Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын нэртэй улстөрч, сенатор Жон Маккайн 81 насандаа таалал төгслөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын дайны баатар, сенатор, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Жон Маккайн хэдхэн цагийн өмнө 81 насандаа таалал төгссөнийг албан ёсны төлөөлөгч нь мэдээллээ.

Тэр тархины хорт хавдартай болсныг 2017 оны долдугаар сард эмч нар анх илрүүлж байсан юм.

Хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байсан Маккайн өнгөрсөн Баасан гарагт эмчилгээгээ зогсоохыг хүссэн тухай гэр бүлийнхэн нь мэдээлж байв.

Нийт 6 удаа сенатороор сонгогдож, 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшиж байсан Маккайны зүүн нүдний дээд хэсэгт хуримтлагдсан цусыг авах мэс засал хийсний дараа эмч нар хорт хавдар туссаныг нь илрүүлж байжээ.

Маккайн бол үе дамжсан цэргийн хүн, түүний эцэг, өвөг эцэг нь тэнгисийн цэргийн адмиралууд байсан. Маккайн өөрөө Вьетнамын дайны үед нисгэгч байжээ.

Түүний онгоц суманд оногдож, унасны дараа Вьетнамчуудад олзлогдож, 5 жил гаруй хугацааг шоронд өнгөрөөсөн юм.

Жон Маккайн нь хоригдож байхдаа хатуу эрүү шүүлт тулгуулж байсны улмаас тахир дутуу болсон хүн ажээ.

 

Эх сурвалж: BBC