Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Элэгний вирусыг 90 минутанд илрүүлж, тоолох шинэ төхөөрөмж нэвтэрлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн хепатитын ѳдрийг тохиолдуулан элэгний B, C вирусын РНК, ДНК-г тоолох хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашиглах болсон талаар мэдээлэл өглөө.

Монгол улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр 2.8 орчим тэрбум тѳгрѳгийн үнэтэй төхөөрөмжийг оруулж ирж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Оном сангийн ТУЗ-ын дарга  ШУ-ны доктор Д.Наранбаатар "Дэлхийн түвшинд элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Бусад орнуудад энэ чиглэлээр зохиогдож байгаа үйл ажиллагаатай харьцуулвал Монгол Улс манлайлалд явж байгааг дуулгахад таатай байна. Тиймээс энэ жилийн дэлхийн хепатитын ѳдрийг ДЭМБайгууллага Монгол Улсад зохион байгуулж байна.

Элэгний B, C вирусын РНК, ДНК-г тоолох 50 ширхэг аппарат өнөөдөр Монголд орж ирлээ. Энэ нь хөдөө орон нутгаас шинжилгээний дээж тээвэрлэхгүйгээр сумандаа шинжилгээ хийх боломжийг олгож байгаа гэдгээрээ давуу талтай. Аппаратууд нийт 2.8 орчим тэрбум тѳгрѳгийн ѳртѳгтэй бөгөөд Монгол Улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр Оном сан, АНУ-ын Сейпхейд корпорацитай хамтран оруулж ирсэн. Төр Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр дээр маш сайн хэрэгжиж байгаагийн илрэл энэ юм.

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд элэгний B,C вирусын шинжилгээг эрүүл мэндийн даатгал хариуцаж жилд хоёр удаа үнэ төлбөргүйгээр 26 лаборторид хийдэг. Гэвч үүний хоёр нь л хөдөө орон нутагт байдаг учир хөдөө орон нутгийн иргэд шинжилгээнд хамрагдаж чаддаггүй. Харин энэ төхөөрөмжийн тусламжтайгаар бид бүх аймаг сумдаар явж, тухайн иргэдийг шинжилгээ, эмчилгээнд хамруулна. Үүний тулд иргэд эрүүл мэндийн даатгалдаа хамрагдах хэрэгтэй" гэв.

Cepheid GeneXpert гэх энэ төхөөрөмж нь дэлхийн зах зээлд нэг нь 25-27 мянган ам.долларын өртөгтэй байдаг байна. Мөн бусад тэргүүлэгч зэргийн төхөөрөмж, нарийн мэргэжлийн лобараторид таван цагийн турш хийдэг шинжилгээг энэхүү аппарат 90 минутын дотор сумын эмнэлэгт хийх боломжийг бүрдүүлж байгаа аж.

Энэхүү аппратаар шинжилгээ хийж, оношлоход 90 минут л шаардлагатай

Элэгний төвийн судлаач О.Одгэрэл "Энэхүү аппратаар шинжилгээ хийж оношлоход 90 минут л шаардлагатай. Өөрөөр хэлбэл тухайн өвчтөнийхөө хажууд  шинжилгээний хариу гарах боломжтой гэсэн үг.  Энэ зөвхөн элэгний C вирусыг тоолох биш бусад D, B вирус, ДОХ-ын шинжилгээ болон умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг хөхөнцөр вирусыг ч оношлох боломжтой.

Бусад бүрэн автомат оношлогооны аппарат хамгийн багадаа дөрвөн цагт оношлогоо хийдэг. Харин энэ аппаратны хувьд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи. Практик дээр хүмүүсийн шинжилгээний дээж солигдох бохирдох асуудлууд гардаг. Харин энэ технологи нэвтэрснээр тэр асуудлууд  байхгүй болох юм" гэв.

Монгол Улсад элэгний B, D вирусын халдвартай 140 мянган хүн байдаг бөгөөд тус вирус нь элэгний бусад төрлийн вирусээс хамгийн хүнд хэлбэр нь болдог байна. Тиймээс нас баралт өвчлөлд маш хурдан хүргэдэг, эмчилгээний хувьд ганцхан төрлийн тарианаас өөр эм тариа байдаггүй аж.