Индэр    
2018 оны 5 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Ерөнхийлөгч ХЯТАДЫГ, Ерөнхий сайд ОРОСыг зорихын ЗОРИЛГО

Зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард БНХАУ-ыг зорьж Засгийн газрын түвшинд 11 баримт бичигт гарын үсэг зурсан бол Монгол-Хятадын бизнес эрхлэгчид нийт 36 төрлийн 4.6 тэрбум долларын гэрээнд гарын үсэг зураад байна.

Мөн энэхүү айлчлалын үеэр Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмодын боомтод үүссэн асуудалд онцгой анхаарал хандуулж ажилласан юм. Айлчлалын үр дүнд энэхүү боомтын гарц 2:2 байсан нь 3:3 болоод байна.

Үүний үр дүнд Монголоос нүүрс экспортлогч машины тоо дунджаар 25 хувиар нэмэгдсэн мэдээллийг Гаалийн Ерөнхий Газрын дарга Б.Асралт өгөв. Түүнчлэн Гашуунсухайт боомтын дэд бүтцийг сайжруулахад 23 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийх асуудлыг энэхүү айлчлалаар шийдсэн болно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараагийн айлчлалаа энэ сарын сүүлээр ОХУ-д хийх гэж байна. Тэрбээр жил бүр болдог "Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум"-д оролцох юм.

Түүний энэ удаагийн айлчлалын гол зорилго нь  Монгол, ОХУ-ын Транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурах явдал гэж эх сурвалжууд дурдаж байна.

Дөрөвдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Тээврийн дэд сайд А.В.Лушников Монгол Улсад гэнэтийн айлчлал хийж энэ үеэрээ Монгол Улсаас гарч буй уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг ОХУ-аар дамжуулан далайн боомтуудад хүргэн гуравдагч улсууд руу экспорт хийхэд 93 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлэх 25 жилийн хугацаатай тарифын хөнгөлөлт үзүүлэх баримт бичиг бэлэн болсныг Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэлд тухайлан илэрхийлсэн талаар Улаанбаатар Төмөр Зам ХНН-ээс мэдээлээд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил ОХУ-ын Владивосток хотод болсон “Дорнын Эдийн засгийн III чуулга”-нд оролцох үеэр энэхүү гэрээг зурах асуудалд хоёр орны ойлголцлыг нэмсэн гэж  мэдэгдэж байсан юм. Тэрбээр форумын үеэр "Миний энд ирсэн гол асуудал бол манай хойд хөрш ОХУ-аар Монголын бараа, таваар дамжин өнгөрөхдөө тээврийн хөнгөлөлт авах зорилт агуулсан. Энэ зорилго үндсэндээ биеллээ гэж үзэж байна.

Энэ зорилгын төлөө олон жил явсан. Үүнд оролцож дэмжсэн Путин Ерөнхийлөгч болон албаны хүмүүст дахин баярлаж буйгаа хэлье. Нэлээд хэцүү асуудал байсан. Олон жил ярьсан. Гэхдээ бид хийж чадлаа гэж тэмдэглэх нь зүйтэй. Хөгжиж байгаа Зүүн Азид Монгол хөл нийлүүлэн орно" гэж тэмдэглэж байв.

Эх сурвалжуудын хэлж буйгаар хоёр орны транзит тээврийн гэрээний хөнгөлөлтийн асуудал нь 10 орчим жил үргэлжилж байгаа хэлэлцээ юм.

Тэгэхээр Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалаар энэ гэрээ эцсийн байдлаар зурагдвал хоёр орны харилцаанд түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болох юм байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга харин энэ жилийн эхний айлчлалаа БНХАУ-д хийхээр төлөвлөөд байгааг албаны эх сурвалж баталлаа. Тэрбээр БНХАУ-ын Чиндао хотод болох Шанхайн Хамтын Ажиллагааны Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор болоод байгаа юм.

Монгол Улсын хувьд одоогийн байдлаар тус байгууллагын хурал, уулзалтуудад ажиглагч гэсэн статустай оролцдог бөгөөд ШХАБ дахь ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Бахтиер Хакимов өнгөрсөн жил хийсэн мэдэгдэлдээ Монгол Улсын гишүүнээр элсэх хүсэлтийг таатай хүлээж авахаа илэрхийлсэн юм. Гэхдээ тэрбээр энэ үеэрээ одоогоор Улаанбаатараас албан ёсны хүсэлт ирээгүй байгааг хэлсэн байдаг.

ШХАБ нь одоогийн байдлаар үндсэн найман гишүүнтэй. Хамгийн сүүлд Энэтхэг, Пакистан улс 2017 онд бүрэн эрхт гишүүн нь болоод буй.

Дипломатч Д.Баярхүү ШХАБ нь бүс нутгийн улстөрийн байгууллага болоод байгаа тухай бичиж “Хэрэв ШХАБ Европын Холбоо, АСЕАН шиг эдийн засгийн маш том эвсэл Евразид бүрдэх аваас Монгол юу боллоо гэж хойш суух билээ” гэж ЗГМ сонинд бичсэн нийтлэлдээ дурджээ. Гэхдээ тэрбээр ШХАБ-ын өнөөгийн нөхцөлийг гишүүн орнууд нь энэ байгууллагын төлөө гэхээсээ хоёр улс хоорондын харилцааны хэрэгсэл болгох сонирхол нь ажиглагддаг тухай бичсэн байв.

Монгол Улсын хувьд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол-Орос-Хятад улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг санаачилж эхлүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ШХАБ-ын чуулгануудын үеэр Монгол-Орос-Хятадын төрийн тэргүүн нарын төрийн тэргүүн нарын уулзалтыг санаачлан зохион байгуулж нийтдээ гурван удаагийн түүхэн уулзалтыг амжилттай хийгээд буй. Энэхүү уулзалт өнгөрсөн жилийн ШХАБ-ын үеэр болоогүй бөгөөд үүнийг  Ц.Элбэгдорж iKon.mn өгсөн ярилцлагадаа "Бид гурав гурван удаа уулзсан. Одоо энэ уулзалтын шинэ тойрог эхэлж байна. Шинэ тойргоо Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчөөр эхлүүлэх нь зөв юм гэж ярилцацгаасан.

Хоёр хөршийн зүгээс энэ гурван талт уулзалт Монголын хувьд маш чухал механизм боллоо гэдэг" гэж байв. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд Эдийн засгийн коридор 32 төслийн хүрээн дэх ажлууд үргэлжилж байна.

Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр “Эрдэнэт хот-Овоотын уурхай” чиглэлд төмөр замын суурь бүтцийн зураг төсөл боловсруулах, барих, ашиглах-шилжүүлэх концессын гэрээний нэмэлт гэрээнд хоёр орны бизнес эрхлэгчид гарын үсэн зурсан юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэхүү төмөр замыг "2019 оны хавар гэхэд ашиглалтад орохоор тохиролцсон. Хятадын талаас хөрөнгө оруулалт хийж байгаа. Тодруулбал, Хятадын Торгоны сангаас хөрөнгө оруулалт хийж байна. Гурван улсыг холбосон Эдийн засгийн коридорын хүрээнд энэ ажлыг хийж байна. Энэ зам нь цаашлаад Тувагийн Кызыль хоттой нийлнэ. Ингэхээр хойд хөрштэйгээ бид хоёр гарцтай болж байна гэсэн үг" гэж байв.

Энэ жилийн Чиндао хотод болох ШХАБ-ын чуулганаар Монгол Улсын талаас хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийг гурван улсын тэргүүн нарын ээлжит уулзалтад албан ёсоор уриад байгааг албаны эх сурвалж дурдлаа.

Гэхдээ гурван улсын төрийн тэргүүний уулзалт яг нүүр нүүрээ харж уулзах хүртлээ Орос, Хятадын удирдагчдын хариу тодорхойгүй байдгаараа сэтгэл зүйн хувьд маш түвэгтэй уулзалт болдгийг албаны эх сурвалжууд дурсдаг билээ.