Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмтсэн туяа эмчилгээний аппаратын суурийг солиход 200 мянган ам.доллар шаардлагатай

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, болон нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох багууллагын удирдлагууд өнөөдөр ХСҮТ-дээр үүсээд буй нөхцөл байдалтай танилцан ажиллалаа.  

Долоодугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагийн орчимд орсон усархаг борооны улмаас ХСҮТ-ийн өргөтгөлийн байрны зоорийн хэсэгт ус нэвтэрч, угсрахаар зэхэж байсан шугаман хурдасгуурт туяа эмчилгээний аппаратын суурь норсноос гэмтчихээд буй. Шинэхэн барьсан эмнэлгийн өргөтгөлд ийнхүү үерийн ус нэвтэрсэн шалтгааныг эхний ээлжинд тогтоохоор ажиллаж байна. 

"Туяа эмчилгээний аппаратууд лацтайгаа байгаа"

 
Гэрэл зургийг MPA.mn

ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн юуны өмнө мэдээлэл өгсөн юм. Түүний хэлснээр шугаман хурдасгуурт туяа эмчилгээний аппаратууд лацтайгаа байгаа бөгөөд угсарч эхлэхээр бэлтгэл ажил явагдаж байсан аж. Тус бункерийн онцлог нь цацраг идэвхтэй, хүчтэй туяа ялгаруулж, хүний хорт хавдрыг эмчилдэг. Тийм учраас бункерийн аюулгүй байдлын үүднээс туяаны цацраг гадагшаа гарахгүй байх ёстой. Туяа эмчилгээний аппарат бол ямар ч аюулгүй, зөвхөн цахилгаанд залгахад туяа ялгаруулдаг байна. Энэ аппарат ажиллаж байх явцад бункерийн өрөө битүү, хаалттай, гадагшаа туяа цацрах нөхцөлгүй байх учиртай аж. Одоогоор өрөөний хаалгуудыг хараахан хийгээгүй, бэлтгэл ажлыг хангаж байжээ. 

Гэтэл 10-ны өдөр орсон борооны улмаас хаалгаар дамжин шагайгаар татах түвшний ус орж исрэн байна. Үүний улмаас бункер руу ус нэвтрэн орж, 10 гаруй тоннын жинтэй тоног төхөөрмжийг барих ёстой механизм усанд автжээ. 

Аппаратыг нийлүүлэгч компани үйлдвэрлэгч Variаn компанитай ямар эд анги, юуг солих шаардлагатай талаарх тооцооллыг хараахан гаргаж дуусаагүй байгаа гэнэ. “Тоног төхөөрөмжийн угсралтыг хариуцаж, ашиглалтад авах ёстой инженер үйлдвэрлэгч компанийн инженертэй холбогдож асуухад хэрэв суурийг бүтнээр нь соливол 200 мянган ам.долларын өртөгтэй байсныг хэлсэн байсан. Харин ямар сэлбэг хэрэгслийг засаж, солихоос хэчнээн төгрөг шаардлагатай болох нь тодорхой болно” хэмээн тэрбээр хэлсэн юм.

“Эмнэлгийн гадна талбайг тохижуулахдаа ус зайлуулах шугам, шуудууг хийгээгүйгээс үүдсэн гэж үзэж байна”

 
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

Эрүүл мэндийн сайды хувиар долоодугаар сарын 9-ний өдөр Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээлэл авч, үер устай байх тул бэлэн байдлыг хангах үүрэг даалгавар авч, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн бүх байгууллагад албан даалгавар өгсөн. Долоодугаар сарын 11-нд хариуцлагатай жижүүр гаргаж ажилласан. Харин ХСҮТ-д болсон үйл явдал долоодугаар сарын 10-н буюу ажлын өдөр байсан. Харамсалтай нь ХСҮТ энэ талаарх мэдээллийг ЭМЯ-нд өгөөгүй. 

Олон нийтийн сүлжээгээр шуугиад байгаа шиг 400 мянган ам.долларын засвар хийх хохирол гараагүй. Австрийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр авсан долоон сая еврогийн тоног төхөөрөмж суурилагдаагүй байгаа. Туяаны хоёр аппаратыг тусгай зориулалтын нэг нэг өрөөнд суурилуулсан. Харин нэг өрөө нь хөлийн шагайгаар татсан усанд автсан.  

Төслийг хэрэгжүүлж байгаа Австрийн “Вамел инженеринг” компанийн ерөнхий менежертэй уулзсан. Үйлдвэрлэгч, АНУ-ын Varian компанийн ОХУ дахь салбараас инженер, техникийн ажилтнууд ирж ажиллана. Суурилагдсан сууринд гэмтэл учирсан эсэхийг үйлдвэрлэгчид, манай мэргэжлийн хяналтын байгууллагынхан тогтоож гаргана. 

Нийслэлийн ЗДТГ-аас эрүүл мэндийн байгууллагуудын гадна тохижилтыг хийсэн. ХСҮТ-ийн  гадна тохижилтыг хийхдээ урд хэсэгт нь зам хийсэн. Ингэхдээ ус зайлуулах суваг шуудуу хийгээгүйгээс үүдэлтэй борооны ус хонгил руу орж ирсэн. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улсын комисс хүлээж авахдаа суваг шуудуу байгаа, эсэхийг шалгах ёстой. Харамсалтай нь, тийм замыг хүлээж аснаас үүдэлтэйгээр ийм нөхцөд байдал үүслээ гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа. 

Тиймээс нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Барилгын хөгжлийн төв, нийслэлийн АЗХГ-т алдаа дутагдлуудаа яаралтай засах шаардлагыг ЭМЯ  хүргүүлсэн. Мэдээж хохирол юунаас үүссэнийг мэргэжлийн байгууллага тогтоох ёстой. 

“Ус зайлуулах шугам хоолойг тавих нь төвлөрсөн төсөвтэй холбоотой” 

 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр:

Үргэлжилсэн борооны улмаас зөвхөн ХСҮТ-ийн өргөтгөл биш, олон барилга байгууламжид асуудал үүсэж, шуурхай арга хэмжээ авч байгаа. Шалтгааныг тогтоохоор ЗДТГ Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Өнөөдрийн хувьд мэргэжлийн байгууллагууд шалтгааныг тогтоосны дараа бид байр суурь илэрхийлнэ. 

Өнгөрсөн онд Захирагчийн ажлын алба захиалагч болж зургаан эмнэлгийн гадна талбайг тохижуулан хүлээлгэж өгсөн. ХСҮТ-ийн орчны зам талбайг тохижуулж, авто машины зогсоолыг нэмэгдүүлж, орц, гарцыг сайжруулсан. Зургийн байгууллага, АЗХГ хяналт тавьж, Улсын комисс хүлээж авсан.  

Хамгийн гол бэрхшээл нь төсөв мөнгөний хүндрэл байдаг. Олон зам шинээр тавьж байгаа. Ус зайлуулах шугам хоолойг тавих нь төвлөрсөн төсөвтэй холбоотой. Зураг төсвийг гаргахдаа иж бүрэн төлөвлөх ёстой. Гэхдээ мэдээж байгаа төсөв хөрөнгөдөө багтааж хийнэ. Тохижилтын зургийг зурсан авторт Ерөнхий төлөвлөгөөний газраас үерийн усны суваг шуудууг зайлуулах чиглэлээр тодорхой зөвлөмж өгсөн байдаг. Зургийн авторууд төсөв нь хүрэхгүй байгаа урчаас бүрэн тусгагдаггүй нийтлэг дутагдал байна. 

ХСҮТ-ийн өргөтгөлийг гүйцэтгэж байсан хуучин компани анхнаасаа инженерийн шугам хоолойгоо төгс хийх ёстой. Тэрийгээ дутуу хийсэн болов уу гэсэн байр суурьтай байгаа. Мэргэжлийн байгууллагуудын нарийн дүгнэлтийг харах хэрэгтэй. 

450-500 сая ам.долларын өртөгтэй таван том тунель байгуулж чадвал Улаанбаатар  үерийн аюулаас холдоно

 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн АЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр: 

Усанд автахад замын үерийн ус орж ирсэн үү гэдгийг нотлох хэрэгтэй. Бид зургийн дагуу хяналтаа хийсэн. Үндсэн барилга маань үерийн усны системдээ үерийн усыг шүүрдэх худаг хийсэн байх ёстой. Тэр нь хийгдээгүйгээс болж ийшээ ус орж ирсэн байна. Тиймээс барилга дээр стандартын дагуу үерийн усны шүүрт худгийг хийгээгүй алдаа байна уу гэж харж байна. Гэхдээ мэргэжлийн байгууллага тогтоох байх. 

Улаанбаатар хотод үер ус гамшгийн хэмжээнд хүрч байна. Түр зуурын аадар бороо ороход хот тэр чигээрээ үусанд автаж байна. Зайсангийн чиглэлийн барилгуудын бүх хонгил үерт автсан байдалтай байгаа. Онцгой байдлын алба хаагчид ажиллаад явж байна. 

Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд таван том тунель, үерийн далангийн зураг байдаг. Тэр нь 450-500 орчим сая ам.долларын өртөгтэй. Тэр далангуудыг хийгээд бүрэн ашиглалтад оруулж чадвал үер усны аюулаас сэргийлэх боломжтой. 1960-1970 оны замууд бүгд үер усны шуудуугүй хийгдсэн. Харин шинээр хийгдэж байгаа замууд бүгд үерийн ус зайлуулах шугамтай хийгдэж байгаа. Энэ тал дээр нийслэл, Усны барилга байгууламжийн газар Засаг даргын нөөц хөрөнгөөс боломжоо шавхаад, аль болох үерийн ус зайлуулах ажлыг хийж байна. 

“Барилгыг байнгын ашиглалтад хүлээж авах Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын нэг ч байцаагч ордоггүй”

 
Гэрэл зургийг MPA.mn

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд:

Бид зам талбай, барилга угсралт, сантехник, өргөх механизм, цахилгаан гэсэн барилга дээр тавигддаг бүхий л чиглэлийн үзлэг, шалгалт хийж байгаа. Зөвхөн зоорийн давхарт үерийн ус яаж орсон зөрчлийг илрүүлэхээс гадна энэхүү шинэ барьсан өргөтгөлийн барилга чанарын хувьд ямар түвшинд хийгдсэн бэ гэдэг дээр дүгнэлт гаргаж өгнө.

Бид эхний үзлэгээ хийсэн. Одоо бичиг баримт болон захиалсан, захиалгын хяналтыг хийсэн, гүйцэтгэгч байгууллагуудын холбгдох албан тушаалтантай уулзах, зураг төсөвтэй тулгаж харах зэрэг олон ажил хийгдэж байгаа тул одоогоор эхний дүгнэлт хэлэх боломжгүй. Гэхдээ түргэн хугацаанд ажиллаж, Даваа гараг гэхэд дүгнэлтийг гаргаж өгнө

Улсын комисст мэргэжлийн хяналтын байгууллага орж ажилладаг гэсэн ойлголт нийгэмд байна. Барилгыг байнгын ашиглалтад хүлээж авах Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын нэг ч байцаагч ордоггүй. Харин 2016 онд Эрүүл ахуйн тухай хуулинд өөрчлөлт орсноор одооноос л эрүүл ахуйн байцаагчид орж эхэлж байгаа. 

"Бид батлагдсан зургийн дагуу л ажлаа гүйцэтгэж ирсэн"

 
Гэрэл зургийг MPA.mn

ХСҮТ-ийн өргөтгөлийн ажлын гүйцэтгэгч “Зүр констракшн” компанийн гүйцэтгэх захирал Ч.Гантулга: 

Бид батлагдсан зургийн дагуу л ажлаа гүйцэтгэж ирсэн. Барилгын ус зайлуулах суваггүй мэтээр яриад байна. Барилгатай холбоотой зүйл байхгүй. Ус сорох шахуурга байгаагүй гэж ярьж байна. Зурган дээрээ насос байгаагүй. Байсан ч энд үерийн ус зайлуулах шугам байхгүй учраас хаана ч хийх боломжгүй. 

Эмнэлгийн тохижилтын ажил хийхдээ хүнд даацын индүү явснаас болж гадна талд цөмөрсөн байгаа. Тэрийг бид дахиж засна. Өмнө нь гүйцэтгэж байсан компани зам талбай,  гадна хэсгийн ажлыг бүгдийг нь хийсэн гэж байсан. 

Мөн манайх зоорийн хэсэгт вакум хаалга хийж, ус нэвтрэхээргүйгээр хийгээд Улсын комисст хүлээлгэж өгсөн. Эмнэлгийнхэн өөрсдөө тоног төхөөрөмжөө оруулах гэж байгаа гээд вакум хаалгыг эвдэж авсан байсан. 


Ийнхүү холбогдох байгууллагууд байр сууриа илэрхийллээ. МХЕГ-аас мэдээлсэнчлэн нарийн дүгнэлт Даваа гарагт гарах нь.