Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Мбаппэ, Кавани нар дэлхийн супер одуудыг нутаг руу нь буцаалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Эдинсон Кавани

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн эхний хоёр тоглолт өчигдөр болж өнгөрлөө.

Эхний тоглолтод Францчууд дэлхийн хоёр удаагийн аварга Аргентины шигшээ багийг 4:3 харьцаагаар буулгаж авсан бол дараагийн тоглолтод дэлхийн хоёр удаагийн аварга Уругвайчууд Португалийн шигшээ багийг 2:1 харьцаагаар хожсон юм.

 
Килян Мбаппэ

Францын шигшээгийн 19 настай залуу од Мбаппэ хурдтай довтолгооноор тоглолтын 64, 68 дахь минутад өрсөлдөгчийн хаалганд дараалан гоол хийсэн нь Аргентиныг хожигдоход гол нөлөөг үзүүллээ.

Тэгвэл Уругвайн довтлогч Эдинсон Кавани тоглолтын 7, 62 дахь минутад Суарез, Бентанкур нарын оновчтой дамжуулалтуудыг гоол болгож чадсан юм.

Ингэснээр дэлхийн хэмжээний хоёр супер од болох Лионел Месси, Кристиано Рональдо нар багийн хамт ДАШТ-ийг дуусган нутаг буцахаар болж байна.

Шөвгийн 8-ын шатанд Франц, Уругвайн шигшээ багууд долдугаар сарын 6-ны Баасан гарагийн 22:00 цагт Нижний Новгород хотын Нижний стадионд тоглох юм.

Франц-Аргентины тоглолтын гоолууд, онцлох агшнуудыг энэ холбоосоор, Уругвай-Португалийнхыг энэ холбоосоор үзээрэй.

Өчигдрийн хоёр тоглолтын онцлох үр дүнгүүд:

  • Аргентины шигшээ баг 1986 оноос хойш доод тал нь гурван гоол хийсэн ч ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатнаас хасагдсан анхны баг болж байна. 1986 оны ДАШТ-д ЗХУ-ын шигшээ Бельгид 3:4 харьцаагаар хожигдон энэ шатнаас хасагдаж байжээ.
  • Францын шигшээ ДАШТ-д Өмнөд Америкийн багуудтай таарсан сүүлийн 9 тоглолтдоо ганц ч удаа хожигдсонгүй. Хамгийн сүүлд тэд 1978 онд Аргентинд 2:1 харьцаагаар хожигдож байсан юм.
  • Өчигдөр Аргентины шигшээ баг ДАШТ-ий түүхэндээ тав дахь удаагаа 4 ба түүнээс дээш гоолоор хожигдлоо. Хамгийн сүүлд тэд 2010 онд шөвгийн 8-д Германд 4:0 харьцаатай хожигдож байжээ.
  • Уругвайчууд 1930 оноос хойш анх удаа ДАШТ-ий эхний дөрвөн тоглолтдоо дараалан хожлоо. 1930 онд тэд дөрөв дэхь тоглолтдоо Аргентины шигшээг 4:2 харьцаагаар буулгаж байв.
  • Португалийн шигшээ баг сүүлийн дөрвөн ДАШТ-дээ дараалан хасагдах шатанд бүдэрч байна. Хамгийн сүүлд 2006 онд Португальчууд шөвгийн наймд хүрч, Английн шигшээтэй гоолгүйгээр тэнцэж байжээ.
  • Уругвайчууд өчигдрийн тоглолтын хоёрдугаар хагаст ердөө 30 хувийн бөмбөг эзэмшилттэй байсан ч хийсэн цорын ганц довтолгоо нь гоол болж чаджээ.

 

Эх сурвалж: FIFA