2018/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B32
УЛААНБААТАР
23°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
10°
11:00
S44
10°
12:00
S44
11°
13:00
S44
12°
14:00
S44
13°
15:00
S44
13°
16:00
S44
13°
17:00
S44
13°
18:00
S44
13°
19:00
S44
13°
20:00
S44
11°
21:00
S44
22:00
S44

ХОЁР ХӨРШТЭЙГӨӨ ХОЛБООТОН БАЙЯ

ikon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN

БНХАУ-ын Чиндао хотод болох Шанхайн Хамтын Ажиллагааны Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан ирэх зургаадугаар сард болно. Энэ хуралдаанд жил бүр Монгол Улс ач холбогдол өгөн оролцдог.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ жил ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох болсныг албаны эх сурвалж батлаад буй. 

Харин энэ жилийн ШХАБ-ын хурал болох дөхөж байгаатай холбогдуулан Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх үү, ажиглагч гэсэн статусаараа үлдэх үү гэдэгт  янз бүрийн байр суурь илэрхийлэгдэж байна. 

Бид энэ удаад ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХЭТ ЭЛЧИН САЙД ЦЭРЭНДАШИЙН ЦОЛМОНгийн байр суурийг хүргэе.


Монгол улс хоёрхон хөршөөр тойрон хүрээлэгдсэн, геополитикийн онцгой байршилтай өргөн уудам нутагтай, байгалийн их баялагтай, цөөн хүн амтай, дэлхийн бараг бүх улстай дипломат харилцаатай, аль ч улс оронтой газар нутгийн болон улс төрийн маргаангүй, НҮБ-ын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн АНУ,  БНХАУ, ОХУ, Англи, Францаар цөмийн аюулгүй байдлын баталгаа гаргуулсан орон билээ.

90-ээд он хүртэл Монгол улс Зөвлөлт Холбоот Улс /Оросын Холбооны Улс/-тай холбоотон байсан. Сүүлийн хорь гаруй жил цэрэг улс төрийн холбоотонгүй, хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах зарчмаар явж ирлээ. Гучаад жилийн өмнө зөвлөлтийн цэрэг Монголд байрлаж Бээжинд ойроос цохилт өгөх чадавхийг бүрдүүлсэн байлаа. Тийм ч учраас Хятадууд Монголоос оросын цэргийг гаргах явдлыг Оростой харилцаагаа сайжруулах нэгэн нөхцөл болгон тавьж хэрэгжүүлсэн юм. Тэр үед мөн Монголыг Хятадад алдвал удахгүй Сибирийг алдах үүд нээгдэнэ гэж оросын судлаачид бичиж байсан. Эдгээр нөхцөл байдал нь Монгол улс хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах бодлого явуулахад тааламжтай нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Хөрш гурван орон тэнцвэртэй тогтвортой сайн харилцаатай байх нь ийнхүү гурвуулангийнх нь эрх ашигт нийцэж байгаа билээ. 
 
Орчин үеийн олон улсын харилцааны жам ёсоор бид олон улс оронтой нээлттэй харилцаж байна. Монгол улс  ардчилсан орон. Орос Хятад хоёр хаяа залгасан анхдагч хөршүүд, хоёрдогч хөршүүд гэж хэнийг ч нэрлээгүй бөгөөд гуравдагч хөршүүд гээд бусад орныг хэлж байна. Бүс нутгийнхаа бүх улс оронтой найрсаг харилцаатай байдаг нь Монголын өнөөгийн гадаад бодлогын чухал давуу тал юм. Энэхүү сайн хөршийн харилцаа нь зөвхөн хоёр талуудын харилцаанд төдийгүй бүс нутгийн хөгжилд хэрэгтэй давуу чанар юм.
 
Монголчууд бид гадаад бодлогодоо харгалзан үзэхүйц томоохон өөрчлөлтүүдтэй тулгарч байна.
 
  • Нэгд, хоёр хөрш маань урьд өмнө хоорондоо зөрчилдөж байсан бол өнөөдөр холбоотон гэхээр ойр дотно харилцаж энэ нь ШХАБ, БРИКС-ийн бүтцүүдээр улам гүнзгийрч, хоёр талын бодит төслүүдээр батжиж хэрэгжин удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
     
  • Хоёрт, ЗХУ болон Варшавын гэрээний цэргийн холбоо задарч АНУ хамгийн хүчтэй нь болж Хятад , Орос улсууд 20, 30 дугаарт эрэмбэлэгдэж байхад томъёолсон 30-аад жилийн өмнөх загварчиллаа бид хоёр дахь гурав дахь хүчтэнүүд болсон анхдагч хөршүүдийнхээ бодит байдалтай уялдуулан өөрчлөх цаг болсон гэж үзэж байна.
     
  • Гуравт, Орос-Монгол-Хятад гэсэн  гурвал дэлхийн энэ хагаст бодитой оршиж байгаа геополитикийн тогтолцоо болж байгаа талаар хөндөж бичсэн нь бий. Энэ бүл доторх Монгол улс нь ОХУ болон БНХАУ-ийн хувьд стратегийн хийгээд геополитикийн хувьд онцгой чухал орон. Орос Хятад улсууд хоорондоо сайн байвал бие бие рүүгээ хүрэх, нэвтрэх хамгийн дөт зам болно. Хятад Орос хоёр муудалцвал бие биеийн эмцэг цэгт хүрэх хамгийн дөт талбар билээ. Монгол нь Орос Хятад их гүрнүүд бие биендаа яагаад ч алдаж болохгүй улс төрийн тусгаар орон зай гэдгийг хаа хаанаа ойлгодог.
     
  • Дөрөвт, НАТО сулрах талруугаа өөрчлөгдөж байна. Европын Холбоо өөрийн гэсэн тусдаа зэвсэгт хүчинтэй болохоор хэлэлцэгдэж байна.
 
Хоёр талуудын харилцаа, гурван талт бүтэцээс гадна бүс нутгийн болон дэлхий нийтийг хамарсан олон улсын байгууллагуудын хүрээн дэх үйл ажиллагаа чухал болж байна.
 
Нэгэн зарчим дэвшүүлэе:
 
 Хоёр анхдагч хөрш орныхоо багтаж байгаа олон улсын байгууллага, олон талт ажиллагаанд гишүүнээр орж идэвхитэй ажиллах замаар монголын аюулгүй байдлыг улс төр- дипломатын аргаар хангахыг гадаад бодлогын тулгуур зарчим болгох нь зүйтэй гэж үзнэ. Энэ зарчмыг хэрэгжүүлэн элсэн орвол зохилтой  олон талт түншлэлийн нэг нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага юм.
 
ОХУ, БНХАУ, Казакстан, Тажикстан, Узбекстан, Киргиз, Энэтхэг, Пакистаныг багтаасан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь Төв Азид тогтвортой байдлыг бэхжүүлэх, оролцогч орнуудын нөхөрлөл, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгыг тунхагласан олон талт хамтын ажиллагааны бүтэц юм. Терроризм, хэт даврагчидтай хийх тэмцэл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний түншлэл ба соёлын салбарт хамтран ажиллахыг эрхэмлэн тунхагласан тус байгууллагаас хол хөндий байвал түүний тэргүүлэх чиглэл болсон тээврийн дэд бүтэц, эрчим хүч, телехолбоо, нефть, хийн салбар, ХАА, усны нөөцийн ашиглалтын томоохон төслүүдээс Монгол хоцроход хүрч байна.

Манай орны ажиглагчийн статус эхэн үедээ элсэх бэлтгэл үе гэж ойлгогдохоор байсан бол одоо элсэхгүйн тулд аргацааж байгаа, учраа олох гэж түдгэлзэж, үл итгэн тээнэгэлзэж байгаа хүмүүсийн араншин гэлтэй болоод байна.

Хүрээлүүлэн байгаа анхдагч хоёр хөрштэйгөө олигтой итгэлцлийг бүрэлдүүлж чадахгүй бол тэд бидэнд итгэл өгч ирээдүйтэй төсөл, хамтын үйлстээ оролцуулахгүй хөндийрөх болно.  ШХАБ бол эдийн засаг нийгмийн хөгжлийн хувьд ч, аюулгүй байдал, цэрэг- улс төрийн үүднээс ч Монголд хэрэгтэй байгууллага учраас түүнд нэн даруй элсэх нь үндэсний эрх ашигт ниицтэй байх болно. Учир юу гэвээс, улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг улс төр- дипломатын аргаар хангахад цэрэг, улс төрийн олон талт, зохимжтой холбоонд багтах явдал чухал ач холбогдолтой байх болно. Хоёр талын харилцааны түвшинд аль нэг удирдагч болон нийгмийн хөдөлгөөнөөс шалтгаалсан алдаа эндэгдэл гарах боломж байсаар байдаг. Олон талт харилцаа нь хоёр талын харилцааг бодвол алдаа эндэгдлээс хамгаалагдах давуу талтай юм.  Дээр үед ЗХУ-д нэгдэж тусгаар тогтнолоосоо татгалзаад хүний нөмөрт амар хялбар хөгжих оролдлого гарсныг таслан зогсооход манай орны ОУ байгууллагуудын гишүүнчлэл шийдвэрлэх хориг үндэслэл, харагдахгүй хамгаалалт болсон гэж үзэж байна. Нөлөө бүхий ОУ байгууллагын гишүүнчлэл ижил тэгш эрх олгож харилцан хамгаалалт болдогоороо жижиг орнуудад илүү нөөлөгтэй байдгийг үгүйсгэх хэрэггүй.

Манайхан ШХАБ-ын хүрээнд “эдийн засгийн хамтын ажиллагаа олигтой явахгүй байна” гэсэн таамаглал төдий дүгнэлтэд хууртан ШХАБ-ын гишүүн болохоос зайлсхийж суусаар “торгоны зам” болон эрчим хүч, зам, дэд бүтцийн ирээдүйтэй томоохон төслүүдийн гадна үлдэж энэ бүс нутаг дах “хар нүх” болж “хөмөрсөн тогооныхоо” үлгэрийг давтах болоод байна. Энэ нь манай үндэсний эрх ашигт яавч нийцвэргүй юм. Юуны өмнө, ШХАБ-аар дамжин хоёр хөрштэйгөө эдийн засгийн холбоотон болох учиртай. ШХАБ нь цэргийн эвсэл болбол аяндаа хоёр хөрштэйгөө цэргийн холбоотон болох болно. Холбоотноо залгидаг их гүрэн байдаггүй гэдэгт найдахаас өөр аргагүй.​ Алсдаа залгих бодолтой бол их гүрнүүд аливаа субьектийг хөндий байлгана, холбоотон ч болохгүй, бас болгохгүй. Ромын, Монголын, Хятадын, Их Британий,  Зөвлөлтийн, Америкийн их гүрнүүдийн хувьд  ийм л байсан, цаашид ч ийм байх болно. 
Барууныхан Орост хориг тавиад ШХАБ-ын орон зайд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ойртон нягтруулах боломжийг нэмэгдүүлсэн гэж харж байна. ШХАБ-ынхан харин хориг тавибал барууныхан хүнд байдалд орохоор хүч, боломжийн харьцаа өөрчлөгдөөд байгаа шүү.  
 
ШХАБ нь АНУ, НАТО-той сөргөлдөх цэргийн блок болох гээд байна, хол байх хэрэгтэй гээд зарим хүн их л сэтгэл зовнин бичих, ярих нь бий. Миний бодоход бид ШХАБ-ын хажууд ажиглагч байх, дотор нь гишүүн  байхаас үл хамааран АНУ, НАТО өөрийн эрх ашгийг хамгаалчихна. Түүнд санаа зовох хэрэггүй. Харин Монголын эрх ашиг, хувь зохиол хаана байгааг, хаашаа ойр байгааг ухаарах нь бидэнд чухал. ШХАБ цэргийн эвсэл боллоо ч түүнд элсвэл хоёр хөрштэйгөө хоёулантай нь холбоотон болж аюулгүй байдал тусгаар тогтнол улам бүр баталгаажих юм. Жижиг улс орон том холбоотонтой байх учиртай гэсэн аюулгүй байдлын зарчим байна. Энэ зарчмын дагуу Сингапур, Өмнөд Солонгос, Белорусь, Төв азийн орнууд, Европын орнууд цөм л том холбоотонтой байгаа, Харин Афганистан, Ирак, Хойт Солонгос, Судан, Монгол, зэрэг холбоотныхоо учрыг олоогүй орнууд цөөнгүй байна. Ийм улс орнуудад хөгжил дэвшлийн замаар чөлөөтэй алхах гадаад орчин бүрэлдэхгүй байна. Швейцар шиг өөрийн орон зай, цаг хугацааны хүрээнд гадаад аюулгүй байдлаа өөрөө хангаж чадаад, янз бүрийн будилаанд оролцохгүйн тулд л нейтрал бодлого хэрэгжүүлж чадаад байгаа улс тун цөөн байна.
 
Манайх шиг хоёр их гүрний бүслэлтэд байгаа орны хувьд нейтрал бодлого боломжгүй, тэр тусмаа энэ гүрнүүд хүсэхгүй байгаа үед бүр ч боломжгүй. Харин энэ хоёр их гүрэн ШХАБ-д элсэн ороочээ гэж уриад байгааг маш анхааралтай авч үзэх учиртай юм. Миний санахад манай хоёр хөрш Монголоос их юм гуйгаад байдаггүй улсууд. Энэ нөхцөл байдлыг ч бодолцох учиртай.
Монгол улс ШХАБ-д элссэнээр аль нэг орны эрх ашигт харшлах зүйлгүй бөгөөд Монголын ашиг сонирхолыг хүндэтгэдэг аливаа улс орон энэхүү гишүүнчлэлийг эсэргүүцэхгүй байх нь ойлгомжтой. Нөгөө талаар, ШХАБ цэвэр цэргийн эвсэл болохгүй гэж миний бие логик гаргалгаа өөртөө хийдэг юм. Яагаад? ШХАБ-д байгаа орнууд цэргийн тусдаа эвсэл байгуулах гээд барууныхнаас ч юмуу, эсвэл манай цэцэрхүү монголчуудаас ичээд л, эмээгээд л ШХАБ гэдэг халхавч байгуулаад л, тэрийгээ цэргийн эвсэл биш шүү гэж бултаад л, дараа нь нэг шөнө нууцаар цэргийн эвсэл болгох гээд байх улсууд биш. Тиймээс НАТО–гийн эсрэг цэргийн эвсэл байгуулах хэрэгцээ шаардлага гарвал тэрийгээ зарлаж байгаад л нээлттэй байгуулчих чадвартай улсууд бөөгнөрөөд байгааг ойлгоход бэрх биш. 
 
ШХАБ бол цөмийн зэвсэгтэй 4 гүрнийг багтаасан дэлхийн хүн амын ихэнх нь хамаарагдах, ямарваа нэгэн тэнэг тохиолдлоор дэлхийн дайн болдогийм гэхэд “ялах эвсэл” болохоор бэхжиж байна. Хятадын цэргийнхэн “дэлхийн аль ч өнцөг буланд болох дайнд ялалт байгуулах чадвартай болно” гэж амлаж байгаа. Оросууд энэ зорилтыг өнөөдөр ч хийж чадах байх. Хар ухаанаар бодоход, ялах хүчнээс зугтах хэрэг юу билээ. Ямарч байсан бид НАТО болон ШХАБ хоёрын сөргөлдөөний талбар болчихож болохгүй. Их Монгол Улсын эзлэн байсан газар нутагт буюу евроазийн зүрхэн тус газар дээр  ШХАБ-ын гишүүнчлэл үндсэндээ хамаарагдаж байхад Монгол улс эндээс аль хир хол, аль хир удаан зугтах бол гэдгээ ч нэг бодоход илүүдэхгүй. Баярхүү Баабар нарын бичсэнийг уншиж байхад “Нээрэн, манайх Америк, Канад хоёрын дунд байсансан  бол ч ШХАБ-ыг ажиглаад л суугаад байх нь зөв мэт гэж бодогдсон. ШХАБ бол Азийн байгууллага, манай бүс нутгийн аляанс учраас “сайхан болохоор нь очъе” гэлгүй эхнээс нь гишүүнээр идэвхитэй, өөриймсөг  оролцоод явах нь монголын эрх ашигт л нийцвэртэй. 
 
Миний бие 1989 онд Европын Эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй дипломат харилцаа тогтоох саналыг гаргаж хэрэгжүүлсэн, 1989-1990 онд ардчилал, зах зээлд шилжих хөтөлбөрийг боловсруулсан 15 эрдэмтний нэг, НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн таван орон –АНУ, ОХУ, БНХАУ, Англи, Франц улсуудаас аюулгүй байдлын баталгаа авахын тулд цөмийн зэвсэггүй улс байх амлалт зарлая гэсэн санаачилгыг 1990 онд гаргаж байсан, Евроазийн эдийн засгийн холбоотой хамтарч ажиллах судалгааг 2006 онд эхлүүлж байсан, “Хүүхдийн мөнгө”, “40000 орон сууц” хөтөлбөрүүдийг 2004 онд санаачилсан ажлын хэсгийн ахлагч байж улс орныхоо өнгөрсөн үе  болон  өнөөгийн байдлыг судалж санаа оноогоо нэмэрлэж ирсэн хүний хувьд “Ирээдүйн их хэрэг, хожмын их үйлд” хэрэгтэй болно гэж ухаараад өөрийн бүс нутгийн  итгэлцлийг бэхжүүлэх зорилготой нөлөө бүхий байгууллагад гишүүнээр идэвхтэй ажиллах санал дэвшүүлж байгаагаа илэрхийлье.
 
 
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХЭТ ЭЛЧИН САЙД ЦЭРЭНДАШИЙН ЦОЛМОН
x