Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний цорын ганц Африк түнш Бээжинд “үгүй” гэж хэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Тайваньтай дипломат харилцаатай Африк тивийн цорын ганц улс нь хуучнаар Свазиланд буюу шинэ нэрээр эСватинигийн хаант улс юм.

Өчигдөр энэ улсын эрх баригчид Тайваниас дипломат харилцаагаа таслах бодолгүй гэдгээ мэдэгджээ.

Тайвань улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон ердөө 17 улс үлдээд байгаа нь бүгд Төв Америк, Номхон далайн жижиг улсууд юм.

Өнгөрсөн Мягмар гарагт Сальвадор улс Тайваниас татгалзаж, Бээжинтэй дипломат харилцаа тогтоосон нь энэ онд харилцаагаа арлаас эх газар руу шилжүүлсэн гурав дахь улс болж байна.

Ирэх сард Бээжинд болох Хятад, Африкийн удирдагчдын чуулганы өмнө Африк тивд үлдсэн Тайваний цорын ганц түншид Хятадаас шахалт үзүүлж эхэлсэн тухай дипломат эх сурвалжууд мэдээлжээ.

Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Чэн Шядон энэхүү чуулганы талаар мэдээлэл хийхдээ “Африкийн бүх улс үндэстэн нэг нь ч хоцролгүй Хятад-Африкийн хамтын ажиллагаанд оролцож, нэгдээсэй гэж бид хүсдэг. Энэ бол ганц Хятадын хүсэл биш, Африкийн улс орнуудын нийтлэг хүсэл сонирхол юм. Уг зорилт ойрын үед хэрэгжинэ гэдэгт би итгэж байна” хэмээн ярьсан байна.

Харин үүний дараа эСватинигийн гадаад хэргийн сайд Мгвагва Гамедзе тус улс Хятадтай харилцаа тогтоох бодолгүй байгааг сэтгүүлчдэд мэдэгджээ.

Тайваньд айлчилж байгаа Гамедзе “Тэд бидний толгойг эргүүлэх гээд хэрэггүй. Учир нь бид Тайваньтай 50 гаруй жил түншилж байна. Тайвань улс манай улстай сайн харилцаатай байгаа тул бидэнд түншээ солих хэрэгцээ алга” гэж хэлсэн байна.

эСватинигийн байр суурь хөдөлшгүй хатуу байгааг Тайваний гадаад хэргийн сайд Жозеф Ву саяхан хэвлэлийн хурал дээр мөн мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Reuters