Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: 2018 он бизнест хамгийн эерэг жил байх хүлээлт үүсгэжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

МҮХАҮТ-аас 17 дахь жилдээ "Бизнесийн итгэлийн индекс" судалгааг Улаанбаатар хот, орон нутгийн нийт 934 бизнес эрхлэгчдийн дунд санал асуулгын болон онлайн хэлбэрээр 2017 оны 10-12 саруудад явуулжээ. Судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Судалгааны гол зорилго нь бизнесийн орчны ерөнхий төлөв байдал, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, макро эдийн засгийн үндсэн асуудлуудын талаар бизнес эрхлэгчид, иргэдийн байр суурь, цаашид яаж өөрчлөгдөх талаар хүлээлт, бизнесийн орчинд таатай, таагүй нөлөө үзүүлж буй хүчин зүйлс, тулгамдаж буй асуудлууд зэрэг чухал үзүүлэлтүүдээр судалгаанд оролцогчдын саналыг тоймлон Бизнесийн орчинд итгэх итгэлийг үнэлэн гаргахад орших аж.

МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа "2017 оноос эхлэн олон улсын аргачлалын дагуу бизнесийн орчин, ашиг, орлого, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн 4 үзүүлэлтээр судалгаанд оролцогсдын эерэг болон сөрөг хариултын зөрүүгээр Бизнес итгэлийн индексийг тооцон гаргах боллоо. 

Энэхүү шинэ аргачлалын дагуу сүүлийн таван жилийн индексийг тооцоход 2017 онд өнөөгийн байдлын бизнес итгэлийн индекс нь -0.32 гэсэн дүнтэй гарсан. Энэ нь 2012 оноос хойш өмнөх онуудаас хамгийн сайн дүн болж байна. Харин "бизнесийн орчин сайжирна" гэсэн бизнес эрхлэгчдийн хүлээлт сүүлийн дөрвөн жилд дунджаар 37 хувь байсан бол энэ жил 58 хувь болж сүүлийн 5 жилээс 2018 онд бизнест хамгийн эерэг жил байна гэж хүлээж байна.

Өөр нэг анхаарал татахуйц үзүүлэлт нь 2016 онд бизнес эрхлэгчдийн 60 хувь нь 2017 оны хөрөнгө оруулалтын орчинг эерэгээр төсөөлж тухайн онд ямар нэг хөрөнгө оруулалт хийх хүлээлттэй байсан бол 2017 оны судалгаагаар тухайн оны хөрөнгө оруулалтын орчны гүйцэтгэлийн үнэлгээнд 57 хувийн эерэг дүн өгчээ. Өөрөөр хэлбэл 2017 оны хөрөнгө оруулалтын орчны хүлээлт, үнэлгээ хоёр нилээн ойролцоо гарсан байна. Бизнес эрхлэгчид 2018 оныг хөрөнгө оруулалт хийхэд илүү сайн орчин бүрдсэн жил байна гэж үзэж байгаа. Мөн нийт судалгаанд оролцогсдын 79 хувь нь ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт хийнэ гэжээ." гэв.

Судалгааны үр дүн

Судалгааг хийхдээ МҮХАҮТ-ын гишүүд болон гишүүн бус Улаанбаатар хотын 238, 21 аймгаас нийт 696 аж ахуйн нэгжийг хамруулжээ.

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИН 
 

2017 оны судалгаагаар бизнес эрхлэгчид ажилгүйдэл, инфляцын түвшин өссөн гэж үзсэн бол ядуурлын түвшин тодорхой хэмжээнд буурч байна гэж дүгнэжээ. Харин 2018 онд инфляцын түвшин буурч, илүү олон ажлын байр бий болж, ядуурлын түвшин ч мөн тодорхой хэмжээгээр буурна гэж хүлээж байгаа аж.

Нийт судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 24 хувь нь макро эдийн засгийн орчинд итгэлтэй байна гэж хариулсан. Энэ үнэлгээ нь өмнөх оноос 6 хувиар өссөн дүнтэй байна. 

 

АШИГ ОРЛОГЫН ӨӨРЧЛӨЛТ
 

2012 оноос хойш тасралтгүй буураад байсан ашиг орлого өссөн үнэлгээ болон ирэх жилд 2017 онд сүүлийн 6 жилд анх удаа өмнөх оноос өндөр өссөн дүнтэй байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН 
 

2016 онд судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 35 хувь нь ямар нэгэн хэмжээгээр хөрөнгө оруулалт хийсэн бол энэ дүн 2017 онд 57 хувь болж өссөн байна. Гэвч ирээдүйд бизнестээ хөрөнгө оруулах тухайд 2017 онд 60 хувь нь хөрөнгө оруулалт хийнэ гэж хариулж байсан бол 2018 онд энэ дүн 79 хувь болж 19 пунктээр өссөн байна. 2012 оноос хойш бизнес эрхлэгчдийн бизнестээ оруулж буй хөрөнгө оруулалт буурсан байсан бол 2017 онд өссөн байна.  

БИЗНЕС САНХҮҮГИЙН ОРЧИН 
 

2017 оны судалгаагаар нийт судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 35 хувь нь Бизнес, санхүүгийн орчинд “сайн” үнэлгээ өгч ямар нэгэн хэмжээгээр бизнесийн орчин сайжирсан хэмээн үзжээ. Энэ нь өмнөх оноос 12 пунктээр өссөн үзүүлэлт юм. 

БИЗНЕС ИТГЭЛИЙН ИНДЕКС
 

Бизнес эрхлэхэд голлон нөлөөлдөг бизнесийн орчин, ашиг, орлогын өөрчлөлт, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин зэрэг үзүүлэлтүүдэд бизнес эрхлэгчдийн өгсөн үнэлгээгээр Бизнес итгэлийн индексийг тооцон гаргадаг. 2017 оноос эхлэн олон улсын аргачлалын дагуу Бизнес итгэлийн индексийг тооцохдоо голлох үзүүлэлтүүдээр судалгаанд оролцогсдын эерэг болон сөрөг үнэлгээний зөрүүгээр тооцон гаргах болжээ.