Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Малчдын хүнсний аюулгүй байдал, хангамжид анхаарах шаардлагатай

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Олон улсад үйл ажиллагаа явуулдаг “People in Need” (Пипл ин Нийд) төрийн бус байгууллага “Монгол Улсын өрхийн эдийн засгийн үнэлгээ” тайланг өчигдөр танилцууллаа. Энэхүү тайланг Архангай аймгийн уулархаг хэсэг болон Сүхбаатар аймгийн тал нутгийн малчдын аж амьдрал, өрхийн ахуйд үндэслэн хийжээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Ингэхдээ зудын гамшиг малчдын аж ахуйд хэрхэн нөлөөлж байгааг үнэлжээ. Эмзэг бүлгийн айл өрхийн орлогын эх үүсвэр, түүний зарцуулалтыг тодорхойлох, амьжиргааны үндсэн хэрэгцээг мал аж ахуй хангаж байгаа зэргийг тодорхойлжээ. 

Архангай аймгийн малчдын хувьд нэн ядуу өрх хонин толгойд шилжүүлснээр 100-200, ядуу өрх 200-300, дундаж өрхө 300-700, чинээлэг өрх 1,000-1,500 толгой малтай бол Сүхбаатар аймгийн хувьд нэн ядуу өрх 70-15, бусад бүлэг Архангай аймгийнхаас 50 орчим толгой малаар цөөн байжээ. Нэн ядуу болон ядуу өрхүүдийн хувьд нарны эрчим хүчний хавтантай, мотоциклтой бол  дундаж болон чинээлэг өрхүүд суудлын болон ачааны автомашинтай байжээ. 

Ядуу болон нэн ядуу өрхүүд ихэвчлэн чинээлэг малчдын ажилд туслах замаар орлого олж, амьжиргаагаа залгуулж байгаа бөгөөд бэлэн мөнгөний орлого нь халамжийн мөнгө л болон мал зарснаас олдог орлого аж. Харин дундаж болон чинээлэг өрхүүд банкнаас зээл авснаар бэлэн мөнгөний орлогоо нэмэгдүүлдэг байна. Архангай аймгийнхны хувьд сүү цагаан идээнээсээ харьцангуй өндөр орлого олох боломжтой байдаг нь ажиглагджээ. 

Ерөнхийдөө бэлчээрийн даац хэтэрсэн нь малчдад хүндрэл учруулж буйгаас гадна Сүхбаатар аймгийн хувьд түймрийн эрсдэл их байна. Зуд болсон тохиолдолд малчдын хүнсний хангамж хамгийн том бэрхшээл болдог нь хоёр аймагт хоёуланд нь ажиглагджээ. 

Ямаа самнаж, ноолуураа тушаах, ноосоо самнах, амьд мал борлуулах зэргээр амьжиргаагаа залгуулдаг бол 3-5 дугаар сар хамгийн тарчиг үед тооцогдож байна. 

Энэхүү “Өрхийн эдийн засгийн үнэлгээ” тайлан нь 2017 оны сүүлээр хийгдсэн судалгааны дүнд үндэслэгдсэн бөгөөд судалгааны үнэлгээг 2018 оны эхээр хийж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын уулзалтын үеэр ийнхүү танилцууллаа. 

 
Гэрэл зургийг MPA.mn

“Энэхүү тайланд дурдагдсан дүгнэлтүүд нь эцсийн дүндээ малчдын хүнсний аюулгүй байдлыг хангах, амьжиргаагаа залгуулах хэрэгцээг урьдчилан тооцоолох боломжийг олгож, яаралтай нөхцөл байдал үүсэхээс өмнө ядуу эмзэг өрх болоод нийгмийн бүлгүүдийн амьдралыг дээшлүүлэхэд тус болно” хэмээн Пипл ин Нийд ТББ-ын Суурин төлөөлөгч Марк Тессе хэллээ.

Чех улсад төвтэй энэхүү олон улсын ТББ нь 2009 онд зудад нэрвэгдсэн малчдад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байсан бөгөөд 2009 оноос хойш манай 18 аймагт 4,135,272 еврогийн өртөг бүхий 12 төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.