Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Америк эр нохойнд долоолгоод дөрвөн мөчөө алджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын иргэн, 48 настай Грэг Мантюфелд тохиолдсон зовлон гамшиг сүүлийн өдрүүдэд дэлхийн томоохон хэвлэлүүдээр бичигдэх болжээ.

Зургаадугаар сарын сүүлээр түүнд ханиад хүрсэн мэт шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлснээ дараа нь нүүр болон биед нь цус хуралт, хөхрөлт бий болж эхэлсэн тул эмнэлэгт хүргэгдсэн байна.

Удалгүй хөхрөлт нь маш хурдтай тархсан гэнэ. Мантюфелийн эхнэр “хэн нэг нь түүнийг бэйсболын цохиураар зодсон мэт” харагдаж байсныг хэвлэлд ярьжээ. Улмаар эмнэлэгт хэвтээд долоо хоноогүй байхдаа гар, хөлөө тайруулахаас өөр аргагүй болсон байна.

 

Эмч нар цусны шинжилгээ хийхэд түүний цусанд нохойнд байдаг үхлийн бактер нэвтэрсэн болохыг тогтоосон байна. Мантюфел нохойнд хайртай, гэртээ нохой тэжээдэг нэгэн юм.

“Capnocytophaga canimorsus” хэмээх нэртэй уг бактер нохой, муурны шүлсэнд байдаг ба хазуулсан тохиолдолд хүний биед халддаг байна.

Гэхдээ энэ халдвар маш ховорт тооцогддог. Харин Мантюфелийн хувьд хазуулаагүй, долоолгосны дараа халдсан нь ховрын ховор тохиолдол гэж эмч нар үзэж байна.

Баримтыг сөхвөл 1976 оноос хойш АНУ, Канадад хазуулалгүйгээр уг бактер халдсан 500 тохиолдол л бүртгэгдэж байжээ.

Одоо Мантюфелийн эмчилгээний зардал $30,000-ыг даваад байгаа тул гэр бүлийнхэн нь GoFundMe хуудсанд хандив цуглуулах аян эхлүүлсэн байна.

Насаараа нохойтой ойр байсан түүнд ийм ховор өвчин туссан нь гэр бүлийнхнийг нь гайхшруулж байгаа юм.

“Capnocytophaga canimorsus” бактерыг нохойнуудын 60 хувь нь тээж явдаг аж. Зарим анагаах ухааны бичиг баримтад уг бактериас үүдэлтэй халдварыг “үхлийн долоолт” гэж нэрлэдэг байна.

Одоо Мантюфелийн халдвар авч үхэжсэн биеийн хэсгүүдийг тайрах мэс засал үргэлжлэн хийгдэх гэнэ. Тэр эмч нарт хандаж “амь аврахын тулд хийх ёстой бүгдийг хий” гэж хэлснийг эхнэр нь ярьжээ.

 

Эх сурвалж: Independent