Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хотод Йемений дүрвэгчдийг эсэргүүцсэн болон дэмжсэн жагсаалууд болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодын Йемен улсаас дүрвэгчид ихээр ирэх болсныг эсэргүүцсэн болон дүрвэгчдийг хүлээж авахыг дэмжсэн жагсаалууд өнгөрсөн Бямба гарагт Өмнөд Солонгосын нийслэлд зэрэг зохион байгуулагджээ.

Сөүл хотын төвд цугларсан олон зуун хүн “Бидний аюулгүй байдал нэгдүгээрт!”, “Визгүй нэвтрүүлэх бодлогоо зогсоо!” зэрэг уриа барьсан байв. Харин тэдний эсрэг талд олон арван иргэний байгууллагын идэвхтэн гишүүд дүрвэгчдийг хүлээж авахыг дэмжсэн жагсаал зохион байгуулжээ.

Цагдаа нар тэдний хооронд мөргөлдөөн гарахаас сэргийлэх арга хэмжээ авсан ч жагсаал тайван болж өнгөрсөн байна.

Энэ оны эхний таван сарын хугацаанд тус улсын Чэжү аралд 552 дүрвэгч Йеменээс иржээ. Тэднээс 430 гаруй нь Өмнөд Солонгосоос орогнол хүссэн тухай Хууль Зүйн яам нь мэдээлсэн юм.

Визгүй зорчих боломжтой аялал жуулчлалын Чэжү арал руу AirAsia компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Куала Лумпураас шууд нислэг үйлдэж эхэлсэн нь Йеменчүүдийг олноор ирэх зам болжээ.

Өмнөд Солонгос улс 2013 онд Азийн орнуудаас анх удаа Дүрвэгчдийн тухай хуулиа баталж, арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, нийгмийн гарал, улс төрийн үзлээр эх орондоо ялгаварлан гадуурхагдсан хүмүүсийг хамгаалалтад авах боломжтой болсон юм.

 

Эх сурвалж: Korea Times