Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Төрбат: Зээлийн сөрөг мэдээллийг мөнгөөр засах ямар ч боломжгүй

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг

Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн сөрөг мэдээлэлтэй 14,170 иргэний мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлээд байгаа. Үүнд нэг удаагийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй иргэдийг хамруулсан юм.

Энэ талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч Д.Төрбаттай ярилцлаа.

-Зээлийн мэдээллийн сангаас 14,170 иргэний мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлсэн. Өнгөрсөн гуравдугаар сард 41,000 иргэний мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлж байсан. Энэ арга хэмжээ цаашид үргэлжлэх үү?

-Монголбанк иргэдийн банк санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 1-нд тодорхой болзлыг хангасан, хугацаа хэтэрсэн түрээсийн зээлтэй иргэдийн мэдээллийг хэвийн болгож өөрчилсөн. Үүнд, 14,170 иргэнийг хамруулаад байна. Монголбанк өнгөрсөн жил 25,621, энэ оны гуравдугаар сард 41,085 иргэнийг хамруулж санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангасан. Монголбанкнаас хэрэгжүүлсэн арга хэмжээг маш олон иргэн талархаж хүлээн авсан.

Монголбанкны зээлийн мэдээллийн сан нь иргэд, аж ахуйн нэгжийг санхүүгийн хариуцлагатай байлгахад нөлөөлдөг чухал хөшүүргүүдийн нэг хэрэгсэл болж, зорилгоо хангалттай биелүүлж байгаа. Монголбанкны зүгээс иргэдийн зээлийн мэдээллийн түүхэнд өөрчлөлт оруулах арга хэмжээ нь цаг үеийн шинж чанартай.

Иймээс Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, эдийн засаг тогтворжих хандлагатай байгаа учраас Монголбанк ийм төрлийн арга хэмжээнээс зайлсхийх болно гэдгийг иргэд сайн тунгааж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээл болон бусад санхүүгийн үйлчилгээ авахдаа эрсдэлээ маш сайн тооцсон төлөвлөгөө, зорилготой байх, авсан зээлээ хугацаанд нь эргүүлэн төлдөг санхүүгийн сахилга бат, хариуцлагаа дээшлүүлэхийг уриалж байна. Товчхондоо энэ арга хэмжээг жил болгон авна гэж ойлгож болохгүй.

-Зээлийн мэдээллийн санд сөрөг мэдээлэлтэй хэчнээн иргэн байдаг вэ?

-Үүн дээр тоо гаргах боломжгүй. Ер нь иргэд, аж ахуйн нэгж зээл авчхаад хугацаандаа төлөх ухамсар, соёл, санхүүгийн сахилга бат, хариуцлага сүүлийн жилүүдэд чамлалтгүй сайжирсан гэж боддог.

Иргэд аж ахуйн нэгж зээлийн сайн түүхтэй болохыг эрмэлздэг болсон нь мэдрэгддэг. Манай Зээлийн мэдээллийн санд хандаж маш олон иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн ангилалд орсон зээлийн мэдээллээ засуулахаар хандах болсон нь үүний баталгаа юм. Одоо үед Зээлийн мэдээллийн сан гэж юу байдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хүмүүс сайн мэддэг болсон. Хэрвээ сөрөг мэдээлэлтэй бол зээл авахад хүндрэлтэй гэдгийг иргэд ойлгож эхэлсэн.

Манай мэдээллийн санд зээл авсан бүх иргэд, аж ахуйн нэгжийн мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар Монголбанкны Зээлийн мэдээллийн санд мэдээллээ нийлүүлдэг, зээл, түрээс болон санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг 600 орчим байгууллага байна.

-Зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байдаг вэ?

-Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн боловч зээлийн эргэн төлөлт ойролцоогоор 92-94 хувьтай байдаг.

-Хамтран зээлдэгч болоод хохирсон иргэд маш их байдаг. Тэдгээр иргэдийг харж үзэх асуудал байдаг уу?

-Хамтран зээлдэгчдийг шууд хохирдог гэж хэлмээргүй байна. Тэд үндсэн зээлдэгчээсээ болж заримдаа асуудалд ордог. Учир нь хамтран зээлдэгч өөрөө зээл авлаа гэхэд орлогын хэмжээ болон барьцаа хөрөнгө хангалтгүй тохиолдол гарна. Ингээд хамтран зээлдэгчээр ороод үндсэн зээлдэгчдээ сөрөг нөлөөлөл үзүүлдэг тохиолдол бий. Ер нь үндсэн зээлдэгч зээлээ төлж дууссаны дараа хамтран зээлдэгчийн мэдээлэл автоматаар мэдээллийн сангаас хасагддаг гэж ойлгож болно.

Түүнчлэн тухайн иргэн хамтран зээлдэгчээс татгалзах боломжтой. Жишээ нь, та миний хамтран зээлдэгч боллоо гэж бодъё. Тухайн банкиндаа хандаад “Би хамтран зээлдэгчээр орохоо болилоо" гэдэг өргөдлөө гаргаад хасуулж болно.

-Иргэд зээлийн хар дансанд орчихлоо гэж ярьдаг. Тэгээд хар данснаас гарахын тулд янз бүрийн арга хэрэглэхээр оролддог юм шиг байна лээ. Үүн дээр та тайлбар хэлээч?

-Би хар дансанд ороод найдваргүй зээлдэгч болчихлоо гэж иргэд ойлгоод байдаг. Монголбанк хүмүүсийг найдвартай, найдваргүй гэж ангилдаггүй. Мөн ямар нэг хар данс хөтөлдөггүй. Иргэд Зээлийн мэдээллийн санг хар данс гэж буруу ойлгоод байгаа юм.

-Зээлийн мэдээллийн санд сөрөг мэдээлэл орсон тохиолдолд тэрийгээ хасуулж болдог юм уу. Хүмүүсийн дунд “мөнгө өгч хасуулна” гэсэн яриа байдаг юм билээ?

-Би энэ албанд томилогдоод таван жил болж байна. Энэ хугацаанд байнга энэ асуудал яригддаг. Мөнгөөр засаж, хасдаг асуудал огт байхгүй. Монголбанкны мэдээллийн санд мэдээлэл орсон л бол хэзээ ч алга болохгүй. Байж л байна. Харин мэдээллийг өөрчлөх шинэчлэх үйл ажиллаагаа өдөр дутам явагддаг. Үүний нэг жишээ гэвэл, Монголбанкнаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд авч хэрэгжүүлсэн дээр дурдсан арга хэмжээнүүд юм. Ер нь мэдээллийг өөрчлөх, шинэчлэх ажлыг мэдээлэл нийлүүлэгч буюу зээл олгогч, бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага өөрсдөө хариуцдаг.

Мөн хуулийн дагуу эдгээр байгууллага нь мэдээллийг үнэн зөв, алдаагүй нийлүүлэх ёстой. Нэмээд хэлэхэд хуульд зааснаар Монголбанкны Зээлийн мэдээллийн санд орсон иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг арван жил хадгална. Харин зээл олгогч болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь иргэд, аж ахуйн нэгжийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж болохоор хуульд заасан байдаг.

Жишээ нь, таны хугацаа хэтэрсэн зээл төлөгдөөд зургаан жил болчихвол банкууд энэхүү сөрөг мэдээллийг харж чадахгүй. Бүр тодруулбал, таны хугацаа хэтэрсэн зээл 2012 онд бүрэн төлөгдсөн байлаа гэж бодъё. Тэгвэл өнөөдөр таны энэ сөрөг мэдээлэл банкуудад харагдахгүй болно гэсэн үг. Гэхдээ Монголбанкны мэдээллийн санд арван жил хадгалагдана гэдгийг дахин сануулах нь зөв болов уу.

-Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэд ангилдаг вэ. Ямар ангилалд байвал санаа зовохгүй байж болох вэ?

-Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ын дагуу төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг ангилдаг.

Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоногт хэвийн, 90 хүртэл хоногт анхаарал хандуулах / хугацаа хэтэрсэн/, 91-180 хоногт хэвийн бус, 181-360 хоногт эргэлзээтэй, 361-ээс дээш хоногт зээлээ төлөөгүй байвал муу гэсэн ангилалд оруулдаг.

-Хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн, зээлийн сөрөг түүхтэй иргэд аж ахуйн нэгжид зээл олгож болохгүй гэсэн хууль, журам байдаг уу?

-Байхгүй. Харин тухайн зээл олгогч байгууллага нь зээлдэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдэлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг гаргана. 

-Зээлийн мэдээллийн санд орсон сөрөг мэдээллийг ямар тохиолдолд өөрчилж болдог вэ?

-Тухай иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой. Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судалж, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулна. Монголбанкинд даалгасан заалт бүхий шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулна.

-Танайд банкнаас гадна ямар, ямар байгууллагын зээлийн мэдээлэл хадгалагддаг вэ?

-Манай зээлийн мэдээллийн санд Мобиком, Юнител, Жи-Мобайл, Скайтел зэрэг оператор компаниуд холбогдсон. Монголын цахилгаан холбоо наадмын өмнө манайд холбогдох эрх авчхаад байна.

-Тухайн зээлдэгч өөрийнхөө мэдээллийг хаанаас асуух боломжтой вэ. Арилжааны банкуудаас асуухаар Монголбанкнаас асуу гэж хэлдэг гэсэн?

-Зээлдэгч нь харилцагч банкныхаа төвөөс эсвэл харилцдаг зээлдүүлэгч байгууллагаас өөрийн мэдээллээ асууж лавлах боломжтой. Мөн “Зээлийн мэдээллийн тухай" хуулиар Зээлдэгч жилд нэг удаа өөрийн мэдээллээ үнэ төлбөргүйгээр авах боломжтой болсон.

-Тухайлбал, иргэн Базар цалингийн зээлтэй байж. Гэтэл тухайн байгууллага ажилчдынхаа цалинг 1-2 хоног хоцроодог байсан нь тухайн иргэнийг найдваргүй гэдэг ангилалд багтах  шалтгаан болсон байна. Энэ нь хувь хүнээс шалтгаалаагүй нөхцөл байдал шүү дээ. Үүнийг өөрөөр зохицуулах боломж бий юу?

-Зээлийг зээлдүүлэгч байгууллага нь “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам’’-ын дагуу ангилал хийх үүрэгтэй. Тус журмын дагуу зээлийг хугацааны болон чанарын хучин зүйл буюу зээлдэгчийн төлбөрийн чадварыг үндэслэн ангилдаг бөгөөд зээлийг хэвийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй гэж ангилдаг. Чанаргүй зээл нь хэвийн бус, эргэлзээтэй, муу гэж ангилагддаг. Дээрх журмын хүрээнд 1-2 хоног төлбөрөө хоцроосон зээлийг чанаргүй зээл гэж үзэхгүй.

Түүнчлэн 1-2 хоног зээлдэгчээс үл хамаарах аливаа асуудлаас шалтгаалан төлбөрийг хоцроох тохиолдол гардаг. Үүнийг харгалзан үзэж сард хоёр удаа зээлийн ангилал хийх зохицуулалтыг тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, 1-2 хоног хоцроосон зээлийг найдваргүй зээлд ангилах боломжгүй юм. Харин зээлдэгч зээлийн төлбөрөө 90-ээс дээш хоногоор хоцроосон тохиолдолд зээлдүүлэгч байгууллага активыг ангилах журмын дагуу зээлийг чанаргүйд ангилах үүрэгтэй.

Зээлдүүлэгч байгууллага нь зээлийг ангилах үүрэг нь зээлдүүлэгчийн түүхэнд сөрөг мэдээ оруулах бус зээлээс үүсэж болох алдагдлаас урьдчилан сэргийлж тухайн зээлд нөөцийн сан буюу зээлийн эрсдэлийн сан бүрдүүлэх зорилготой байдаг.

-Иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Зээл болон бусад санхүүгийн үйлчилгээ авахдаа эрсдэлээ маш сайн тооцсон төлөвлөгөө, зорилготой байх, өөрийнхөө ирээдүйн орлогоо зөв бодитой тооцох, авсан зээлээ хугацаанд нь эргүүлэн төлдөг санхүүгийн сахилга бат, хариуцлагаа дээшлүүлэхийг зөвлөж, уриалмаар байна.

Зарим иргэд хуримтлал үүсгэж бизнес эрхлэхийн оронд үнэтэй хөдлөх хөрөнгө зээлээр авч байгаад, мөн амьдралынхаа боломжийг бүрэн хангаагүй байж, үнэтэй гар утас түрээсээр авч хэрэглэх гэх мэт сонин ойлгомжгүй жишээнүүд байна л даа. Эцэст нь хэн нэгэн танил, найз нөхөд, хамаатан садандаа өөрийн нэр дээр зээл авч өгөхгүй байх, бүр болохгүй бол хамран зээлдэгчээр орж байхыг зөвлөе.

Зураг