Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үе үеийн төвбанкны удирдлагын хэн нь даалгавраа сайн биелүүлсэн бэ?

Б.Ану
2018 оны 7 сарын 23
iKon.MN
 

"Төв банкны  зорилго нь тогтвортой бага инфляци бөгөөд мөнгөний бодлогын хэрэгслүүдээ энэхүү зорилгод нийцүүлэн хараат бус байдлаар тодорхойлж байх шаардлагатай" гэж Монголбанк өөрийн зорилго ба хариуцлага хэсэгт тодорхойлжээ. 

Хэдийгээр Монголбанкны тухай хуулийн 4.1-т "Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" гэж заасан байдаг ч  төгрөгийн гадаад, дотоод тогтвортой байдлын чухам аль нь тодорхойлогдож байгаа нь бүрхэг байгаа бөгөөд гадаад тогтвортой байдалд төгрөгийн бусад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг, харин төгрөгийн дотоод тогтвортой байдалд ҮНИЙН ТОГТВОРТОЙ байдлыг ойлгодог гэдэг. 

Өөрөөр хэлбэл, төгрөгийн тогтвортой байдал нь гадаад валюттай харьцах ханшаас гадна нөгөө нэг том хүчин зүйл бол инфляцийн түвшин юм. 

Инфляци буюу хэрэглээний үнийн индекс нь бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөх, буурах үзэгдлийг хэлдэг. 

Өөрөөр хэлбэл, инфляци өсөх нь нийт ард иргэдийн халааснаас шууд авч буй татвар гэж ойлгож болно. 

Иргэдийн амьжиргаатай шууд холбоотой энэхүү үзүүлэлт тухайн улс үндэстний эдийн засгийн гол үзүүлэлт болж байдаг ч Монголбанкны зүгээс энэ жилийн инфляцийн түвшинг нэмэгдүүлж 8 хувьд зориод байгаа. 

Тэгвэл Монголбанкны энэхүү зорилт аль хэдийнээ биеллээ олж Улаанбаатар хотын инфляци 8 хувьд хүрээд байгаа бол улсынх 7.2 болжээ. 

"Инфляцид өнгөрсөн өвөл өвөлжилт сайнгүй байснаас үүдэн махны үнэ оны эхэнд хурдтай өссөн, цаашид махны үнэ өнгөрсөн оноос өндөр хэвээр хадгалагдаж, хүнсний инфляцийг нэмэгдүүлэхээр байна" гэж Монголбанкны инфляцийн тайланд дурдсан байна. 

Монгол Улсын хувьд инфляцийн нийлүүлэлт талаас хүчтэй нөлөөлөл үзүүлдэг бүтээгдэхүүнд мах, махан бүтээгдэхүүн, шатахуун зэрэг бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт нөлөөлсөөр ирсэн.  Шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад бүх бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэх магадлалтай. 

"Монголын нэг өрхийн сард хэрэглэдэг хүнсний зарим зардлыг дунджаар тооцож үзвэл 101.1 мянган төгрөгийг мах, махан бүтээгдэхүүнд, 60.9 мянган төгрөгийг гурил, гурилан бүтээгдэхүүнд, 38.8 мянган төгрөгийг сүү, сүүн бүтээгдэхүүнд зарцуулдаг" гэж Үндэсний Статистикийн Хорооны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд дурдсан бөгөөд  Монгол нэг өрхийн хэрэглээний зардлын хамгийн их дүнг мах, махан бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. 

Тиймээс ч нийт өрх нэн ялангуяа эмзэг, дундаж давхаргыг хамгаалахын тулд төв банкны өмнөх удирдлагууд зарим бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж инфляцийн нийлүүлэлтийн гаралтай нөлөөллийг бууруулж байсан билээ. Тодруулбал, Шатахуун, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байсан. 

Гэхдээ чөлөөт эдийн засгийн тогтолцоонд ийнхүү үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үгүйсгэгчид олон байдаг бөгөөд маргаантай сэдвийн нэг байсаар байна.  

Хамгийн их маргаан дэгдээдэг бүтээгдэхүүн гэхэд шатахууны жижиглэнгийн үнэ. Хэдийгээр төрөөс олон төрлийн хөнгөлөлтийг үзүүлдэг ч шатахууны үнэ нэмэгдсээр байна. 

График 1, Газрын тосны үнэ

 

Мөн л төв банкны өмнөх удирдлагын бодлогын үед шатахууны үнэ тогтвортой байснаар нийлүүлэлтийн гаралтай инфляци тогтмол бууж ирснийг статистик мэдээллээс харж болно. Харин эрэлтийн гаралтай инфляцийн бууралтад ипотекийн хөтөлбөр хэрэгжиж хуримтлал нэмэгдсэн, эдийн засаг ерөнхийдөө муудсантай холбон тайлбарладаг. 

Харин өнөө үед үнэ тогтворжуулах бодлого хэрэгжихгүйгээр одоогийн төв банк инфляцийн түвшинг хэрхэн барих, бууруулах нь сонирхол татаж буй. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ долоо хоногоос эхлэн Олон Улсын Валютын Сантай хамтран цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх тал дээр яриа хэлэлцээ хийж эхлэхээ өнөөдөр мэдэгдээд байна. 

Өөрөөр хэлбэл, цаашид махны үнэ нэмэгдэх, цалин нэмэх, шатахууны үнэ өсөх хандлагатай байгаа зэрэг инфляци нэмэгдэх гол суурь үндэслэлүүд хангагдах болоод байна. Энэ үед иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах үүднээс Төв банк ямар бодлого явуулах нь улам бүр сонирхолтой болоод байна.

Инфляцийн ханш гэх энэ чухал зүйлийг Монголын төв банкны үе үеийн удирдлагууд хэрхэн хангаж байсныг доорх графикаас харж болно. 

График 2, Инфляцийн түвшин

Нөгөө талд, Монголын бизнес эрхлэгчдийн зүгээс тулгамдаж байгаа гол асуудлын нэгээр зээлийн хүүг байнга нэрлэж ирсэн. Тиймээс ч Монголчууд сүүлийн хэдэн жил зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар ярилцаж, хэлэлцэж нийтээрээ хүсээд хүсээд хүрдэггүй зүйл гэдгийг ойлгосон.

Тэгвэл зээлийн хүү буурах хамгийн суурь нөхцөл бол инфляци буурах. 

Монголбанкнаас зарласан Зээлийн хүү бууруулах 2018-2023 оны стратеги гэх баримт бичгийн зорилт нэг нь ИНФЛЯЦИЙН НАМ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ гэжээ. 

Инфляци буурч байж л зээлийн хүү буурах үндсэн суурь шалтгаан болох учиртай. Тэгвэл инфляци буух нь битгий хэл өсөх бүх шалтгаан нь өнөөдөр бүрдээд байна. 

Өөрөөр хэлбэл өнөөдөр Улаанбаатар хотын инфляци 8 хувьд хүрсэн нь орон сууцны 8 хувийн зээлийн хүүтэй тэнцлээ. Өмнө нь инфляцийн хүү буурснаар олон олон өрхөд найман хувийн хүүтэй зээл олгох суурь боломж бүрдэж байв. Өмнөх инфляцийн нам тогтвортой буюу нэг хувьтай байх үеэс нэмэгдүүлэлгүй мөнгөний бодлогоо хэрэгжүүлж чадсан бол өдийд бизнесийн зээлийн хүү ч буурах нөхцөл бүрдэх байсныг үгүйсгэх аргагүй юм.