Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол өрх сард дунджаар 100 мянган төгрөгийг мах, махан бүтээгдэхүүнд зарцуулдаг

Б.Ану
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нэг өрхийн сарын дундаж орлого улсын дунджаар 2017 онд 1.0 сая төгрөг болж, 2016 оныхоос 91.4 (9.7%) мянган төгрөгөөр нэмэгдээд буй.

Харин 2017 оны дүнгээр өрхийн сарын дундаж зарлага улсын дунджаар 1.1 сая төгрөг болж, 2016 оныхоос 126.2 (13.1%) мянган төгрөгөөр өссөн байна.

Өөрөөр хэлбэл, Монголчуудын зарлага орлогоосоо давсаар буй юм. 

Үндэсний Статистикийн Хорооны энэ сарын 9-нд танилцуулсан ӨРХИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ 2017 ОНЫ ТАНИЛЦУУЛГА -д Монгол өрхийн хэрэглээний зардлыг дундажлан танилцуулсан байна. 

Өрхийн хэрэглээний зардал нь хоол хүнс, хувцас, байр халаалтын төлбөр болон жижиг зардал зэрэг шууд хэрэглээ болдог, тухайн өрх ахуйн хэрэглээндээ зориулан худалдаж авч буй эд зүйл, үйлчилгээний төлбөр юм. 

Энэхүү танилцуулгад хэрэглээний зардлыг хүнсний зардал, хүнсний бус зардал, архи согтууруулах ундаа, тамхины зардал гэж хуваан авч үзсэн байна. 

Улсын дунджаар 2017 онд өрхийн хэрэглээний зардал сард 859,908 төгрөг байгаа бол:

  • хотод 937,405 төгрөг, 
  • хөдөөд 719,219 төгрөг байна. 

Бүсээр хэрэглээний зардлыг авч үзвэл:

  • Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 993,001 төгрөг, 
  • Баруун бүсэд 872,947 төгрөг, 
  • Төвийн бүсэд 774,602 төгрөг, 
  • Хангайн бүсэд 715,947 төгрөг, 
  • Зүүн бүсэд хамгийн бага буюу 641,976 төгрөг байна. 

Өрхийн хэрэглээний зардлын бүтцэд дийлэнх хэсгийг буюу 65.2 хувийг хүнсний бус зардал, 33.4 хувийг хүнсний зардал эзэлж байхад согтууруулах ундаа, тамхины зардал 1.4 хувийг эзэлж байна.

График 1,  Өрхийн хэрэглээний зардал, төрлөөр, төгрөгөөр

Нэг өрхийн сард хэрэглэдэг хүнсний зарим зардлыг дунджаар тооцож үзвэл 101.1 мянган төгрөгийг мах, махан бүтээгдэхүүнд, 60.9 мянган төгрөгийг гурил, гурилан бүтээгдэхүүнд, 38.8 мянган төгрөгийг сүү, сүүн бүтээгдэхүүнд зарцуулдаг аж. 

Хүнсний бус зардлыг тооцвол 96.3 мянган төгрөгийг бэлэн хувцасны зардалд, 83.3 мянган төгрөгийг тээврийн үйлчилгээний зардалд, 48.3 мянган төгрөгийг сууц, түрээсийн зардалд, 45.6 мянган төгрөгийг эмнэлгийн үйлчилгээний зардалд, 43.7 мянган төгрөгийг боловсролын зардалд зарцуулдаг байна.

Үүнээс үзвэл Монгол нэг өрхийн хэрэглээний зардлын хамгийн их дүнг мах, махан бүтээгдэхүүн эзэлж байгаа бол үүний дараа хувцаст хамгийн их мөнгөө зарцуулж байна. Мөн тээврийн үйлчилгээнд чамгүй мөнгө зарцуулж байгаа бол гурил, гурилан бүтээгдэхүүний зарцуулалт мөн л дээгүүр байрт байгаа нь графикаас харагдах ажээ.