Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Испаний засгийн газар дарангуйлагчийн шарилыг бунхнаас гаргаж оршуулахыг дэмжлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Испаний засгийн газар дарангуйлагч асан Франциско Франкогийн шарилыг Мадридын ойролцоох бунхнаас гаргах шийдвэрийг дэмжлээ.

Ингэснээр 1975 онд нас барсан дарангуйлагчийн иргэний дайны үеэр үйлдсэн харгислалыг ил болгоход нэг алхам ойртож байна.

Олон жил маргаантай байсан асуудлыг шийдсэнээр Франкогийн шарилыг энэ оны сүүлээр бунхнаас гаргаж оршуулах төлөвтэй боллоо. Генерал Франкогийн гэр бүл, үр хүүхэд нь засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн байна.

Шийдвэрийг эсэгүүцэгчид ингэснээр олон сая Испаничуудын сэтгэлд үлдсэн шархыг хөндөхөөс өөр үр дүнгүй гэж шүүмжилж байгаа юм.

Франкогийн дэглэмийн үед түүнийг эсэргүүцэгч 140,000 орчим хүнийг цаазалж, ямар ч нэр хаяггүй бөөнөөр нь булшилсан гэдэг. Хамгийн сүүлийн ийм ажиллагаа 1975 онд хэрэгжиж байв.

Франког нас барсны дараа Испанийг ардчилсан нийгэмд саадгүй шилжүүлэхийн тулд улс төрийн хүчнүүд иргэний дайны үеийн гэм нүглийг нь хөндөхгүй байхаар тохирсон юм.

Гэвч сүүлийн жилүүдэд иргэний дайны хохирогсдын үр хүүхдүүд үнэн зөвийг тогтоож, буруутай этгээдүүдийг шүүхийг шаардаж эхэлжээ.

Германд Гитлер болон бусад нацистуудад хүндэтгэл үзүүлэх нь гэмт хэрэгт тооцогддог бол Испанид Франциско Франкогийн дурсгалыг хүндэтгэх үндэсний сан хүртэл байдаг юм.

Генералын шарилыг шилжүүлэх ажиллагааг нууцаар зохион байгуулахаар төлөвлөж, хаана оршуулахыг нь хүртэл нууцалж байна. Энэ нь олон нийтийн зүгээс ямар нэг сөрөг үйлдэл гарахаас болгоомжилсон хэрэг ажээ.

Мөн засгийн газар Франкогийн гэр бүлийнхнийг 15 хоногийн дотор саналаа илэрхийлэх хугацаа өгсөн байна. 

 

Эх сурвалж: The Guardian