Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung Galaxy Note 9-ийг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Нью Йоркийн Брүүклинд Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани аварга том хэмжээтэй ухаалаг гар утасныхаа сүүлийн загварыг танилцууллаа. Энэ бол мэдээж Galaxy Note 9 байсан юм.

Уг бүтээгдэхүүний гадна тал өмнөх загвараасаа бараг ялгарахгүй ч дотоод эд анги нь маш их өөрчлөгджээ.

Үнэ нь $1,000-аас эхэлж байгаа Galaxy Note 9-ийн урьдчилсан захиалга өнөөдөр эхэлж, наймдугаар сарын 24-нөөс худалдаалагдахаар болсон байна.

АНУ-ын зах зээлд цайвар хөх, ягаан хоёр өнгөтэй гарах бол бусад улс орнуудын зах зээлд хар болон зэсэн улаан өнгө нэмэгдэх гэнэ.

Үүнийгээ Самсунг Америк хэрэглэгчдийн таашаалыг судалсны үндсэн дээр шийдсэн гэж тайлбарлажээ.

Гаднаасаа ялгарах зүйл бараг байхгүй ч ноднингийн Galaxy 8-аас 0.1 инчээр том болсон нь 6.4 инчийн өндөр нягтралтай AMOLED дэлгэцтэй болсных юм. Ар талдаа 12 мегапикселийн хос камертай болсон нь энэ оны эхээр гарсан Galaxy S9-ийнхтэй адилхан болжээ.

Харин дотор талдаа жинхэнэ томоохон өөрчлөлтүүдийг хийж, хэрэглэгчдэдээ мобайл компьютерийн чадлыг мэдрүүлэхийг Самсунг зорьсон байна.

Тухайлбал 4,000 mAh баттерейг багтаасан нь өмнөх загварын 3,300 mAh-ийг нэлээд томсгосон гэсэн үг. Ийм баттерейтэй гар утас бүтэн өдөр нэг цэнэглэлтээр ажиллаж чадна гэж Самсунг мэдээлсэн байна.

Мөн энэ бүтээгдэхүүн 128 GB-ийн хадгалах байгууламжтай, SD картны 1TB хүртэл өргөтгөх боломжтой үүрийг агуулжээ. 512GB-ийн хувилбар бас гарч байгаа гэнэ.

Санах ой 6GB болсон нь өнөөдрийн байдлаар түүнийг хамгийн их багтаамж бүхий санах ойтой гар утаснуудын тоонд оруулж байна.

Өөр нэг давуу тал нь Galaxy Note 9-ийн хэрэглэгч дэлхийн тоглоомны ертөнцийг байлдан дагуулж байгаа Fortnite тоглоомын хувилбаруудыг бусад бүх Андроид утаснуудаас түрүүлж авахаар болсон байна.

Galaxy Note 9 загвар уламжлал ёсоор S Pen үзэгтэй бүтээгджээ.

Уг үзэг нь өөр өөр үүрэг гүйцэтгэхээр зориулалтаа сонгодог тусгай товчтой юм. Тухайлбал камерны хувьд энэ нь зайнаас зураг авдаг удирдлага болох бол PowerPoint дээр илтгэлийн үед хуудас эргүүлэх удирдлага болох гэнэ.

Бас нэг дэвшил нь Galaxy Note 9-ийг энгийн USB-C to HDMI хувиргагч ашиглан дэлгэцэнд залгаж ширээний компьютер болгох боломжтой болжээ. Уг хувиргагчийг Самсунг $50-оор үнэлж байгаа ч зах зээл дээр илүү хямд сонголт олон бий.

Шинэ бүтээгдэхүүн нь нэгэн зэрэг долоон Bluetooth төхөөрөмжтэй холбогдож чадах тул гар, хулгана, чихэвч зэргийг залгах боломжтой.

Нэг үгээр хэлбэл Galaxy Note 9 нь жинхэнэ утгаараа мобайл компьютерийн үүргийг гүйцэтгэж чадах бүтээгдэхүүн болжээ.

 

Эх сурвалж: Quartz