Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Японы тамирчин Рикако Ике 8 медаль зүүж Азийн Наадмын дээд амжилтыг давтлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Индонезид зохион байгуулагдаж байгаа Азийн Спортын 18 дугаар Наадмын усанд сэлэлтийн тэмцээнүүд өчигдөр өндөрлөлөө.

Японы усан спортын залуу од, 18 настай Рикако Ике өнгөрсөн долоо хоногийн турш 6 алтан медаль, 2 мөнгөн медаль зүүж Азийн Наадмын түүхэнд нэрээ бичүүллээ.

Тэр нэг наадмаас 8 медаль зүүсэн амжилтаар 1982 онд Хойд Солонгосын буудлагын тамирчин Со Гин Маны тогтоосон дээд амжилтыг давтаж байна.

Тэр бас нэг удаагийн Азийн Наадмаас хамгийн олон медаль зүүсэн эмэгтэй тамирчнаар тодорч байгаа юм.

Өчигдөр буюу Баасан гарагт Ике 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүлж, 6 дахь алтан медалиа зүүсэн байна.

Энэ удаагийн Азийн Наадмын усанд сэлэлтийн тэмцээнүүдэд Япон, Хятадын тамирчид тус бүр 19 алтан медаль зүүж тэнцлээ. Гэхдээ нийт медалийн тоогоор Япон 52, Хятад 50 медаль хүртэж, Япончууд илүүрхжээ.

Тэдний дундуур зөвхөн Сингапурын Жозеф Скулинг эрвээхэй сэлэлтийн 2 алтан медаль, Өмнөд Солонгосын Ким Сё Ён эмэгтэйчүүдийн 200 метрийн холимог уралдаанд нэг алтан медаль хүртэж завсар гаргасан юм.

Хятадын супер од Сүн Ян тэмцээний дараа “Хятад, Японы өрсөлдөөн дуусах болоогүй. Энэ тулаан 2020 оны Олимпийн наадмаар үргэлжилнэ. Бид энэ наадмын алдаанаасаа суралцах болно” хэмээн ярьжээ.

Тэр энэ наадмаас 4 алт, 2 мөнгөн медаль хүртсэн юм.

 

Эх сурвалж: Japan Today