Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

С.Туул: Монголд шүдний өвчлөл аюулын түвшинд хүрээд байна

Үндэсний шуудан сонин
2018 оны 7 сарын 31
Үндэсний шуудан
Зураг зураг

ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” энэ сарын 17-28-нд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран Сэлэнгэ аймгийн долоон сум, гурван тосгоны 8,494 хүнд үнэ төлбөргүй шүдний эмчилгээ хийж, амны хөндийг нь эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлсэн байна. Багийн бүрэлдэхүүнд Герман болон Европын Холбооны бусад гишүүн орнуудаас нийт 26 шүдний эмч, туслагч нар ирж тусламж үзүүлжээ.

Монголд 12 дахь жилдээ тусламж үзүүлж байгаа “Хил хязгааргүй шүдний эмч нар” тусламжийн байгууллага нь Монгол Улсад давхардсан тоогоор нийт 47 аймаг 17 сумын 60 мянга гаруй иргэдэд шүдний эмчилгээ хийгээд байгаа юм.

Мөн тэд дэлхийн буурай хөгжилтэй арван орны орон нутгийн болон суурин 54 газарт нийт 50 гаруй суурин болон  явуулын шүдний эмнэлэг  байгуулаад байгаа аж. Улмаар эдгээр газарт Герман болон Европын Холбооны гишүүн орнуудаас шүдний өндөр нарийн мэргэжлийн эмч нар амралтын үеэрээ хувийнхаа зардлаар, очиж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийдэг юм байна. 

Энэ үеэр тус олон улсын тусламжийн байгууллагын дэд дарга С.Туул “Бид энэ жил Сэлэнгэ аймгийн есөн суманд ажиллалаа. Монголд шүдний өвчлөл аюулын түвшинд хүрээд байна. Орон нутгийн ард иргэдийн шүдний өвчлөл хот суурин газрын иргэдээс харьцангуй бага. Хөдөө орон нутагт шүдний эмнэлгийн хүрэлцээ дутмаг байдаг учраас бид орон нутаг руу түлхүү чиглэж үйл ажиллагаа явуулдаг. Бид өөрсдийнхөө хөрөнгөөрөө бүх материал, тоног төхөөрөмжөө авсан. Дэлхийд тэргүүлэх шүдний ломбоор монголчуудад үйлчиллээ. Энд нэг зүйлийг онцлоход, гадаадаас авчирсан шаардлагатай багаж, хэрэгсэл, материалаа гаалиас авахад маш хүндрэлтэй байсан. Тусалъя, дэмжье гэхээр төр засаг маань тус болохоосоо илүү хүндрэл учруулдаг. Гэхдээ бид томчууд, ялангуяа хүүхдүүдийн эрүүл ахуйн төлөө шаардлагатай үйлчилгээг чадах чинээгээрээ үзүүлээд ирлээ” гэв.

ХБНГУ-ын шүдний их эмч Клаудиа Хирзел “Монголчуудад ажиглагдаад байгаа зүйл нь эцэг, эхчүүд хүүхдэдээ шүдээ хэрхэн арчлах талаар зааж өгөхгүй  байна. Хүүхдэдээ сойз өгөөд орхичихдог. Хүүхдийнхээ  шүдийг сайн угаасан эсэхийг ч шалгадаггүй. Энэ нь өвчлөлийн нэг шалтгаан  болж байна. Герман Улсын хувьд хүүхдийг 18 нас хүртэл нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр шүдний эрүүл ахуйн талаарх мэдлэг мэдээллийг тогтмол сургалтуудаар дамжуулан олгодог. Мөн хүүхдийн шүдэнд 18 нас хүртэл нь шүдний цооролтоос  хамгаалсан түрхлэг түрхэж өгдөг” хэмээн ярилаа.

Хаалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын тусламжийн байгууллагын  дэд дарга С.Туулд  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардуулан  өглөө.

 

 

Зураг