Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батгэрэл: Өсвөр насныхан элэгний вирусийн шинжилгээнд хамрагдахгүй байгаа нь санаа зовоож байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Хаппи Веритас" оношлогооны төв анх 2008 онд элэгний вирус тоолж эхэлсэн бөгөөд энэ жил 10 жилийн ой нь тохиож байгаа аж. Ойн хүрээнд энэ сарыг дуустал "Хаппи Веритас" төвөөс элэгний үрэвслийн асат, алатын шинжилгээг үнэ төлбөргүй хийх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өөрсдийнхөө эрүүл мэнддээ хариуцлагатай байхгүй бол өвчлөл их, өртөг нь ч өндөр байна

"Хаппи Веритас" төвийн дэд захирал Г.Батгэрэл " Хоёр жилийн өмнө бид 30 гаруй мянган хүнд элэгний В,С вирусийн илрүүлгийн шинжилгээг мөн үнэ төлбөргүй хийж байсан. Тэр үед огтхон ч оюутан, залуучууд ирээгүй нь харамсалтай. Өсвөр насныхан элэгний вирусийн шинжилгээнд хамрагдахгүй байгаа нь их санаа зовоож байна. Саяхан манай төвд 10 настай хүүхэд шүдээ авхуулснаас болоод С вирусийн халдвар авсан тохиолдол ч гарсан. Энэ талаар мэдлэг нь дутмаг байгаа учир халдвар их авч байна. Тиймээс эрсдлээ сайн мэдэж байх хэрэгтэй. Элэгний В, С вирус илрээгүй тохиолдол тун ховор байна. Өөрсдийнхөө эрүүл мэнддээ хариуцлагатай байхгүй бол өвчлөл их, өртөг нь ч өндөр байна.

Дөнгөж төрсөн хүүхдүүдэд 2000 оноос хойш 15-16 жилийн баталгаатай элэгний В вирусийн эсрэг вакцин хийсэн байдаг. Харин хүүхэд чинь 16 нас хүрмэгц  дахин шинжилгээнд хамруулж, вакцинжуулах ёстой" гэв.

Асат, алатын шинжилгээг 12:00 цаг хүртэл авна

"Хаппи Веритас" төвийн Лабораторийн эмч Д.Нямаахүү " Алат, Асат шинжилгээ нь хепатит вирусээс шалтгаалж байгаа элэгний үрэвслийн хамгийн чухал шинжилгээ юм. Алат нь элэгний эс дотор агуулагдаж байдаг ба элэгний эсийн үрэвслийн үед цусруу маш их хэмжээгээр ялгардаг. Асат нь элэгний эсээс гадна зүрх, булчин,бөөрний эсүүдэд байдаг учир энэ хоёрыг үзэж байж хоорондын хамаарлаар нь элэгний үрэвслийг тодорхойлдог.

Хаппи Веритас төв дээр очхоосоо өмнө эхлээд элэгний В, С вирусийн илрүүлгийн шинжилгээг өөрсдийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрээ хийлгэж, тодорхойлуулсан байх шаардлагатай. Мөн шинжилгээ өгөхдөө өлөн байх ёстой учир 12:00 цаг хүртэл шинжилгээ авна" гэлээ.

ДЭМБ-ын гаргасан судалгаанаас харахад Монгол Улсын хүн амын дунд зүрх,судасны өвчлөл хамгийн их буюу 10 мянган хүн тутамд 15.6 хувь, тархины судасны өвчлөл 13.9 хувь байдаг бол элэгний хатуурал болон элэгний өвчнөөс болсон нас баралт маш давамгайлж байна.

С вирусаар ахимаг насны хүмүүс голчлон өвдсөн байдаг бол В вирусийн халдварыг залуучууд авсан байх нь их тохиолдож байна. Мөн Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс хийсэн судалгаагаар Монголын нийт хүн амын 40 орчим хувь нь В,С вирусийн халдвартай гэж гаржээ.