Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Видеонд үзүүлсэн хүн нь Сирид сураггүй болсон сэтгүүлч мөн гэж Японы засгийн газар мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хоёр хоногийн өмнө интернэтээр тарсан видео дүрсэнд 2015 онд Сирид сураггүй болсон сэтгүүлч Жүмпэй Ясудаг үзүүлсэн байх өндөр магадлалтайг Японы засгийн газар өчигдөр мэдэгджээ.

20 секундын видео бичлэгт нэгэн эрэгтэй өөрийгөө Өмнөд Солонгосын иргэн хэмээн япон хэлээр танилцуулж, тусламж хүссэн юм. Ясуда нь 2015 онд Сирийн дайныг сурвалжлахаар сайн дураар яваад жихадистуудад олзлогдсон гэдэг.

Өчигдөр Токиод болсон хэвлэлийн хурал дээр Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга “Японы иргэний аюулгүй байдлыг хангах нь манай засгийн газрын хамгийн том үүрэг юм. Бид иргэнээ аврахын тулд бүх арга хэрэгслийг ашиглах болно” гэж мэдэгджээ. Тэр Ясудагийн аюулгүй байдлыг бодолцон үүнээс илүү мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Дүрсэнд гарч буй хүн өөрийгөө Умару хэмээн танилцуулж, Өмнөд Солонгосын иргэн гэсэн нь ямар учиртайг хэвлэлүүд янз бүрээр тааварлаж байна.

Ясудагийн зураг хамгийн сүүлд 2016 оны тавдугаар сард интернэтэд нийтлэгдэж байжээ. Одоо түүнийг Аль Кайдагийн салбар гэгддэг Жабхат Фатах Аль Шам (Жабхат Аль Нусра ч гэдэг) бүлэглэл барьцаалж, $10 саяыг нэхэж байгаа гэсэн мэдээлэл бий.

Эх сурвалж: Japan Times