг түүний “гологдсон охин” бичжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Лиза Бреннан Жобс

Apple компанийг үүсгэн байгуулагч, домогт бизнесмэн Стив Жобсын амьдралын сүүдэртэй талыг илэн далангүй харуулсан дурсамж номыг түүний охин Лиза Бреннан Жобс бичжээ.

Одоо 40 настай Лизагийн бичсэн “Small Fry” нэртэй ном есдүгээр сарын 4-нд худалдаанд гарах юм.

 

Жобсыг 2011 онд хорт хавдраар нас барсны дараахан охин нь уг номыг бичихээр ажиллаж эхэлжээ. Стив Жобс нь түүний эх Крисан Бреннантай 1970-аад оны үед 5 жилийн турш салж, нийлэн амьдарсны эцэст Лиза мэндэлсэн юм.

Хэдийгээр эцэг тогтоох шинжилгээний дүн баталж байсан ч Жобс охиноо хүлээн зөвшөөрөхгүй, тэтгэмж төлөхөөс татгалзаж байсан гэдэг.

Гэхдээ шүүхийн шийдвэр гарсны дараа Жобс сар бүр $385, сүүлд $500-г төлдөг болж, 18 нас хүртэл нь эрүүл мэндийн даатгалыг нь төлжээ.

Энэ үед Стис Жобс хэдийгээр олон саяын хөрөнгөтэй болоод байсан ч Лизагийн бага насны амьдрал хүнд хэцүү өнгөрсөн тухай бичсэн байна. Тухайлбал тэр 7 нас хүртлээ 13 удаа ээжийнхээ хамт орон гэрээсээ хөөгдсөн нь байрны төлбөрөө төлж чадахгүй байсантай холбоотой.

Тухайн үед ээж нь Жобсоос орон байр гуйж байсан ч Apple-ийн босс огт зөвшөөрөлгүй өнгөрч байжээ.

Гэхдээ Лиза эцгийнхээ энэ бүх гэмийг нь өршөөж, нас барах хүртэл нь эргэж тойрдог байсан гэнэ. Тэр сүүлд эцгээсээ цөөн хэдэн саяар хэмжигдэх хөрөнгийг өв залгамжилж авсан байна. Талийгаач Жобсын ихэнх хөрөнгө болох $20 тэрбумыг түүний сүүлд гэрлэсэн эхнэр Лорен Пауэл Жобс өвлөж авсан юм.

1983 онд Жобс түүхэнд бичигдсэн персональ компьютер зохион бүтээж, худалдаанд гаргаснаа LISA гэж нэрлэсэн байдаг. Энэ нь түүний охины нэр үү, эсвэл “Local Integrated Software Architecture” хэмээх нэрний товчлол уу гэсэн маргаан олон жил яригдсан. Тэгвэл Жобс үнэхээр охиныхоо нэрийг өгснөө сүүлд U2 хамтлагийн ахлагч Бонод хэлж байжээ.

Гэхдээ Лиза эцгийгээ дэндүү шударга нэгэн байсан, түүний энэ хатуу зан чанар амьдралд нь чухал сургамж болсныг саяхан Нью Йорк Таймс сонинд ярьжээ.

 

Эх сурвалж: Quartz