Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж    
1
2
3
4
5
6

Ц.Элбэгдорж: Аз жаргалын хоёр өгөгдэхүүн хоёулаа Монгол хүнд байна

Ч.Болортуяа
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Ц.Элбэгдорж: Аз жаргалын хоёр өгөгдэхүүн хоёулаа Монгол хүнд байна

Монголчууд маргааш шинэ Ерөнхийлөгчөө сонгох түүхэн өдөр. 

"Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй" гэгчээр шинэ Ерөнхийлөгч ажилдаа орох хугацаа ойртох тусам одоогийн Төрийн тэргүүний хэлэх үг бүр л сонин, содон, тод аж.

Монголд нийт ард түмнээсээ сонгогддог, гурван сая иргэнийг төлөөлдөг ганцхан алба байдаг нь Монгол Улсын Ерөнхийлөгч юм. 

Энэ хүндэт үүргийг найман жилийн турш хүлээж удахгүй ажлаа өгөх гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ikon.mn сайтын "Өглөөний Хүн" булангийн ээлжит зочин боллоо. 

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн найман жилийн хугацаан дахь хамгийн сүүлийн ДЭЛГЭРЭНГҮЙ, ТҮҮХЭН ярилцлагыг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. 

Түүний найман жилийн ажлыг тоймлосон 167 хуудас ХУРААНГУЙ тайлан хэвлэгджээ. Хийсэн, бүтээсэн, хийж амжаагүй бүхнийг энд ярилцвал бидний яриа дуусахгүй нь лавтай. Харин түүнээс бид энэ удаад ямар үгс, сургамжийг авч үлдэх ёстойд, бас олонд төдийлөн яригдаагүй дэлхийн төр засгийн удирдагчидтай үүсгэсэн нандин, дотно харилцаа, хувь хүний хөгжил, өөрчлөлтийн талаар ярилцахыг хичээв. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…
 
Ярилцлагын зочин: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж @Elbegdorj
Ярилцсан: Ч.Болортуяа  @Bolort
Зураглаач: О.Анхбаяр, Г.Баасандорж
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир MPA.mn
2017-07-06

НЭГ. МОНГОЛ ХҮН, МОНГОЛ УЛС

- Яриагаа таны сүүлийн жиргээнээс эхэлье. Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдсан хууль хэрэгжиж эхлээд байна. Зөрчлийн хуульд та ямар байр суурьтай байгаагаас ярилцъя?

- Үг хэлэх эрх чөлөө хүнд байгаа бүх эрхийн эхлэл гэж би ойлгодог. Тийм учраас төрийн зүгээс энэ эрх рүү халдлага хийх ёсгүй гэсэн байр суурийг барьж ирсэн. Хэвлэл мэдээллийн байгууллага эсвэл иргэний аливаа асуудлыг шийдэх эрхийг өөрт нь үлдээх ёстой. 

Ард түмэн төрийн албан хаагч, төрийн тухай үзэл бодлоо илэрхийлэх гэвэл хардахаас эхэлдэг.  Бүх мэдээлэл заавал үнэн, зөв байх албагүй. 

Дээрээс нь Монгол өөрөө их онцлогтой. Монголчуудын үг хэлэх эрх чөлөөг нь боох юм бол бусад бүх эрх чөлөө нь боогдох магадлалтай. Тиймээс ч Монголчуудыг мохоож болохгүй.

Миний улстөрд орсон үеэсээ баримталсан зарчим хэн юу ч гэж хэлсэн тэр хүний өөдөөс гомдол илэрхийлэх, цагдаа, шүүхээр явахгүй байх. Ингэж бид хэвлэл мэдээллээ үргэлж зоригжуулж байх хэрэгтэй. Монголчууд зоригтой, золбоотой, өөрийн байр суурьтай байх ёстой юм. Үүгээрээ л бид эргэн тойрноосоо ялгарна. 

- Хууль нэгэнт хэрэгжээд эхэлчихлээ. Одоо бид яах вэ?

- Хуульд өөрчлөлт оруулах боломж нээлттэй. Иргэдийн үзэл бодлыг хавчсан энэ заалт ерөөсөө байх шаардлагагүй.  Учир нь манайд Хэвлэл Мэдээллийн Зөвлөл гэх байгууллага бий. 

Харин иргэн, хувь хүний үзэл бодлоо илэрхийлж байгаад асуудал байх юм бол Иргэний хуулиараа шийдэх ёстой юм. Хэзээ ч үүнийг Зөрчлийн юм уу Эрүүгийн хуулийн асуудал болгож болохгүй. 

Бидний үг хэлэх эрх чөлөөг боох юм бол бусад бүх эрх чөлөө боогдох магадлалтай

- Энэ хуулийг хэрэгжих нь зөв гэж үзэх хэсэг бас байна. Жишээ нь, энэ сонгуулиар гэхэд биенээ гүтгэн доромжилсон зүйлс хэрээс хэтэрлээ гэх нь бий. Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь бусдыг гүтгэн, доромжлох эрх мөн үү. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

- Зөрчлийн хуулийн асуудал нь тэгш эрхийн зарчим алдагдсаны шинж.  Хүний нэр төрийг гутаасанд тооцогдох хэргийн хохирогч нь барагтаа жирийн иргэн байхгүй болов уу. Ер нь л төрд албан тушаал хашиж байгаа үйлдлээ бодохгүй хүмүүсээс үүдэх асуудал юм. Тэгэхээр ийм асуудалд орохгүйн тулд улстөрчид өөрсдийнхөө үйлдлийг л хичээ. 

Хоёрдугаарт, улстөрчдийг муу хэлүүлж байгаа, тэр тусмаа дайруулж, гүтгүүлж байгааг манайхан хар мэдээлэл гэдэг. Миний зарчим хар мэдээлэл явж байх тусмаа сайн. Худлын орон зай бөглөгдөх тусам үнэний орон зай нээгдэж байдаг юм. Чиний тухай энэ удаад муу хэлж байгаа бол дараа нь сайнаар дурсах боломж байнга л үлдэж байдаг. Тийм учраас улстөрчид, төрийн албан хаагчид тайван байх хэрэгтэй.

Өнөөдөр миний тухай буруу мэдээлэл гарчихсан бол түүнийг заавал няцаагаад байх ч албагүй. Няцаах зайлшгүй шаардлагатай бол “Энэ худлаа” гээд хэлчих боломж, орон зай твиттер, фэйсбүүкээс эхлээд байна. 

Нэгэнт таныг гүтгэчихсэн л бол тэр асуудал цаг хугацааны эрхэнд ач холбогдолгүй болдог. Тэгэхээр Зөрчлийн хууль шиг иргэний хууль ёсны эрхэд халдсан хуулийн заалт, торгууль байх ямар ч шаардлагагүй. Иргэний хууль болон өөрийнхөө хяналтын зарчмаар цаашаа яваг. 

- Та энэ хуулийг санаачилсан, баталсан эрх баригчдад хандаж үгээ хэлж байна. Тэгвэл яг энэ хуульд буруутгагдаж болох иргэд, олон нийтэд хандаж юу хэлэх вэ. Эрх чөлөө гэдэг бусдыг гүтгэж, доромжлох зүйл мөн үү?

- Эрх чөлөөтэй амьдрах нь өөрөө хариуцлагатай амьдрахыг шаарддаг. Эрх чөлөөтэй байна гэдэг ухаан шаарддаг. Нийгэм нь эрх чөлөөтэй байгаа газар иргэдээсээ л илүү ухаан шаарддаг. 

Харин эрх чөлөөгүй нийгэмд хүмүүс даргаасаа удирдамж, чиглэл шаарддаг юм. 

Эрх чөлөөгүй нийгэмд хүнээр удирдуулаад яваад байх амархан. Харин эрх чөлөөтэй нийгэмд хүн өөрөө, өөрийгөө л удирдах хэрэгтэй болдог нь заримдаа замбараагүй юм шиг байдал үүсгэдэг. Гэхдээ энэ урсгал цаашаа өөрөө өөрийгөө цэвэрлээд л яваад байдаг юм. 

Улстөрийн олон үйл явцаас харж байхад манай нийгэм, ард иргэд улам л хэрсүү болж байна. Ард түмний маань хийж байгаа сонголт, тэднээс гарч байгаа санал, санаачлага улам л сайжирч байна. Үүнд л итгэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, нийгэм өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх боломж дотор нь байж байгаа юм. 

- Ард түмнийг харанхуй сонголт хийдэг, боловсролгүй байна гэх утга бүхий үзэл бодол их хөврөх болж. Ганц нэг УИХ-ын гишүүн ч, албан тушаалтан ч ийм авир гаргалаа. Боловсролгүй иргэдээс сонгогдсон хүн өөрөө ямар хүн байх вэ гэдэг асуулт гарч ирэх байх. 

- Тийм ээ. Дарга нарын нэг дутагдал бий. Тэр нь ард иргэдийг сурагчид гэж хардаг. Өөрсдийгөө бараг л багш нар гэж боддог. Энэ маш буруу. Иргэн хүний тархины хэмжээ ойролцоогоор 1.4 кг.  Дарга болчихоор 3 кг тархитай болчихдог зүйл байхгүй. Дарга гэдэг утга зөвхөн тэр хүний нэрний өмнө бичигдэж байгаа үг болохоос өөр юу ч биш. 

Өөрийнхөө амьдралаас нэг түүх хэлье.
 
Манай нутагт шуурга маш хүчтэй болдог. Хэчнээн хүчтэй шуурга болдог ч тэнд амьдарч байгаа улс өөрсдийнхөө гэрийг салхинд хийсгэчихгүй аваад л гардаг. Шуурга болох гэж байна гэхээр л аав маань хажуу айлын дэрвэлзэж байгаа өрхийг хараад л гүйж очоод хамтарч тэр гэрийг салхинаас хамгаалдаг. Дараа нь өөрийнхөө гэрийг дараад л, бид нар хүртэл тооно, хананаасаа зүүгдээд л  ямар ч хүчтэй шуурганаас гэрээ аваад гардаг байлаа.

Тэгэхээр энэ Монголоо авч гарахын тулд Монголынхоо төлөө зарим зүйл дээр бид нэгддэг байх хэрэгтэй. Манайхны нэг дутагдалтай чанар бол алив зүйлийн төлөө нэгдэж чаддаггүй. Харин нэг зүйлийн эсрэг бол нэгдэх гээд байдаг. Одоо энэ дутагдлаасаа салах хэрэгтэй. 

- Шуурганаас гэрээ авч үлдэж байгаа үйл явцыг та одоогийн улстөртэй холбож хэлж байна гэж ойлгож болох уу?

- Тэгж хэлж болно. Асуудлыг буруу зөрүү байна гэж байгаа хэсэг маань санал бодлоо нэгтгээд илэрхийлдэг нийгмийн хандлага, соёлыг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр бидэнд байгаа нэг гайхамшиг бол нийтийн сүлжээ. Өмнө нь бидэнд хэзээ ч байгаагүй зүйл. Улс нийгмийн бүх амьдралын хэв маягийг өөрчилж байгаа зүйл юм. Үүгээр дамжуулаад олон зүйлийг өөрчилж болно. 

 

- Таны хувьд олон нийтийн сүлжээг ямар хэмжээнд хэрэглэж байна вэ?

- Би олон нийтийн сүлжээг амьд урсгал гэж хардаг. Амьд харилцаа дотор муу, сайн бүх зүйл нь бий. Гэхдээ сайн нь давамгайлдаг. Яг л усны урсгалтай адилхан. Урсах тусам сайжраад, эрүүлжээд явдаг. 

Энэ олон нийтийн сүлжээг бохир болгож байгаа хэсэг нь улстөрчдийг гэж боддог. Өөрийнхөө явцуу сонирхлыг хангахын тулд хуурамч мэдээлэл, хуурамч хаягнуудыг ихээр бий болгож байна. 

Энэ зүйлд иргэдийн ихэнх нь автдаг байсан.  Харин одоо ингэж автдаг хэсэг багасаад л байгаа. Энэ нь гайхамшигтай. Тиймээс олон нийтийн сүлжээг чөлөөтэй байлгах хэрэгтэй. Яг төрийн ажил хийж байхад энэ амьд харилцаа маш их хэрэг болно. 

Олон нийтийн сүлжээг чөлөөтэй байлгах бас нэг сайн тал нь ерөөсөө Монголчуудын мэдлэг, мэдээлэл авах боломж нь улам нээлттэй байх хэрэгтэй юм. 

Би боддог юм. Монгол хүн аль нэг чадвараараа хүн ам ихтэй улс орны 10, 20 хүнтэй тэнцүү хэмжээнд байх ёстой гэж. Наад зах нь, мэдээлэл боловсруулах чадвараар.  Монгол хүн амын тоогоор тийм их биш байж болно. Харин агуулгын хувьд Монголчууд олон юм шиг л байх ёстой. Энэ боломжийг олон нийтийн сүлжээ олгож байна. 

Бид хүрсэн түвшиндээ хэзээ ч ханадаггүй нийгэм рүү орсон

-  Монголын улстөрийг “Жижиг улсын том улстөр” гэж томьёолох нь бий.  Жижиг улс гэдэгтэй та санал нийлэхүү?

- Би Монголыг том болж байгаа улс гэж боддог. Яагаад бид том болж байна вэ гэхээр ард түмнийхээ хэрсүү болж байгаагаар тайлбарлана. Цагийн салхинд нэг тийм амархан унаад байхгүй, бага зэргийн гүтгэлэг, бага зэргийн шуурганд бол хөдлөхгүй болчихсон шүү дээ.

Дээрээс нь дэлхий дээр манай гараг шиг хэдэн зуун гараг байна. Өөрийнхөө дэлхийг олж төрнө гэдэг гайхамшиг. Дэлхийгээ олоод төрсөн чинь хэдэн зуун улсаас Монгол Улсыг олж төрнө гэдэг маш ховор зүйл. Монгол улсаа олоод төрсөн ч гэсэн аав, ээжээ, төрөх газраа олоод төрнө гэдэг гайхамшиг. Ийм хувь заяагаараа л бахархах хэрэгтэй. Ийм бахархалтай байж чадвал бид хэзээ ч хүний дор орохгүй. Тийм учраас Монгол хүний зориг, бахархлыг муутгаж, мохоож болохгүй гэдэг миний амьдралдаа барьдаг гол зарчим. Энэ мохоолт гэдэгт тэр Зөрчлийн тухай хууль хамаатай.

- Бид яагаад Монголд төрснөөрөө бахархах ёстой вэ. Бидэнд давуу чанар, хүчин зүйл гэх зүйл байна уу?

- Яг орчин үеийн Монголчуудад байдаг нэг давуу тал бол эрмэлзлэлтэй байдал. Бид ямар нийгэм рүү орсон бэ гэхээр хүрсэн түвшиндээ ханадаггүй буюу амжилтандаа ханадаггүй нийгэм рүү орсон. 

Өнөөдөр Ц.Элбэгдоржийн ажлыг хүмүүс дүгнэхдээ “Болсонгүй ээ. Хийх ёстой олон зүйлээ энэ хүн хийж чадсангүй” гэж дүгнэх талдаа. Энэ юуг харуулж байна вэ гэхээр ард түмэн илүү их эрмэлзэлтэй, илүү их зорилготойг л харуулж байна. 

Дараагийн Ерөнхийлөгчөөс илүү их зүйл шаардана. Үүнийг л харуулж байгаа. Бид ямар нийгэм рүү орсон бэ гэдэг утга учрыг сайн харах хэрэгтэй. Бид хүрсэн түвшиндээ хэзээ ч ханадаггүй нийгэм рүү орсон. Бүгд нэг намын юм уу, ганцхан телевизээр тархиа угаалгаад л суудаг нийгэм биш.  Хүн бүхэн, айл өрх болгонд манайх уг нь сайхан амьдарч байгаа ч илүү сайхан амьдрах боломж байгаа гэдгээ мэддэг.  Аж ахуйн нэгж ч бас өнөөдөр бидний орлого сайн байна. Гэхдээ илүү орлого олох боломж байна гэж боддог, тэмүүлдэг. Дандаа ингэж сайн зүйл рүү тэмүүлж байдаг нийгэм рүү бид орсон. 

- Хүүхдээр бол Монголыг гэр хороололд өсч байгаа хүүхэдтэй та зүйрлэж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу? 

- Дэлхий дээр байгаа долоон тэрбум хүнтэй Монгол хүнийг харьцуулбал, Монгол бол гэр хорооллын хүүхэд. Хагас нүүдэлчин, хагас суурьшмал.  

Яг өнөөдрийн гэр хорооллын хүүхдийг аваад үзээрэй. Тэдгээр хүүхдүүдийн эрмэлзэл илүү.  Нөгөө талд бүх зүйл нь ханачихсан, мөнгөний тоо мэдэхгүй, хөлнөөсөө толгой хүртлээ брэндэд хучуулчихсан айлын хүүхдүүд эрмэлзэл нь алга болчихож байгаа юм. Тэгэхээр Монголын сайн сайхан, дараагийн гайхамшигтай хүмүүс хаанаас төрөх вэ гэхээр гэр хорооллоос төрнө. Тэр хөдөө орон нутаг дахь хүрч ядаж байгаа амьдралаас төрнө шүү. Тэр шуурга борооноос гэрээ авч гарах гэж зүдэрч байгаа хүмүүсээс төрнө. Би үүнд эргэлзэхгүй байна. Ийм хүмүүс нь олонх байхгүй юу. Өнөөдөр зовлон ихтэй муу байгаа нь жаргалд хүрэх боломж амтагдаж байна гэж харах хэрэгтэй. 

Бүх зүйлээр ханачихсан айлын хүүхэд эргээд барагтаа ядуу болохгүй. Харин ядуу, зүдүү байгаа айлын хүүхдүүд эргээд тэр бүх зүйлийг бий болгоно. 

- Монголчууд бүгд л сайхан нийгмийг бүтээх гэж, өөрсдөө сайхан амьдрахыг хүсдэг ч сайн яваа нэгнээ үзэж чадахаа больсныг та юу гэж дүгнэх вэ?

- Арчаатайхан улс бол хийж бүтээж байгаа, золбоотой байгаагаа хамтарч дэмжээд л урагшилдаг. Арчаа муутайхан улс бол хийж бүтээж байгаа цөөхөн хэсгээ хувааж идэж, хувааж зүхэж байрандаа эргэлддэг ийм хандлага байгаа юм.  Би юу гэж хэлэх вэ гэвэл хүн болгонд боломж байна. Хүнээс өөрөөс нь бүх зүйл шалтгаалж байна. Хүний зовлонгийн шалтгаан бол хүн өөрөө л байдаг.

- Одоо Монголчууд бидэнд дутагдаж байгаа мөн чанарыг нэрлээч гэвэл та юу дурдах вэ?

- Улс орны хөгжил гээд аваад үзэх юм бол хоёр чухал зүйл байна. Бид хүрсэн түвшнээсээ ахих тийм чадварыг л салбар бүрт, хүн бүр эзэмших хэрэгтэй. Өнөөдөр улстөрд орж ирж байгаа хүмүүст улстөр муухай харагдаж болно. Тэгвэл энэ муухайгаас яаж ангижрах вэ гэдэг чадварыг л эзэмших хэрэгтэй. Дэлхий дээр байгаа бүх л улстөрчид, удирдагчид үүгээрээ л уралдаж байгаа. 

Чи энэ чадварыг эзэмшиж чадсан уу, үгүй юу. Аливаа муу байгаа зүйлийг сайжруулах маш хэцүү. Харин сайн зүйлийг муутгах шиг амархан юм байхгүй. Үүнийг хүн болгон хийж чадна.

Харин муу байгаа зүйлийг сайжруулж түүнийгээ нийгмийн соёл болгоно гэдэг хэцүү. Тэгэхээр ийм чадварыг л бид эзэмших ёстой. Энэ чадвар хүний нийгмийн хөгжлийг тодорхойлж байгаа. 

ХОЁР. НАЙМАН ЖИЛИЙН АЛБА

- Таныг төрийн ордонд анх 27 настайдаа орж ирж байсан гэдэг.  Харин одоо 27 жилийн дараа Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгөх гэж байна гэсэн сонирхолтой тоон давхцал байгаа юм билээ. 

- Бас л сонин давхцал. 27 настайдаа би Улсын бага хурлын гишүүн, Ардын их хурлын депутат болоод Төрийн ордонд орж ирж байлаа.  Харин одоо 27 жил улстөр, төрд ажиллаад ажлаа хүлээлгэн өгөх гэж байна. Би нэг зүйлд их баярлаж байгаа. Алив зүйл цаг хугацаатай байна гэдэг ямар сайхан юм. Дөрөв, дөрвөн жил буюу найман жил Ерөнхийлөгчийн ажлыг хийлээ. Түүнээс цааш боломжгүй. Хуультай байна гэдэг их сайхан. Тэгэхээр яг энэ цаг хугацаандаа багтаагаад ажлаа хийсэн шиг хийгээд л явах хэрэгтэй. 

Нэг зүйлийг хэлэхэд, би өдөр бүхэн өөрийгөө Ерөнхийлөгч гэж боддоггүй. Би өөрийгөө хийх ёстой ажлаа хийж яваа хүн л гэж боддог. 

Гэхдээ энэ ажлаа дуусах хугацаанд нь дуусгаад л дараагийн амьдралаа үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Энэ надад тийм хэцүү, онцгой зүйл биш. 

- Дөрвөн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа та ажлаа хүлээлгэж өгч байгаа хүнээ хүндэтгэн үдэх хэрэгтэй талаар хэлж байсан юм билээ. Манайхан хүндэтгэл үзүүлдэггүй хэрэг үү?

- Ажил хүлээж авч байгаа хүнээ бид сүртэй ёслол хийгээд угтаж авдаг. Буугаад явж байгаа хүнээ ч бас аятайхан үдэх соёл Монголчуудад байдаг. Монголчуудад байдаг нэг сайхан чанарын нэг нь салахдаа сайхан салаарай гэж. Хүнтэй уулзаад салахдаа “Баяртай, Эргэж уулзая, Сайн сууж байгаарай” гэж хэлдэг. Хүнтэй ямар ч нөхцөл байдалд уулзсан байж болно. Харин салахдаа сайн салж байх хэрэгтэй. Зарим тохиолдолд тэр салалт чинь сүүлчийнх байж магадгүй шүү дээ. 

Төрийн ажлаа хийгээд бууж байгаа хүмүүстээ ижил биш юм гэхэд дутуугүй хүндлэл үзүүлж байсан Монгол төрийн уламжлал байдаг л даа. Би энэ тухай л бодож байсан юм. Миний хувьд төрийн өндөр албан тушаалаас  унаж, босч явсан хүн учраас үүнийг мэдэрсэн. Мэдэрсэн хүн л үүнийг хэлнэ үү гэхээс гаднаас нь хараад хэлэх боломжгүй. 

- Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан найман жилийн ажлаа та “Ардын үг” хэлэлцүүлэгт тайлагнаж, дүгнүүллээ. Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцогчид их өндөр үнэлгээ өгчээ. Яг та өөрөө хийсэн ажлаа хэрхэн дүгнэж байгаа вэ?

- Үүнийг цаг хугацаа, олон түмэн дүгнэнэ. Би өөрөө дүгнээд байх ямар ч шаардлага байхгүй. Миний ажил үргэлжилж байна. 

- Гэхдээ та өөрийн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг дүгнэсэн биз дээ?

- Монгол Улсын Ерөнхийлөгч болоод ийм, тийм зүйл хийнэ гэсэн бадрангуй сайхан сэтгэлээр маш олон зүйлийг төлөвлөж болно. Гэхдээ тэр бүхнийг хийх боломж Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаг уу, үгүй юу гэдгийг бодох л хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч юу хийж чадах вэ гэдгийг энэ албан тушаалыг сонирхож байгаа хүн бодох л хэрэгтэй. 

Монголын бүх үеийн түүхээс ч харж болно. Ер нь Монгол төрийн тэргүүн байсан хүмүүс бодсон бүхнээ хэрэгжүүлэх боломж, аз нэгэнд нь ч тохиогоогүй байх гэж боддог. Гэхдээ энэ бол бүх ажлаа муу, дутуу хийнэ гэсэн үг биш. Бидний аугаа их хаад, үе үеийн төр тэргүүлж байсан хүмүүс олон л ажил төлөвлөж байсан байх. 

Монгол бол өөрөө өвөрмөц байршилтай, өвөрмөц хувь заяатай, маш онцлогтой улс. Үүнийгээ бодож байх хэрэгтэй. 

Шударга ёсонд суурилсан эв нэгдэл амь бөхтэй. Түүнээс албан тушаал дээр суурилсан эв нэгдэл хамгийн арчаагүй.

- Үндсэн хуульд Ерөнхийлөгч бол Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч байна гэж заадаг. Энэ талд та яг ямар ажил хийсэн бэ?

- Эв нэгдлийн суурь нь хууль байгаа юм. ​Эв нэгдлийн суурь нь шударга ёс юм. Шударга ёсонд суурилсан эв нэгдэл амь бөхтэй. Түүнээс албан тушаалын эв нэгдэл дээр суурилсан эв нэгдэл бол хамгийн арчаагүй. Үүнийг бий болгохын төлөө л би ажилласан. 

- Ерөнхийлөгч ганцаараа аливааг хийх боломж бага. Тэгэхээр баг маш чухал. Та багаа хэрхэн дүгнэх вэ?

- Миний баг Монголын ард түмэн. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба гэдэг өнөөдрийн байдлаар хамгийн бага ойлгогдсон, хамгийн их мушгигдсан, үл ойлгогдож байгаа алба. Учир нь гурван сая хүнийг нэг хүн төлөөлдөг. Их хурал юу хийдэг вэ гэдгийг манайхан сайн хэлнэ. Засгийн газар ч юу хийдэг вэ гэдгийг ч хэдэн мянган төрийн албан хаагч хэлж чадна. Харин Ерөнхийлөгчийг нэг л хүн төлөөлдөг. Гэтэл цаана нь 3.1 сая хүн хараад сууж байдаг нь янз бүрээр ойлгогдох эхлэл. 

Яагаад Монголын ард түмэн миний баг вэ гэхээр олон нийтийн санаа, сэтгэлийг юу зовоож байна вэ, шинээр гарч байгаа санал, санаачилга нь юу байна вэ гэдгийг олж харж зарим нэг зүйлийг нь ажил болгох юм. 

Энгийн жишээ. Төв Номын Санд байсан бүх номыг дижитал болгож хувиргалаа. Энэ төслийг Ерөнхийлөгчийн санаачилгаар манай Тамгын газар хийсэн. Багагүй хөрөнгө зарсан. Бидэнд төсөв байгаагүй ч өөрсдийнхөө үйл ажиллагааг хэмнэж байгаад л хийв. Төв Номын Сангийн нэн ховор номыг хүн бүхэн эргүүлээд байх биш бүгд дижитал болчихсон учраас тэр гайхамшгуудтай чөлөөтэй танилцах боломжтой болчихсон. Яг иймэрхүү маягаар иргэдээс гарч байгаа сайн санаачилгыг олж харж дэмжих явдал чухал байдаг. 

Тэгэхээр Ерөнхийлөгчийн ажил гэдэг бол ихэнх нь ард иргэдийн дундаас гарч ирж байгаа санаачилга юм. 

Харин яг өөрөө юм хийе гэвэл Их хурал, Засгийн газартайгаа зөвлөлдөх хэрэгтэй болно. Хүнийг гуйж, бусад институцтэй хэл амаа олох гэж гуйж хийдэг ажил юм. 

- Таны хийсэн ажлын хураангуй тайланг харахаар 61 хууль, тогтоолын төсөл санаачилж, 36-г нь батлуулж чадсан юм билээ. Тэгэхээр энэ олон хууль иргэдийн захиалга гэхээсээ илүү цоо шинэ үзэл, санаануудыг шингээсэн байсан шүү дээ. 

- Бусад институц буюу бусад хүний санаачлахгүй хуулийг Ерөнхийлөгч санаачлах нь зөв гэж боддог. Шилэн дансны хуулийг ямар ч Засгийн газар, УИХ-ын гишүүн санаачлахгүй.  Өөрсдөдөө хариуцлага тооцох тухай хуулийг ямар ч албан тушаалтан санаачлахгүй л байсан. Ерөнхийлөгч л санаачлах хэрэгтэй.  Зарим хүн ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасъя гэдэг.  Ингэж нэг талаас нөгөө туйл руу туйлшрах хэрэггүй. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлаж болно. 

Гэхдээ улстөрд хариуцлага бий болгох чиглэлд Ерөнхийлөгч хууль санаачилдаг байж болно. Шүүх, хуулийн байгууллагыг илүү хариуцлагатай, ард түмнийхээ чиглэлд үйлчилдэг болгоход Ерөнхийлөгч хууль санаачлах хэрэгтэй байж болно. Яагаад гэхээр өөр институтүүд санаачлахгүй. Мөн зэвсэгт хүчин, батлан хамгаалах, улс орны аюулгүй байдалтай холбоотой, түүнийг бэхжүүлэхэд чиглэсэн хуулийг Ерөнхийлөгч санаачилдаг байж болно. Ерөнхийлөгч санаачилддаггүй юм гэхэд тэр хүнээс санал авдаг байх хэрэгтэй. Иймэрхүү байдлаар зөв зохицуулж болно. Харин бусад нийгмийн халамж, эдийн засаг гэсэн түмэн зүйлийг Ерөнхийлөгч санаачлах шаардлага байхгүй. Миний нэг баримталсан зарчим бол албан тушаалтан хүсэхгүй байгаа ч ард түмэнд хэрэгтэй, зөв соёлыг бий болгочих гэсэн тэр зүйлийг л барьж авсан. 

- Ерөнхийлөгчийн албын ойлгомжгүй байдлыг сайжруулахын тулд та чухам юу хийсэн бэ. Бид хоёрын ярилцлага Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал яригдаж байгаа үед таарч байна. 

- Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлт дээр хүмүүс янз бүрийн санаачилга гаргаж болно. Гэхдээ Үндсэн хуульд орох гэж байгаа өөрчлөлт зөв үү, буруу юу гэж боддог, өнөөдрийн зөв гэж бодоод байгаа зүйл маргааш буруу болчих вий гэж болгоомжлох үүрэгтэй ганц албан тушаалтан бол Ерөнхийлөгч. Бүх албан тушаалтнаас ялгаатай байдаг зүйл нь Ерөнхийлөгч Үндсэн хуулин дээр гараа тавьж тангараг өргөдөг. Би бодохдоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол нэг удаа нэг л харилцааг оролд. Үндсэн хууль бол Монгол Улс. Тийм учраас улс орноо татан буулгачих, улс оронд хор хохирол учрах санаачилга байж болохгүй. 

Улстөрд миний хүрсэн олон дүгнэлт бий. Түүний нэг нь ямар ч санаачилга эхлээд дандаа сайхан байдаг. Ер нь муу зүйл эх орондоо бодож санаачилна гэж бараг байхгүй. Санаачилга дандаа гэмгүй сайхан байх нь бий. Харин үр дагавар нь ихэнх тохиолдолд муугаар төгсдөг. Үүнийг л бодох хэрэгтэй. Юмыг эхнээс нь биш төгсгөлөөс нь хардаг чадвар улстөрд хэрэгтэй. Хүний амьдралд ч хэрэгтэй. Нэг зүйл эхлүүлэх гэж байгаа л бол төгсгөлөөс нь харж чаддаг байх хэрэгтэй. 

Бидний сайн амжилттай гэж үзэж байгаа зүйл дотор муугийн үр дагавар явж байдаг юм шүү. Бидний өнөөдөр хүндрэл, бэрхшээл, зовлон гэж харж байгаа зүйлийн дотор боломж агуулагдаж байдаг юм шүү гэдгийг л бодох хэрэгтэй.  

Бусад институц буюу бусад хүний санаачлахгүй хуулийг Ерөнхийлөгч санаачлах нь зөв. Жишээ нь, Шилэн дансны хуулийг ямар ч Засгийн газар, УИХ-ын гишүүн санаачлахгүй байв

- Улстөрийн хувьд таны үлдээж байгаа өв гэвэл юуг онцлон хэлэх вэ?

- Элбэгдорж гэдэг нэр үлдэх албагүй гэж би боддог.  Харин энэ нэр мартагдаад хийж байсан, санаачилж байсан зүйлс маань нийгмийн, улс орны амьдралд соёл болоод үлдчихээсэй л гэж бодож байна. 

Олон орны төр, төрийн тэргүүнд байдаг уламжлал байдгийг Монголд бас үлдээх ёстой гэж бодож байгаа. Би нэг хуудас захиа үлдээнэ. Ерөнхийлөгч тангаргаа өргөөд хуучин Ерөнхийлөгч нь шинэ хүнд өрөөгөө танилцуулдаг. Тэгэхэд Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгчид хүлээлгэж өгөх зүйлсийн жагсаалтыг би сая гаргуулсан. Намайг энэ албыг авахад төрийн тамга өгсөн. Тамганы хайрцган дотор Үндсэн хуулийн эх хувь байдаг. Би үүн дээр нь долоон зүйлийг нэмж нийтдээ ес болгож байгаа. Тэрний нэг нь тэр зурвас юм. Дараагийн Ерөнхийлөгчид хэлэх үг гэсэн үг. Үүн дотор байх хамгийн чухал үг бол хайр. Эх орноо хайрлаарай, Монголын ард түмнийг хайрлаж яваарай гэсэн үг байна. Үнэхээр хайрлаж явах ёстой эх орон, ард түмэн байхгүй юу. Би бол Монгол хүн болсноороо маш их бахархдаг. Энэ бол миний цусанд байгаа зүйл.  Хайраас зөв үйлдэл гардаг. Эх орноо хайрладаг Ерөнхийлөгч эх орныхоо эсрэг юм хийхгүй. 

- Таныг хийдэг бус ярьдаг Ерөнхийлөгч гэж тодорхойлох гээд байдаг тал бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

- Ерөнхийлөгч хүн ганцаараа бараг юм хийх боломжгүй. Гэхдээ өөрчлөлт хийе гэж бодож байгаа бол хүн эхлээд бусдад ярьж ойлгуулах нь чухал. Хүмүүс миний ярьдаг, санаачилсан зүйлсийг ойлгоод эхэлчихсэн байна. Харин энэ үед нь тэр дүрэм журмаа шууд өөрчлөөд явах боломж юм. 

- Та олон ажил хийхээр санаачилсан ч ганцаараа учир энэ их өөрчлөлтийг хийх боломжгүй байлаа гэж байна. Гэхдээ хүмүүст өөрчлөлт хийх ёстой гэсэн ойлголт буюу суурь дэвсгэрийг үлдээлээ гэж хэлэх гээд байна уу?

- Хийгээд үр дүн нь гарчихсан 130 ажлыг бид жагсаасан. Хүмүүс миний ажлыг мэдэхгүй байна гэдэг зарим хийсэн зүйл маань амьдралд нь шингэчихсэн соёл болчихсон байна гэсэн үг. Заавал миний нэрийг цээжлэх албагүй. 

Жишээ нь, “Архигүй Монгол” гэдэг уриалга. Өчигдөр нэг хүн зурагтаар “Өмнө нь ажил бүтээхийн тулд шил архитай очихгүй бол болдоггүй байсан. Одоо ажил бүтээхийн тулд шил архи байтугай архи үнэртүүлээд ороход л ажил нь бүтэхгүй болж байна” гэж байсан. Нийгмийн соёл өөр болж байгаа биз. Соёл ямар их өөрчлөгдөж байгааг бид анзаарахгүй байна. 

Одоо сум, дүүрэг, хороо бүхэнд Иргэний танхим ажиллаж байна. Гарах гэж байгаа шийдвэрээ урьдчилж нэг ярьдаг болчихлоо. Энэ соёлыг хэн ч зогсоож чадахгүй. Орон нутгийн хөгжлийн сан гэж бий. Үүнийг үгүй хийх юм бол орон нутагт ажиллаж байгаа Засаг дарга, Иргэдийн хурал нь бараг босно доо. Ингэж бид эрхээ мэдрэх хэрэгтэй. Үүнийг амьдралд нь оруулаад соёл болгоод өгчихсөн байхгүй юу. 

Өнөөдрөөс шүүхээс гарч байгаа шийдвэр эргээд нууц байдал руу орлоо гэж бодъё. Хэзээ ч үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Одоо ард түмний 99 хувь нь үүнийг мэддэг болчихсон. Шүүхийн шийдвэр улам л ил тод болно. Ил тод байх тусмаа чанаржина. Үүнийг Элбэгдорж хийсэн байна уу, Болороо хийсэн байна уу гэдэг нь сонирхолтой биш. Үүнийг л улстөрд амжилт гэж хэлээд байгаа юм. 

Миний хувьд сүүлийн дөрвөн жил өөрийнхөө зардлыг хамгийн багаар бодоход 60 хувь хаслаа. Дөрвөн жил 60 хувиар хасч болж байна. 

Элбэгдорж бага зүйл хийсэн гэж ярьж байгаа бол тэр хүний л бодол. Магадгүй амжилт ч байж мэднэ. Надад заавал хийсэн бүхэндээ нэрээ үлдээх хэрэг байхгүй. 

ГУРАВ: ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААН ДАХЬ ОЛОЛТ БА ДУРСАМЖ

- В.Путин Ерөнхийлөгчтэй та хамгийн олон уулзсан төрийн тэргүүн байх. Хувь хүмүүсийн хувьд та хоёр хэр ойр дотно хэмжээнд нөхөрлөдөг вэ?

- Маш сайн хэмжээнд гэж хэлж болно. 

- В.Путин Ерөнхийлөгчийг хувь хүнийх нь үүднээс та юу гэж тодорхойлох вэ?

- В.Путин Ерөнхийлөгчийн хувьд яг юу хийж байгаагаа, юу хийх ёстойгоо маш сайн мэддэг хүн. Орос орондоо маш их хайртай хүн л гэж дүгнэж хэлнэ. 

- Хамгийн сүүлд та хоёр Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ)-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр тусгайлан уулзсан. Танд юу гэж хэлж байх юм?

- Тийм ээ. Бид өнгөрсөн сард Астанад хамгийн сүүлд уулзсан. Тэр үед “Холбоотой байгаарай. Эргэж уулзана аа. Ямар ч тохиолдолд хоёулаа уулзана шүү” гэж хэлээд тэврэлдээд салсан. Их дотно сайхан харилцаатай байсан нь надад маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. 

Малчин айлын хүүхдийг магнай дээрээ зална гэдэг Монголд байгаа чөлөөт саналын үр дүн юм

 

- АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обаматай хийсэн уулзалтаар та түүнд их сайхан сэтгэгдэл үлдээж чадсан тухай UB.life сайтын ярилцлагандаа та дурдсан байсан. Ер нь уулзалтыг эерэг уур амьсгалаар эхлүүлж, дуусгахад та ямар тактик барьдаг вэ?

- Анхны уулзалт, сэтгэгдэл гэдэг их чухал.  Анхнаасаа л Ерөнхийлөгч гэхээсээ илүү хүн гэдэг талаасаа хандаж биеэ бэлдвэл их зөв болдог.  Аль ч орны төрийн тэргүүнтэй уулзахад мэдээлэл маш чухал. Тухайн улс оронд юу болж байна. Энэ хүн юуны төлөө санаа зовж байгаа бол, өнөө өглөө босоход тухайн оронд ямар үйл явдал болсон бэ гэдгийг ч сайн мэдэж байх ёстой. Энэ зүйлээс л яриагаа эхэлж цааш нь яг энэ улс Монголтой харилцах харилцаа нь юугаараа онцлог юм гэдгийг л бодож ярилцдаг даа. 

Уулзах гэж буй хүмүүс маань зарим тохиолдолд биднийг өөрсдөөс маань ч илүү судалсан байдаг. Гэхдээ тэр авсан мэдээлэл нь заримдаа буруу, зөрүү байх нь бий. Улс орны харилцаа хувь удирдагчдаас маш их шалтгаалдаг. Монгол Улс өөрийнхөө байж байгаа байдлыг маш сайн ойлгох хэрэгтэй. Ер нь би боддог юм. Монголыг удирдах гэвэл чи Монголоо их сайн ойлгох хэрэгтэй. Монголынхоо түүх, ёс заншил, хотын амьдралын хэмнэл, зовлон бэрхшээл, бахархлыг ойлгож мэдэх хэрэгтэй.

Монголоо ойлгож мэдэхгүйгээр бусадтай харилцана гэж байхгүй. Хүн өөрийнхөө эх орондоо хайртай, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаа хүнийг хүндэтгэдэг.  

Том улсын удирдагчидтай Монгол байнга уулзаад байх боломжгүй. Зарим нь уулзаад ч хэрэггүй гэж боддог улс ч байгаа. Тэгэхэд тэр бодлыг нь өөрчлөх, уулзахад л маш чухал байсан байна шүү гэдэг хэмжээнд бид хүргэх хэрэгтэй. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн том хариуцлага. 

Тухайн уулзах гэж байгаа хүн нь ямар замаар энэ улстөрд ирснийг ч хэн, хэн нь судалдаг. Тэгэхээр тэр намтар түүх нь ч бусдын хүндлэх шалтгаан болж байх учиртай. Хэрэв тийм Ерөнхийлөгчтэй улс бол азтай байна гэсэн үг. 

Миний хувьд ард түмэндээ баярладаг. Малчин айлын хүүхдийг магнай дээрээ зална гэдэг Монголд байгаа чөлөөт саналын үр дүн юм. Тэгэхээр энэ нь ард түмний сайных. Би нэг зүйлийг онцолж хэлмээр байдаг юм. Миний ажил сайн бол энэ ард түмний сайных. Миний ажил муу байсан бол миний муугийнх. 

- Төрийн тэргүүд албан ёсны бус, камерийн ар дахь уулзалтууд дээр чухам юу ярьдаг бол гэдэг их сонирхолтой байдаг.

- Маш их онигоо ярина. 

- Хошин шогийн мэдрэмж хамгийн сайтай нь хэн бэ?

- Ер нь бүгдээрээ. В.Путин Ерөнхийлөгч хошин шогийн мэдрэмж маш өндөртэй. Мөн Н.Назарбаев Ерөнхийлөгч ч бас их хошин шогийн мэдрэмжтэй хүн. 

Биднийг сая ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр явж байхад жишээ нь Англид сонгуулийн үр дүн гарч байсан. Тэгэхэд тэр сонгуулийн тухай бид улстөрийн өнцгөөс бус дандаа л хошин байдлаар хоорондоо ярилцах жишээтэй.

- БНХАУ-ын төрийн тэргүүн таныг Ерөнхийлөгч байх үед Монгол Улсад түүхэн айлчлалаа хийсэн. Хувь хүнийх нь үүднээс тэр хүнийг та юу гэж дүгнэх вэ?

- Ши Жиньпин Ерөнхийлөгч төрсөн нутагтаа маш их хайртайг би түүнтэй уулзахдаа л мэдэрсэн. Гэр бүлдээ ч маш их хайртай. Сүүлд маш олон шавар цэрэг олдоод байгаа Сиань мужид төрсөн хүн. Ши Жиньпин Ерөнхийлөгч гэргийн хамт, би гэргийн хамт бид дөрвүүлээ манай гэрт зоог бариад сууж байх үеэр тэр хоёр анх хэрхэн танилцаж байсан тухайгаа хүртэл ярилцаж, хөгжилдөж сууцгаасан.

“Манай нутаг сайхан шүү. Манайд айлчлалаар очихдоо заавал Сианиар очоорой” гэж захиж байсан. Гэр бүлийн хүн нь ч “Биднийг маш сайхан хүлээж авлаа. Та хоёрыг очиход хэрхэн хүлээж авах вэ гэж бодож байна” гэж байсан. Бид их энгийн, дотно харилцааг үүсгэж чадсан даа. 

- Ши Жиньпин Ерөнхийлөгч Монголд хийсэн төрийн айлчлалынхаа үеэр УИХ-ын чуулганы индэр дээрээс “Миний нутаг” шүлгийг уншиж байсан. Үүнийг хүн бүр л янз бүрээр тайлбарласан. Та хэрхэн хүлээж авсан бэ?

- Хоёр орны хооронд маш их хөндүүр сэдвүүд байдаг. Тэр сэдэв бүхнийг би ганцаарчилж суугаад ярилцсан. Мэдээж бүх асуудал дээр санал нэгдэхгүй. Гэхдээ ярина гэдэг чухал. Тухайлбал, Далай ламын асуудлыг нэрлэж болно. 

Энэ үед Ши Жиньпин Ерөнхийлөгч өөрийнхөө байр суурийг илэрхийлээд заримдаа чимээгүй болж байлаа. 

Түүнийг би ажил, үйл хэрэгтээ маш хариуцлагатай ханддаг, асар их зүйлийг тооцоолж, олон нүүдэл харж ханддаг хүн юм байна гэж бодож байсан.

Миний хувьд ийм түүхийг хожим сургамж болгох үүднээс бичиж үлдээх нь зөв байж магадгүй гэж боддог. 

Ши Жиньпин Ерөнхийлөгчтэй хамт суугаад ярилцахад нэг тийм зөв энергитэй хүн гэж байдаг даа, тийм л хүн. 

- Таны дурдсан Далай ламын асуудлаар байр суурийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Далай лам Монгол Улсад цэвэр шашны гэгдэх айлчлалаа өнгөрсөн онд хийгээд явсан.  Энэ үед АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт  Далай ламын айлчлалын талаар танд талархсанаа илэрхийлсэн байсан. Түүнээс харвал, таныг Далай ламыг урьсан мэт ойлгогдохоор байв. Сүүлийн шашны айлчлалд та ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл бий юу?

- Бид шашны зүтгэлтэнтэй улстөр ярьдаггүй. Энэ бол Монголын зарчим. Үүнийгээ бид хатуу баримталдаг. Манай өмнөд хөршийн хувьд “Нэг Хятад” бодлого баримталдаг. Энэ бол хувиршгүй. 

Оюун санааны тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаалж үлдэхтэй холбогдсон бодлогод би их олон мянган цаг зарцуулсан

- Далай ламын айлчлалтай холбоотойгоор БНХАУ-ын зүгээс хэд хэдэн удаа Монголыг буруушаасан мэдэгдлийг хийсэн. Харин Монгол Улсын сайд бидний буруу байсан утга бүхий мэдэгдэл хийсэн нь олон хүний эгдүүцлийг төрүүлсэн. Дипломат бодлогын хувьд энэ зөв алхам гэж харах уу?

- Миний өнгөрсөн хугацаанд явуулсан бодлогоос хамгийн хаалттай байсан гэж үзэж болох зүйл бол энэ оюун санааны тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаалж үлдэхтэй холбогдсон бодлого юм. Түүн дотор шашин гэж хэлж болно. Энэ бодлогуудыг би олон түмэнд нэг их тайлагнаагүй. Харин би үүнд их олон мянган цаг зарцуулсан. Энэ тухай дараа ярьж болох байх. 

- Монгол Улс, ОХУ, БНХАУ 100 жилийн дараа дахин ширээний ард суусан түүхэн уулзалтыг Монгол Улс санаачилж эхлүүлсэн. Энэ жил яагаад гурван талт уулзалт болсонгүй вэ. Бас та анх энэ уулзалтыг санаачлах болсон зорилгоо танилцуулахгүй юу?

- Бид гурав гурван удаа уулзсан. Одоо энэ уулзалтын шинэ тойрог эхэлж байна. Шинэ тойргоо Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчөөр эхлүүлэх нь зөв юм гэж ярилцацгаасан. Ирэх жил БНХАУ-д ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болно. Тэр үеэр гурван талт уулзалт болно. 

Хоёр хөршийн зүгээс энэ гурван талт уулзалт Монголын хувьд маш чухал механизм боллоо гэдэг.  Манай хөрш хоёр оронтой ойрхон харилцахыг боддог олон л улс дэлхий дээр байгаа. Тэд хүртэл сайнаар хэлбэл цагаан атаархалтай байдаг. Яаж та бүхэн ингэж чадав гэж их сонирхдог юм. 

Монгол Улсын хувьд энэ хоёр том улсын хооронд бүтнээрээ ганцаараа байгаа онцлог улс. Ерөөсөө миний гол санаа хоёр том гүрний дунд Монгол ганцаараа байна. Хоёр талаараа яриад явах маш олон асуудал бий ч жишээ нь, урд хөрштэйгээ тохирсон асуудлаа хойд хөрштэйгээ дахиад ярилцах шаардлага гараад байдаг. Тэр хооронд хүндрэлтэй зүйлүүд их тохиолдоно. Харин гурвуулаа сууж байгаад ерөнхий зарчмаа тохироод хэлэлцээд явах юм бол Монголд ач холбогдолтой юм. Харин энэ санаачлагыг дэмжсэн ОХУ, БНХАУ-ын энэ хандлагад бид талархах ёстой. Тэр хүмүүс Монголоос тавьж байгаа санал, үндэслэлийг үнэхээр ойлгож хүлээж авсан. Үүнд л бид үргэлж талархах ёстой. 

- Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоо чухалчилж үздэг. Үүнд олон ч улс багтдаг. Япон, Герман, АНУ, Энэтхэг, Солонгос гээд... Гуравдагч хөршийн удирдагчдаас таныг Германы Канцлер Ангела Меркель, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай их дотно харилцаатайг олон үйл явдал нотолсон. Тэд Монголд яагаад ийм элэгтэй байдаг вэ?

- Канцлер Ангела Меркель гуайтай би Нью-Йоркийн жижигхээн уулзалтын өрөөнд анх уулзаж танилцаж байлаа. Найман минутын л уулзалт. Тэр уулзалтын төгсгөлд надтай гар барихдаа “Би заавал Монголд очно оо. Таны ярьсан зүйл миний сэтгэлийг маш их хөдөлгөлөө” гэсэн. Ингээд  Монголд хоёр ч удаагаа ирээд явсан даа. Анх Монголд буугаад мэндлэхдээ “Би хэлсэн ёсоороо ирж байгаа биз” гэсэн шүү. Үнэхээр Монголд ирээд явсан. Тэр хүний хүлээлтэд Монгол нийцсэн гэж боддог. 

АСЕМ-ын уулзалт дуусаад бүгд хаалгаар гарч байсан урсгалыг сөрөөд л Ангела Меркель гуай ганцаараа дөхөөд ирсэн. “Миний амьдрал, оюун ухаанд хадагдаж үлдэх дурсамж гэх юм бол танайд өнгөрүүлсэн хоёр хоног байлаа. Энэ хэзээ ч миний оюун санаанаас гарахгүй. Баярлалаа” гэж хэлсэн. Бидний хооронд үнэхээр гайхамшигтай сайхан нөхөрлөл бий. 

Бидэнд төрсөн эгч, дүүгээс ялгаагүй харилцаа байдаг. Энэ харилцаа амьдралын туршид үлдэнэ. Надад өөр орны удирдагч хүртэл хэлж байсан нь “Ангела Меркель гуай таны тухай яасан сайхан сэтгэгдэлтэй байдаг гэж санана аа гэж”. Өөр орны Ерөнхийлөгчтэй уулзаж байхдаа хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгч гээд ярьсан түүх байдаг. 

Абэ Ерөнхий сайдын тухай асуулаа. Маш богино хугацаанд Монголд гурван удаа ирсэн хүн бол Шинзо Абэ Ерөнхий сайд. Харин Японд яг өөрийнхөө өвөл, зунгүй амьдардаг гэртээ урьж хамт цай ууж суусан ганцхан төр засгийн тэргүүн нь би болсон. Японы түүхэнд шүү дээ. Өмнө нь нэг Ерөнхий сайд зуныхаа байшинд Америкийн Ерөнхийлөгчийг хүлээж авсан гэж ярьдаг юм билээ.

Нэг удаагийн уулзалтаараа гэхэд бид цаасан дээр бичигдээгүй, төлөвлөгдөөгүй олон зүйлийг ярьж зарим нэг шийдвэрт хүрч байв. Жишээ нь,  Баянзүрх дүүрэгт яригдаж байгаа эмнэлгийн асуудал, Японд 1,000 инженер бэлтгэх тухай огт төлөвлөгдөөгүй байсан ажлуудыг ярилцаж тодорхой шийдлүүдэд хүрч байв. Ийм л гайхалтай харилцаатай бид. 

- Төрийн тэргүүн болоод хамгийн түрүүнд хийх айлчлал гадаад харилцааны хувьд их ач холбогдол өгч сонголт хийдэг гэдэг юм билээ. Та хоёр дахь бүрэн эрхийнхээ анхны айлчлалыг Хойд Солонгосоос эхэлж байсан. Яагаад ийм сонголт хийсэн бэ?

- Анхны бүрэн эрхээ эхлүүлж байхдаа Энэтхэг улсад айлчилсан юм. 

Энэтхэгээс эхэлж хэлэхэд бид оюун санааны олон мянган жилийн холбоотой явж ирсэн түүхэн харилцаатай улсууд. 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлах төлөвлөгөө байгаагүй. Тэгэхэд би Москвад Ялалтын баярын 70 жилийн ойгоор Энэтхэгийн Ерөнхийлөгчтэй уулзаад Монголд айлчлах нь ямар ач холбогдолтой талаар ярьсан. Тэр дундуур тэрбум долларын зээлийн тухай ч яригдаж байв. Бид арваад минут л уулзсан. Тэгээд л дараахан нь Ерөнхий сайд Н.Моди Монголд ирсэн. Энэтхэг улсаас Монгол Улсад айлчилж байгаа анхны Ерөнхий сайд нь шүү дээ. Ер нь Энэтхэгийн Ерөнхий сайдуудтай Монгол Улс хамгийн сайхан харилцаатай байж ирсэн. Анхны Ерөнхий сайд нь гэхэд бүр Монгол Улсыг маш их судалдаг хүн байсан. Одоо Моди Ерөнхий сайдтай уулзахад хагас үгнээсээ ойлголцдог бүр нэг эртний танил шиг болсон байна. 

- Эхний айлчлалаа сонгохдоо заавал гуравдагч хөршөө сонгодог гэдэг юм билээ. Зөв үү?

- Төлөвлөгөөний дагуу л явна. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж тодорхой баримт бичиг батална. Миний хувьд анх Ерөнхийлөгчөөр сонгогдоод л Энэтхэг рүү айлчлал хийх ёстой байсан. Энэ бол их онцгой тохиолдол. 

- Хойд Солонгосын айлчлалын талаар та тодруулахгүй юу. “Залуу” удирдагчтай уулзсан, уулзаагүй гээд янз бүрийн яриа байдаг шүү дээ. 

- Хойд Солонгосын айлчлалаас бас сонин үлдсэн дурсамж бол Ким Ир Сений Их сургуульд яриа (ардчиллын тухай) хийсэн явдал байв.  

- Энэ жилийн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” -ээр Япон, Өмнөд Солонгос, Умард Солонгос гурван улсын төлөөлөгчдийн хооронд таагүй уур амьсгалтай уулзалт болоод байна. Ер нь Зүүн Хойд Азийн ээдрээтэй харилцаатай орнуудын уулзах цэг нь Монгол болоод байна.  Энэ уулзалт Монгол Улсын гадаад бодлогод ямар ач холбогдолтойг та тайлбарлахгүй юу?

- Монгол Улсын хувьд аятайхан боломж олон гардаг улс биш юм. Цөөхөн гарсан тэр боломжуудаа алдаж болохгүй юм байгаа юм. Гадаад харилцаанд ч, улстөр, нийгмийн амьдрал дээр ч адилхан. 

Хойд Солонгос гэдэг Монголын хувьд онцгой үүрэг гүйцэтгэх боломжтой улсын нэг. Энэ байдлаараа л ярилцаж байгаа. Хамгийн сүүлд авсан сайн мэдээ бол Америкийн засаг захиргаанаас зургаан талт уулзалтын нэг зочин орон Монгол байж болох юм байна гэж үзсэн байсан. 

Ийм боломжийг бариад л авах хэрэгтэй. Зарим нэг зүйл боломжгүй мэт санагдаж байсан ч гаргаж тавиад л хойноос нь тууштай явах хэрэгтэй. 

Миний хувьд нэг зүйлд дургүй. Тэр нь Монгол боломжоо алдахад дургүй

- Монгол Улсад олон улсын хувьд ч гэх юмуу нүүдэл хийх боломж ховор тохиодог гэж байна. Та үүнийг тодруулахгүй юу?

- Монгол эх гүрэн байхдаа боломж их байсан гэж боддог. Одоо бидэнд тийм боломж байхгүй. Монгол Улсад байдаг нэг давуу тал бид хоёр хөрштэйгээ хилийн маргаан байхгүй. Хилээ хоёр хөрштэйгээ тогтоогоод Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүртгүүлчихсэн. Энэ бол гайхамшиг. Хоёр том хөршийн дунд байна гэдэг давуу тал ч байна, сорилт, хэцүү зүйл ч байдаг.  

Манай урд хөрш дэлхий дээр байгаа бүх барааг хийж байна. Тэгэхээр Монгол өөрөө үйлдвэрлэгч байна гэдэг том сорилт байгаа биз. Бид урд хөршөө давж хийх боломж байхгүй. Гэтэл манай хойд хөршид юу байна вэ. Маш том газар нутагтай, хамгийн их баялагтай. 11 цагийн бүст хуваагддаг том газар нутагтай орон шүү дээ. Тэгэхээр бид баялгаа зөв замаар гаргахгүй бол хойд хөрш манай өрсөлдөгч болчихож байгаа биз. Баялгийн хувьд хойд хөрш маань бидний өрсөлдөгч. Үйлдвэрлэлийн хувьд урд хөрш маань бидний өрсөлдөгч. Энэ бол Монголын асар том сорилт. Тэгэхээр сорилтыг давахын тулд ямар их ухаантай байх ёстой вэ. Монголчууд ямар их хичээх ёстойг харуулж байна. 

Миний хувьд нэг зүйлд дургүй. Тэр нь Монгол боломжоо алдахад дургүй. Монгол Улс боломжоо ашиглаж чадахгүй алдчихаар надад их харамсалтай санагддаг. Улс орны амьдрал ч адилхан. Хүн ч адилхан цаг хугацааны эрхэнд захирагдаж амьдардаг. Тэр цаг өнгөрчихсөн бол эргэж ирдэггүй. Монголын цаг ирсэн бол тэр боломжоо ашиглах л хэрэгтэй. Цагийн зүү буцаж цохидоггүй. Эдийн засагт ч бай, улстөрд ч бай бид боломжийг алдаад байх тийм тансаг орон биш. Үүнд Монголын онцлог байдаг юм.

Ерээд оны түүхэн боломжоор бид тамын тогооныхоо тагийг яг үнэндээ аваад хаячихсан 

- Гэтэл бид тамын тогооноосоо гарч чаддаггүй. 

- Ерээд оны түүхэн боломжоор бид тамын тогооныхоо тагийг яг үнэндээ аваад хаячихсан юм. Одоо бол тамын тогоон дотроо нэг нэгнээ багалзуурдаад, чанаад суугаад байж болохгүй. Тогооны амнаас цааш дэлхий уужим байна. Олон боломж байгаа. 90 оны өөрчлөлтийн утга үүнд бий. Түүнээс хүн бүхэнд таалагдах гэж хүн бүхнийг жаргаах гэж энэ бүх өөрчлөлтийг хийгээгүй. Харин хүн бүхэн өөрийн бодолтой байх, хүн бүхэн өөрөөрөө амьдрах эрх чөлөөг хүн бүрт бий болгох гэж явсан. Одоо улс орон яаж явах гэдэг хүн бүхний өөрийнх нь гарт очсон. 

- Эдийн засгийн үзүүлэлт, хүн ам багатай жижиг улсыг төлөөлж байгаа улсын Ерөнхийлөгч алив уулзалт хуралд бараг л дуугүй сууж байгаад гарсан нь дээр юм шиг. Харин та боломж л гарах юм бол дуутай байх ёстой гэж байна. Энэ нь таны хувь хүний амбицтай их холбоотой гэж ойлгож болох уу. Эрмэлзэл багатайхан Ерөнхийлөгч сонгогдвол... 

- Эрмэлзэл их чухал. 

Хүмүүс яагаад ч юм гадаад харилцааны тухай их ярьдаг. Яг үнэндээ би энэ их цаасыг аваад үзэхээр гадаад харилцаатай холбоотой цаас бараг байхгүй. 

Миний нийт ажлын 5-10 хувийг л гадаад харилцаа эзэлсэн. Цаана нь 90 хувь нь Монголын дотоод амьдралтай холбоотой. Дотоодод хийж байгаа зүйлд хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг нь эндээс харагдаж байгаа юм. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг илүү сайн ажиллах боломж л олгодог. 

Урд орой нь нийтийн сүлжээнд над руу дайрсан, шүүмжилсэн зүйлс их байвал би маргааш өглөө нь ер нь их эрт босно шүү. Би нэг л зүйлийг үргэлж хэлдэг. Над руу дайрч, шүүмжилж байгаа тэр улсууд намайг үргэлж хурцалдаг. Миний ажил сайн байсан нь тэднээс маш их хамаарсан.

Мэдээж нөгөө талд намайг тойрсон баг хамт олон байгаа. Тэр хүмүүсийн сайных. Миний хувьд байнгын өрсөлдөөн дунд явж ирлээ. Өрсөлдөөн намайг хурцалсан, өрсөлдөөн л намайг өдий зэрэгтэй ажиллахад хүргэсэн. Муу хэл амнаас ердөө айх хэрэггүй. Өөрт эрхэмлэдэг зүйлтэй л бол урагшлаад л байх хэрэгтэй. Муу зүйл ард сүүдэр мэт үлддэг.

- Өнгөрсөн хугацаанд хамгийн дурсамжтай уулзалтаа онцлооч гэвэл та хэнтэй уулзсанаа хэлэх вэ? 

- Оюун санааны гэдэг юм уу, сэтгэл санааны манлайлагч нэг хүнтэй уулзаж байлаа.

АНУ-ын улстөрч, дипломатч Хэнри Киссинжер гэж хүн байдаг шүү дээ.  Түүнээс харахад хүн заавал улстөрийн өндөр ажил эрхлээд нэр хүндтэй байх албагүй. Одоо 90 гарч яваа хүн. Бид хоёр хоёулаа Олон улсын байгууллагын нэг нэр хүндтэй шагнал гардаж авч байхдаа нэг ширээнд суугаад ярилцаж байсан юм.

Би Монгол Улсын Ерөнхийлөгч гээд өөрийгөө танилцуулаад Монголынхоо тухай баахан ярьж өгөв. Тэгсэн Киссинжер гуай “Би нэг л зүйлд харамсаж явдаг нь Монголыг судлах боломж надад гараагүй. Би Монголыг судалж чадаагүй. Таны ярианаас ч сонслоо. Монголчууд энэ хүн төрөлхтний амьдрал хувь заяанд их чухал үүрэг гүйцэтгэсэн улс гэж би мэднэ. Гэхдээ би Монголыг жаахан гүнзгий судалдаг байж дээ гэж бодох юм. Одоо ч нас явчихлаа даа” гэж байсан. Миний хувьд мэдээж энэ уулзалтын үеэр Монголдоо урьсан. Эндээс надад ямар бодол төрсөн бэ гэхээр дахиад л эх орноороо, өвөг дээдсээрээ бахархах бахархал төрсөн. Тэр агуу хүн тэгж харамсаж байна. Тэгэхээр Монголын тухай хүн төрөлхтөн мэдэх ёстой агуу түүхтэй, соёлтой, ирээдүйтэй улс юм гэж бодож билээ. 

- Монголд болсон АСЕМ-ийн уулзалтаас нэр хүндээ өсгөсөн хүн нь таныг л гэж дүгнэх хүн бий. Өөр бусдаар Монголд ер нь ямар ашигтай байсан юм бэ гэсэн тайлбар явдаг. 

- Явж л байг. 

ДӨРӨВ: ЦАГ ҮЕ, СОНГУУЛЬ, ЭРГЭЛЗЭЭТЭЙ АСУУДЛУУД

- 1993 онд шүүхийн тухай хууль баталснаас хойш 20 жилийн дараа хэрэгжиж эхэлсэн гэдэг. Шүүхийн тухай багц хууль таны санаачлагаар хийгдсэн ажил. Гэхдээ шүүхийн шинэтгэл гэж асуухаас илүү таны найз С.Зориг агсны хэргийн талаар асуумаар байна. Монголд шударга шүүхийг бий болгох таны энэ амлалтыг найзын тань хэрэгтэй холбогдуулж асуумаар байна. Таныг шүүхэд, С.Зориг агсны хэрэгт нөлөөлж байна гэх хардалт их байгаа шүү дээ. 

- Алив хэргийг шийдэхэд захиалга өгөх, нэг хүний эсвэл нэг хэсэг хүн үүнд нь шалтгаалах боломжгүй. Манай хууль хяналтынхан тийм зүйл хийхгүй.  Тийм зүйл хийхгүй байх тийм чадвартай, сургамжтай болчихсон улс. 

- С.Зориг агсны хэргийн гүйцэтгэгчид нь тодроод захиалагчид нь тодорсонгүй. Энэ талаар та санаа тавьж, тодорхой мэдээлэл авах боломж байдаг уу?

- Энэ өөрөө түүх, домог болчихсон хэрэг. Хүмүүсийн ам дамжиж их яригдсан, ийм домог болчихсон хэргийг шийдэх өөрөө маш хэцүү. Нөгөө талаасаа шүүх, хуулийн асар том цогц үйл явцыг нэг үйлдлээр яагаад ч үнэлэх боломжгүй. Хүмүүс зөвхөн нэг л өнцгөөр асуудлыг харах гээд оролдоод байна. Энэ бол түмэн өнцөгтэй. 

Бүх асуудлаа зөв шийдчихсэн улс орон, ард түмэн гэж байхгүй. Харин асуудлаа зөв шийдэх аргаа олсон улс л гэж байдаг

- Зургаадугаар сарын 8-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр “Эрдэнэт Үйлдвэр”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсонг буруутгасан шийдвэр гараад байна. Үүнд бас таныг холбогдуулсан мэдээлэл гараад л байна. Ер нь “Эрдэнэт Үйлдвэр”-ийн наймаанд таныг анхнаас нь холбогдуулж ирсэн. 

- Шүүхийн тухайд нэмж хэлэхэд төрийн ажил гэдэг хүний л харилцаа юм. Явж, явж хүний харилцаа юунаас үүддэг вэ гэхээр хүмүүжлээс үүддэг. Зөв хүмүүжилтэй, зөв үзэл баримтлалтай байх юм бол тэр хүмүүсийн хэлж байгаа бүхэн үндэслэлгүй, хоосон цуурай болоод үлдэнэ. Ер нь шүүх, хуулийн байгууллага дээр гарч байгаа шүүмжлэлийн 99 хувь нь ямар ч үндэслэлгүй байдаг юм байна лээ. 

Германы, Олон улсын хөндлөнгийн байгууллагуудын судалгааны дүнгүүд ч байдаг. Намайг Ерөнхийлөгч болж байхад Монголчууд шүүхдээ итгэх итгэлийн хэмжээ 18 хүрэхгүй хувьтай байсан. Одоо 62 хувь гээд гарчихсан байна. Энэ хөндлөнгийн үнэлгээ. Үүгээр л дүгнэж болно.
 
Гэхдээ бид бүх ажлыг хийчихсэн гэсэн үг биш. Шүүмжлэлтэй зүйл байна гэдэг чинь сайжруулах юм үлдэж байна л гэсэн үг. Нэг хүний бүрэн эрхийн хугацаанд үүнийг шийднэ гэж байхгүй. Хамгийн гол нь асуудлыг шийдэх зөв аргаа олох нь чухал. Ер нь бүх асуудлаа зөв шийдчихсэн улс орон, ард түмэн гэж байхгүй. Харин асуудлаа зөв шийдэх аргаа олсон улс л гэж байдаг. Бид энэ арга руугаа нэлээд дөхсөн. Ялангуяа энэ шүүх эрх мэдэлтэй холбоотой арга хэмжээнүүд дээр. 

- “Эрдэнэт Үйлдвэр”-ийн наймааны тухайд та юу хэлэх вэ?

- “Эрдэнэт”-ийн хувьд миний хувийн оролцоо, нэг төгрөгийн ч хувь сонирхол байхгүй. Нэг жилийн дараа, арван жилийн тийм сонирхол байсан бол гараад л ирнэ. Хэрвээ миний ашиг сонирхол тэнд байгаа бол тэр нь ард түмнийх л болог. Би “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувь дээр ганц л зүйлийг үнэлсэн нь Монгол хүний зориг, хийморь. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирна гэж бодоод үнэхээр түүнийгээ Монголд аваад ирж байгаа бол энэ бол үнэлэх ёстой зүйл. 

Өөр бусад залруулах, эерүүлэх шаардлагатай мянган зүйл байж магадгүй. Тэрнийг хийцгээнэ л биз. Би хувьдаа гаднаас шороо атгаад ирж байгаа хүнийг үнэлдэг. Гадагшаа гараад амжилттай ирж байгаа Монгол хүнийг үнэлдэг.  Хууль дүрэмтэй холбоотой зүйлийг зөв л болгоно биз. 

- 49 хувийн наймааг хийх шийдвэр гаргах үйл явцад та ямар нэгэн байдлаар оролцсон уу?

- Юунд ч оролцох шаардлагагүй.

 

- Жишээ нь, өнгөрсөн жил Узбекистанд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр та В.Путин Ерөнхийлөгчтэй үүнийг эцсийн байдлаар тохирсон гэлцдэг шүү дээ. 

- Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ), УИХ-аар орох байсан гэж хүмүүс ярьдаг. Хүнд байгаа 49 хувийн тухай Монголын ҮАБЗ –ийн хурал дээр хэзээ ч ярьдаггүй юм. ОХУ-д байсан 49 хувь шүү дээ. 

В.Путин Ерөнхийлөгч “Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг танай Аж ахуйн нэгж худалдаж авч байгаа. Монголчууд цааш нь аваад явж чадна гэдэгт би итгэж байна” гэсэн л яриа бидний дунд болсон. 

Хэлэх ёстой үгийг хэлэх ёстой цагт нь хэлнэ гэдэг улстөрч хүнээс заавал гарах ёстой эр зориг

- УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэт Үйлдвэр”-ийн худалдаад аваад ирсэн 49 хувийг төрд 100 хувь шилжүүлэх тогтоол гаргах өдөр та чуулганд орж ирж үг хэлсэн. Тухайн үед Ерөнхийлөгч өөрийнхөө өмчийг хамгаалахын тулд аргаа барж байна даа гэцгээж байв. 

- Эхэлж хүнд ордог бодол нь тэр л дээ. Тэр нь ч буруу биш. Тийм уур амьсгалтай зааланд орж үг хэлнэ гэдэг хувь хүний хувьд хэцүү шийдвэр.  Гэхдээ хэлэх ёстой үгийг хэлэх ёстой цагт нь хэлнэ гэдэг улстөрч хүнээс заавал гарах ёстой эр зориг. 

“Эрдэнэт”-ийн асуудалд ард түмэн, ард иргэддээ эзэмшүүлэх хувь байна. Хувийнханд байх хувь байна. Төрдөө байх хувь байна. Зүгээр л хувийн өмч хөрөнгийг хууль дүрэм зөрчөөд улстөрийн шийдвэрээр ингэж хандаж болохгүй. Энэ УИХ зүгээр л нам, улстөрийн шийдвэр л гаргаж байна. Тэндээс шийдвэр гаргаад явж байгаа УИХ-ын гишүүд нь зүгээр улстөрчид л байгаа юм. Тэгэхээр энэ нь зүгээр нэг хоёр хүний хооронд юм уу, дараачийн сонгууль бодож түүндээ л ашиглах гэж оролдсон оролдлого байсан шүү дээ. Түүнээс биш энэ хүмүүсийн цаана “Эрдэнэт Үйлдвэр”-ийг бодож байгаа, ард түмнийг бодож байгаа бодол өчүүхэн ч байхгүй. 

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн наймаа цаг хугацааны эрхэнд зөвөөр үлдэнэ. Тэртээ тэргүй ойлгогдоно. Хүмүүст орж ирж байгаа эхний бодлыг би буруутгахгүй. Хамгийн гол нь энэ асуудалд өөрөө ямар нэгэн оролцоогүй ч би сэтгэл зөвтэй л байх хэрэгтэй гэсэн зарчим барьж ирлээ.

- “Эрдэнэт Үйлдвэр”-ийг 100 хувь төрд авах шийдвэр нь зөв байгаад түүнийг нь олон нийт нь дэмжиж байсан бол одоогийн эрх баригч намын даргыг саяын сонгуулиар сонгох байсан болов уу. Харамсалтай нь, Орхон аймагт гэхэд гурван нэр дэвшигчээс хамгийн өндөр оноо авсан нь МАХН-ын нэр дэвшигч, хамгийн бага саналыг МАН-ын нэр дэвшигч авлаа. Үүнээс Эрдэнэтчүүдийн хувьд УИХ-ын тогтоолыг дэмжээгүй нь харагдлаа гэж ойлгоод байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?

- Саяхан “Эрдэнэт”-ээс ирсэн нэг хүнтэй уулзаж байхад Эрдэнэтчүүд ч эхлээд энэ наймааг буруу болчихлоо, луйвар болчихлоо гэж ярьдаг байсан. Харин одоо хувь, улс хоёр нь оролцоод явах нь хэрэгтэй юм байна гэдэг ойлголт руу орж байна гэж байсан. Тэгэхээр энэ ингээд цаг хугацааны эрхээр ойлголт нь зөв болоод явна. 

Алив асуудалд бусад нь бараг 100 хувь эсрэг байр суурьтай байсан ч би болгоомжлох хүн биш. Байр сууриа илэрхийлэх зүйл дээрээ илэрхийлэх л ёстой. Монголын төлөө бол хүн шаардсан ч, шаардаагүй ч би илэрхийлнэ. Хүн битгий хий гэж шаардсан ч Монголын төлөө бол би хийнэ. Харин хүн хий гээд хэдэн мянгаараа жагссан ч Монголын эсрэг бол би хийхгүй. Ийм эр зоригтой, байр суурьтай байх нь удирдагч хүнд маш чухал зүйл. 

- Эдийн засгийн бодлогод Ерөнхийлөгчийн оролцоо бага гэдэг. Эдийн засаг дахь Ерөнхийлөгчийн нөлөөг та тайлбарлахгүй юу?

- Эдийн засаг гэдэг үлгэрт хууртдаггүй зүйл. Эдийн засаг мөнгөөр, тоогоор хэмжигддэг бодит хэмжүүртэй зүйл. Хохирол нь яг л бодитой төлөгддөг. Харин улстөрд зарим үед хүмүүс биелэх, биелэхгүй янз бүрийн амлалт өгдөг, үлгэр ярьдаг. Гэхдээ энд бас нэг ялгаа бий. Улстөрд дандаа үлгэр яриад байна гэсэн үг биш.  Хэрвээ ард иргэд хууртсанаа мэдэх юм бол хариугаа маш хатуу авдаг. Олон сонгууль үүнийг харууллаа. Элдэв тархи угаахаар явж байгаа хар мэдээлэл, янз бүрийн шуурганы аясаар хүний бодол санаа, оюун сэтгэлд нөлөөлж болно. Гэхдээ хүн бол хууртсанаа богино хугацааны дараа заримдаа цагийн уртад мэдэрдэг.  Хууртсанаа мэдэрсэн хүн бол хариугаа чанга авдаг. Тэгэхээр эдийн засаг, улстөрд аль алинд их л бодолтой хандах хэрэгтэй. 

35 тэрбум 252 сая төгрөгийг өршөөчихлөө гээд л хүмүүс хашхираад байсан. Тэгэхэд өнөөдөр 27 тэрбумыг нь төлчихсөн байна

- Ерөнхийлөгч хүн эдийн засагт бараг оролцоо байхгүй гэдэг ч таны гаргаж байсан хэд хэдэн шийдвэр эдийн засагт янз бүрийн доргио үүсгэсэн байдаг. Жишээ нь, Жастин Каплагийн асуудал. 

- Жастин Каплагийн асуудал хэцүү шийдвэр байсан гэж би хэлж байсан. Яг тэр үед найман мянган аж ахуйн нэгж татварын асуудлаар хууль хяналтын байгууллагад татагдчихсан байсан. Найман мянга гаруй аж ахуйн нэгж. Каплатай холбоотой шийдвэр тэдгээр найман мянган аж ахуйн нэгжид буян болсон. Зүгээр л татварын асуудлыг татвараар нь шийдье. Түүнээс шоронд суулгахаа больё гэдэг бүхэл бүтэн өөрчлөлт гарсан. Өнөөдөр ямар өөрчлөлт гарав. Төлбөр, санхүүтай холбоотой асуудал байгаад чи төлбөрөө төлж байгаа бол хүнийг заавал хориод байх шаардлагагүй. Эрүүгийн хуулиар одоо үүнийг өөрчилж байна. 

Жастин Каплагийн шийдвэр тухайн үед үзэн ядагдаж байсан. Өнөөдөр зарим нэг нь үүнийг мушгиж ашигладаг ч байж магадгүй. Гэтэл тийм том соёлыг аваад ирлээ шүү дээ. 

35 тэрбум 252 сая төгрөгийг өршөөчихлөө гээд л хүмүүс хашхираад байсан. Тэгэхэд өнөөдөр 27 тэрбумыг нь төлчихсөн байна. Одоо үлдсэн төлбөрөө төлөөд дуусгана. Хэрэв би хараалгахгүйг бодсон бол тэр хүмүүс шорондоо байж байсан нь дээр биз. Гэтэл би тэр найман мянган аж ахуйн нэгжийн цаана хэдэн зуун мянган ажилчдын цалин мөнгө, хувь заяа байгаа вэ гэдгийг бодсон. Ийм алхмаар Ерөнхийлөгч эдийн засагт өөрчлөлт авчирч болно. Ийм шийдвэр гаргачих зориг бас ховор. 

- Тэгэхээр Ерөнхийлөгч эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл бас ихтэй гэж ойлгож болохоор байна. Жишээ нь, таны гаргаж байсан ашигт малтмалын лиценз олголтын зөвшөөрлийг хумисан явдал нь гадаадын хөрөнгө оруулагчдад “хар мэдээ” болсон гэдэг. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?

- Монголын газар нутгийн хангалттай их хэмжээ нь ашигт малтмалын хайгуулийн лицензэд орчихсон байсан. Яг албан ёсны тоогоор 48 хувь нь шүү дээ. Монголын нийт газар нутгийн талыг нь ашигт малтмалын хайгуулын лицензээр хүнд өгчихсөн байсан. Цүнхнээс цүнхний хооронд зардаг л зүйл болчихсон байсан. Зарим зүйлийн учрыг олохын тулд тас зогсоох хэрэгтэй байдаг. Одоо л тас зогсоохгүй бол болохоо болилоо гэдэг зүйлийг би Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал руу оруулж хууль санаачилж байсан. 48 хувийн хэмжээ долоо болтлоо буурсан. 

Үүнийг эх оронч алхам гэж хэлж болно. Улс орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө хийсэн алхам. Үүний төлөө гадны ганц, хоёр хүнд муу хэлүүлэх байх л асуудал.

- Өнгөрсөн 27 жилийн хугацаанд улстөрийн хувьд таны гаргахад хамгийн бэрх шийдвэр юу байв?

- Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрийн ордныг тойрсон шарилнаас салгасан ажлыг л нэрлэнэ дээ. Ордныг тойроод гурван хүний оршуулга байсан. Шарил дунд төрийн ордон байсан. Ерөнхий сайд болоод үүнийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингэж Чингис хааны дурсгалыг төрийн ордны өмнө залах хэрэгтэй гэсэн шийдвэрийг гаргуулах гэж Засгийн газрыг гурван удаа хуралдуулж байлаа. Их хурлаар энэ асуудлыг хоёр ч удаа хэлэлцүүлж байв. Гэхдээ энэ бол хийх л ёстой ажил байсан. 

Хамгийн хүнд хэцүү байсан гэж байгаа нь наян жил болчихсон шарилыг оршуулчихаад түүний дараах будаалганд очих надад хамгийн хүнд байсан. Гурван шарилыг зөөхдөө бид яг л нас барсан хүнийг нутаглуулах ёслол хийсэн. Тэгээд миний хувьд Ерөнхий сайдын хувиар будаалганд нь очиж үг хэлж байсан. 

Тэр үед надад хамгийн хүнд байсан. Хэчнээн зөв шийдвэр байсан ч хүний шарил хөндөж, шилжүүлж оршуулах гэдэг тийм амар зүйл биш байв. Нас барагсдын ах дүүсээс нь ойлгож дэмжсэн хүн ч байсан. Мэдээж ойлгохгүй нь ч байсан. Энэ бол хамгийн эмзэг асуудал байсан даа. 

- Энэ шийдвэртээ харамсдаггүй биз дээ?

- Харамсдаггүй. 

Иргэдийн эсэргүүцүүлж тавих зүйлээс чи дор хаяж өөрийнхөө ярьж байгааг зөвтгөх 10, 20 үндэслэлийг мэдэж байж чи зөвтгөгддөг, үнэлэгддэг  болчихсон

- Одоо болж байгаа сонгуульд нэр дэвшигчдийн онцлогийг харвал нэг тал нь эдийн засгийн тогтвортой байдал ярьж байна. Харин нөгөө талд улс орны аюулгүй байдлыг ярьж байгаа харагддаг. Яг өнөөдрийн нөхцөлд Монгол Улсад эдийн засгийн тогтвортой байдал чухал уу,  улстөрийн шинэчлэл чухал уу. Энэ хоёрын аль нь илүү үнэ цэнэтэй вэ?

- Харамсалтай нь, одоо болж байгаа сонгуулиар бодлогын мэтгэлцээн, маргаан огт явсангүй.

Гурван улсын Ерөнхийлөгчийн механизм бий болголоо. Та үүнийг үргэлжлүүлэх үү, энэ Монголд хэрэгтэй юу, үгүй юу. Хоёр хөрштэйгээ яаж харилцах юм. Японтой байгуулсан Чөлөөт худалдааны гэрээг та юу гэж үзэж байна вэ, алдаа, оноо нь юу вэ. Өнөөдрийн Монголын шүүх ямар янзтай байна, батлагдсан 16 хууль дотор болохгүй зүйлийг нь та юу гэж харж байна вэ. Зөрчлийн хууль хэрэгжээд эхэллээ. Энэ хуулиас хэд нь иргэдийн амьдралд нийцэх вэ, та яаж энэ хуулийг сайжруулах вэ гэсэн асуулт, хариулт явсангүй. 

Өнгөрсөн хугацаанд миний ойлгож авсан гол зүйл алив асуудлын суурь углуургаар нь ойлгох чадвар Ерөнхийлөгч хүнд маш их хэрэгтэй. Шүүхийг шинэчлэхэд 16 хууль хэрэгтэй гэж байлаа. Би өөрөө шүүгч, хуульч биш. Гэхдээ энэ хуулийг боловсруулж байгаа хүмүүсийг суулгаад ярихад тодорхой зарчмын заалтуудыг байх хэрэгтэй, хэрэггүй талаар үндэслэлийг нь гаргаад ирэхэд бүгд толгой дохидог. Намайг Ерөнхийлөгч учраас долигнож байгаа юм биш. Аргагүй л үнэн байна даа гэж хүлээж авч байсан. Тэгэхээр ийм хэмжээний мэдлэг заавал хэрэгтэй байдаг юм шүү. Цэрэг, аюулгүй байдал, эдийн засгийг суурь агуулгаар нь ойлгох нь маш чухал. 

Дээрээс нь аливаа асуудалд иргэдээ оролцуулж шийдэх хэрэгтэй. Иргэний танхимын үүрэг маш чухал.  Тэр орон нутгийн хөгжлийн сан маш чухал байна. Сум бүхэн өөрчлөгдөөд хөгжөөд ирэх юм бол Монголын нүүр царай өөрчлөгдөнө. Орон нутагт амьдарч байгаа хүн л өөрийнхөө амьдралыг мэднэ. Хүн бол эргэн тойрноо л сайн сайхан болгохын төлөө явдаг юм. Тэр боломжийг олго гээд ярихаар хэчнээн эсрэг хүн байсан ч миний ярьж байгааг унагаж чаддаггүй л байхгүй юу. Ийм хэмжээний үнэт зүйл, мэдрэмж маш их хэрэгтэй. 

Ийм нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг ярихаар эхлээд заалны 70 хувь нь эсэргүүцэж байсан ч яриад дуусахаар бүгд 100 хувь дэмждэг. Энэ нь гоё ярьж байгаадаа биш. Харин асуудлыг агуулгаар нь тайлбарлаж ойлгуулж байгаа зүйл юм. Чи гоё үг чээжилж болно. Агуулгыг нь харин өөрөө тайлбарлаж чадахгүй, ойлгоогүй бол ямар ч шийдвэр гаргаж чадахгүй. Чамайг хэн ч үнэлэхгүй. 

Иргэдийн эсэргүүцүүлж тавих зүйлээс чи дор хаяж өөрийнхөө ярьж байгааг зөвтгөх 10, 20 үндэслэлийг мэдэж байж чи зөвтгөгддөг, үнэлэгддэг  болчихсон. Түүнээс албан тушаалын өндрөөр, хүний өндөр, намаар юм уу, нүүр царайгаар үнэлэгддэг нийгэм биш юм. 

Улстөрд хүн алдаа хийсэн, тэр нь нотлогдсон, ард түмэн түүнийг нь ойлгосон байх юм бол тэр улстөрчийг улстөр рүү эргүүлж оруулж яах юм бэ

- Шинээр сонгогдох Ерөнхийлөгч ажлаа юунаас эхлэх ёстой вэ?

- Ерөнхийлөгчийн хийж чадах ажил бол цөөхөн. Хамгийн түрүүнд л Хариуцлагын тухай хуулийг шахах хэрэгтэй. Манай улсад энэ хариуцлага гэдэг утга учиргүй зүйл болчихоод байна. Ёс зүй, улстөрийн хариуцлага гэж байдаг. Улстөрд хүн алдаа хийсэн, тэр нь нотлогдсон, ард түмэн түүнийг нь ойлгосон байх юм тэр улстөрчийг улстөр рүү эргүүлж оруулж яах юм бэ. Бүх хуулинд, бүх журмандаа үүнийг оруулаад өгчих. Энэ бол хамгийн чухал сургамж юм. Ус руу нь битгий эргүүлж хий. Улстөрчийн хувьд улстөр нь ус нь юм. Алдаа хийсэн хүнийг тэр ус руу нь эргүүлж хийх хэрэггүй.Энэ юу гэсэн үг вэ гэхээр улстөрийн сонгуульд нэр дэвшихийг нь хориглочих. Улстөрийн албан тушаалд томилохоо хориглочих. Заримыг нь хуулиар хий. Заримыг нь намын дүрмээрээ зохицуул. Хариуцлагын асуудал ердөө л энэ. 

Одоо намын тухай хуулийг би боловсруулчихсан бэлэн байна. Тэр хуулийг батлуулж намыг хариуцлагатай болгох хэрэгтэй. Намтай бас хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Төрийн албаны тухай хууль өнөөдөр хэрэгжээд явж байна. 

Иргэний улстөрийн эрхийн тухай гээд хууль бас цаана нь байна. Энэ хуулийг заавал гаргах хэрэгтэй. Яг үнэндээ, таны, миний улстөрийн эрхийг улстөрийн намуудаар дамжуулаад булаагаад авчихсан. Чи улстөрийн намын гишүүн биш л бол улстөрийн эрх бараг байхгүйтэй адилхан. Сонгуульд оролцохоос өөр эрх байхгүй. Ингээд нам руу ороод ирэхээр намын эрх барьж байгаа цөөн хэд нь энэ эрхийг булаагаад авчихсан байх жишээтэй. Яг төрд гараад эрх баригч болоод ирэхээр эрх барьж байгаа цөөн хэсэг, фракц улстөрийн эрхийг булаагаад авчихсан байдаг. Үүнийг иргэний улстөрийн эрхтэй, ардчилалтай орон гэхгүй. Тэгэхээр тэр Иргэний улстөрийн эрхийн тухай хуулийг заавал батлуулах ёстой. Иргэд санал хураагаад тодорхой асуудлаар хууль санаачилдаг байж болно. Иргэд санал хураагаад тодорхой асуудлаар сумын засаг даргын шийдвэрийг өөрчилдөг эрхтэй байж болно. Ийм бүх боломжийг иргэддээ олгох хэрэгтэй. Тэгэхээр болохгүй байгаа зүйлийг л өөрчлөх гэж явах хэрэгтэй. 

Миний өнгөрсөн хугацаа дахь ажлын онцлог бол төрд хулгай, авлига байгаа бол түүнийг засъя, ийм хууль байна, үүнийг санаачилъя, боловсруулъя гэдэг. Харин ихэнх улстөрч төрд хулгай, авлига  байгаа бол түүнийг нь ашиглаад авъя гэж боддог. УИХ-ын гишүүн ч юм уу болохоороо халдашгүй дархан эрхтэй болчих юм байна. Үүнийг л ашиглаад авъя гэсэн бодолтой байдаг. Харин миний хувьд тэр халдашгүй дархан байдалд нь хуулиар аль болох халддаг боломжийг нээж өгье гэж боддог.

Үнэхээр өөрийнхөө мэдэхгүй, чадахгүй улстөр рүү орох гэж зүтгэдэг энэ явдлыг хязгаартай болгох хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд амьдрал баян. Амьдрал өөрөө зөнгөөрөө сургаад өгдөг. 

Нэг үг байдаг юм. Тэнэг, галзуу хоёрт замыг нь тавьж өгч бай гэж. Зарим нэг солиорсон хүнд замыг нь тавьж өгөхөөс өөр аргагүй. 

- Зарим хүнд замыг нь тавьж өгөөд өнгөрөөх хэрэгтэй гэсэн үгэндээ та өөрийнхөө зарим найз нарыг хэлж байна уу. Жишээ нь, тантай улстөрийн нэг хүчинд зүтгэж байсан хүмүүс таныг “дайруулж” олон ч нээлттэй мэдэгдэл хийлээ. Хамгийн тод жишээ бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг танд хандаж олон удаа мэдэгдэл хийсэн дээ. 

- Надтай хамт явж байсан олон хүний бас нэг хэлдэг үгийг та нар ерөөсөө сонсоогүй байж магадгүй. “За танд насаараа баярлаж явна аа. Баярлаж байна” гэж хэлдэг олон найз нөхөд бий. Ихэнх нь надад тэгж хэлж байсан. Тэгж баярласан хүн нь олон байдаг юм шүү дээ. 

- Хамгийн сүүлд хийсэн бас нэгэн ноцтой мэдээлэл бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга таныг МАНАН-ын бүлэглэлтэй үгсэж дараа нь Ерөнхий сайд болж эргэж ирэх гэж байна гэж хэлсэн. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

- Хүн хэлэх эрхтэй. Дээр нь бүр хардах эрхтэй. Тэр хүнд тодорхой төсөөлөл байгаа. Тэр төсөөллөө хэлэх эрхтэй шүү дээ. Заримдаа онодог, заримдаа унадаг. Түүнд огт эмзэглэх зүйлгүй. Би заавал тайлбар хийх гээд байх шаардлагагүй. 

- Тантай их ойр дотно явсан найз тань шүү дээ. Яагаад та бүхний дунд ийм хагарал бий болов?

- Улстөр гэж зүйлийн онцлог нь энэ. Хэрвээ би гайхамшигтай дуучин, сайн хөгжимчин байж түүгээрээ олон тэмцээнд түрүүлээд байвал шүтэн бишрэгчдийн тоо улам нэмэгдэнэ. Гэтэл улстөр хүмүүсийг наад зах нь хоёр хуваачихдаг. Чи нэг зааланд яг улстөрчийн хувиар яваад ороорой. Улстөрийн үзэл бодлоор эсрэг тэсрэг үзэл бодолтой хүмүүс заавал байдаг. Нөгөө талд чамайг дэмждэг, ойлгодог тийм хэсэг ч байдаг. Тэгэхээр улстөрчийн хувьд үүгээрээ гашуун. 

- Та эргээд тэр хүмүүстэйгээ эвлэрнэ гэж боддог байх. Тийм үү?

- Эвлэрэхгүй байх ямар ч нөхцөл байхгүй. Зүгээр л хүн шиг харилцаагаа хадгалаад явах хэрэгтэй. Ер нь хүний харилцаа бол өөрөөс нь л шалтгаалдаг юм. Хүний зовлон өөрөөс нь л гардаг. 

Гэхдээ тодорхой хугацааны дараа зарим ээдрээтэй харилцаа миний амьдралд харин ч хэрэг болсон байна. Би цаашаа нь улам л хүнд байдалд орох гэж байсныг татан сэргийлсэн байна шүү гэж нүүрэн дээр хэлж чадахгүй ч тэгээд бодоод явж байдаг хүн зөндөө.

- Энэ сонгуульд анхны санал хураалтаар нэр дэвшигчид сонгогчдын саналын олонхын босгыг даваагүй тул дахин санал хураалт болох гэж байна. Үүнээс үүдээд таныг наадмыг ес дэх удаагаа нээж магадгүй гэх яриа гарсан. Ер нь наадам нээх тийм чухал үйл явдал уу?

- Наадам нээх тухай надад бодож байгаа зүйл нэг их алга. 

Дараагийн харуул ирлээ. Өмнөх харуулд ээлжээ өгөөд л  манаа солигдох ёстой

- Наадам нээх бэлтгэлээ хийж байна уу?

- Бүх л тохиолдолд Ерөнхийлөгч бэлэн байх хэрэгтэй. Чи наадам нээх хэрэгтэй гэвэл би тэр ажлаа л хийнэ. Ерөнхийлөгчийн ажлын онцлог бол ажлаас бултаж, зугтаж болохгүй алба шүү дээ. Талбай дээр гараад гадны зочин хүлээж авах хэрэгтэй бол чи хүлээж авах л ёстой. Хэлэлцээр хийх ёстой бол хийх л ёстой. 

Дараагийн хүн ирээд тамгаа өгөх хүртэл ажлаа сайн л хийх хэрэгтэй. Тангараг өргөсөн цэрэг хүн шиг л байх ёстой. Миний хувьд цэрэг байж эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүн. Энэ хүмүүжил ч надад байдаг. Дараагийн харуул ирлээ. Өмнөх харуулд ээлжээ өгөөд л  манаа солигдох ёстой. 

- Өнгөрсөн наадмаар таны туг тойрч дэвсэн нь олон хүнийг гайхшралд оруулсан шүү дээ. Олон нийт юу гэж хэлэх бол гэж та эмээж байв уу?

- Надаас өмнөх Төрийн тэргүүн Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч дэвсэн тохиолдол гарч байгаагүй. Надаас хойш ч гарахгүй гэж бодож байна. Наадмыг найман удаа нээлээ. Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч хүндэтгэл үзүүлье л гэсэн бодол надад орж ирсэн. Тойрохдоо алхаад биш дэвээд тойрох нь зөв санагдсан. Яагаад гэхээр сур харваан дээр очихоороо би сум тавьдаг. Хурдан морины уралдаан дээр очихоороо морь унадаг. Түүнтэй л ижил. Түүнийг шүүмжилдэг нэгэн байхад сэтгэл нь хөдөлсөн хүн ч байдаг юм билээ. Б.Бат-Эрдэнэ аварга “Монгол төр үндэсний бөхдөө ингэж хүндэтгэл үзүүлсэнд баярлалаа” гэж хэлж байлаа. Харин энэ жил би туг тойрч дэвэхгүй. Хүмүүс тайван байж болно. 

-  Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөө бид сонгох гэж байна. Та олон нийтэд хандаж юу хэлэх вэ?

- Сонгууль, улстөр гэдэг их зах хязгааргүй, хамжааргагүй болчихож. Хуулиа маш их нарийвчлах хэрэгтэй юм байна. Харамсалтай нь энэ чиглэлд улстөрчид хайнга ханддаг. УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох гэхээр тэдний ихэнх нь батлах дургүй, явж өгдөггүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч байгаа энэ олон алдаа мадгийг тэр сонгуулийн хуулиар нь засч болно.  

Харин ард түмэн хэрсүүжиж байгааг би дээр хэлсэн. 

ТАВ: УЛСТӨР, НИЙГМИЙН ТОГТОЛЦОО, ЗАСАГЛАЛ

- Улстөрийн шинэчлэлийг ярья. Улстөрд орж байгаа хүмүүсийн анхны ашиг сонирхол нь хулгай хийх юм шиг л харагдах юм. Тэгэхээр ийм анхны ашиг сонирхолтой хүмүүсээс бид шударга ёс, ёс зүй нэхэх нь өөрөө утгагүй болчихоод байна. Хулгай хийх зорилгогүй байлаа гэхэд улстөрд орохоороо л хүмүүсийн өнгө нь хувирч хар будганд орчихоод байна. Үүнийг яаж засч залруулах вэ?

- Өөрөө арай хэтрүүлж байна. Улстөрд орж байгаа хүн бүхэн хулгай хийх гэж ордоггүй. Бүх хүн тийм биш. 

- Тэгвэл ихэнх нь тийм зорилготой байна. 

- Ихэнх нь ч биш. Би нэг зүйлд итгэдэг. Улстөрч хүн хэчнээн муу байлаа түүнд өчүүхэн жаахан үнэн байдаг нь олон нийтийн төлөө гэсэн бодол байдаг юм шүү. Хэчнээн адгийн улстөрчдөд ч шүү. Яахав түүнийгээ буруу ойлгочихсон улс байдаг. 

Нөгөө талаас чиний хэлж байгаагаар шалгуур хэрэгтэй. Тэр шалгуурыг хуулиар, дүрмээр л бий болгож өгдөг. 

Бас нэг гол зүйл бол хувь хүн бүр өөртөө төртэй байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн болгон би ийм зүйл хийж болно, болохгүй, би худал хэлж, хулгай хийж болно, болохгүй, ядарсан хүн дээрэлхэж болно, болохгүй, би төсвийн мөнгө идэж болно, болохгүй гэсэн шалгуур хэмжүүртэй байдаг. Хамгийн гол зүйл бол төрийн хуулиас илүү чиний төр чамд маш чухал. Тэр нь миний хэлээд байдаг хүмүүжил юм. Хүмүүжилтэй хүн бол эвдэрдэггүй, хүмүүжилтэй хүн хулгайч болдоггүй юм.  

Тэнд байгаа олон мянган хүн Элбэгдорж энэ зүйлд оролцсон гэж бодож байсан ч гэсэн би оролцоогүй л байдаг. Би оролцохгүйгээ мэддэг. Надад ийм хүмүүжил байна. Миний ээж, ааваас өгөгдсөн хүмүүжил. Миний ээж, аавын ээж, ааваас ирсэн хүмүүжил байхгүй юу. Миний элэнц хуланцаас ирсэн хүмүүжил. Тэр нь миний цусанд байгаа, тархийг тэжээж байгаа, бодлыг минь төрүүлдэг зүйл. Тэр бодлоос л үйлдэл гардаг. Чи зөв бодолтой, зөв үйлдэлтэй явах юм бол хэзээ ч буруу зүйл хийхгүй. Би үүгээрээ л маш тайван байдаг. Заримдаа надад ирж байгаа муухай дайралтыг бодохдоо тэр муухай Элбэгдорж чинь тэр байна шүү дээ. Тэр рүү л муухай зүйл нь явж байг гэж бодох үе бий. 

- Төр өөрөө оролцохгүй зүйл байхгүй болж. Оролцохгүй зүйл байхгүй учир үүн дотор ороод хулгай хийчихье гэсэн бодол хүнд төрөөд байна. Дээрээс нь хулгай хийхийг бодоогүй ч нэгэнт бохир зүйл рүү орсон хүн бол өөрөө бохир болчихоод байна. 

- Будагдсан будаг, хөө арилдаг. Уулан дээр тогтсон цас хайлдаг. Тэгэхээр цас эсвэл хөөндөө асуудал байгаа юм биш. Тэр ууландаа, хүндээ л асуудал байгаа юм. 

Төрийн албан хаагч гэдэг уг нь хэрэг дээрээ нийтийн үйлчлэгч л байгаа байхгүй юу

- Төрийн мөн чанар үйлчлэгч байх ёстой. Хөгжингүй оронд төрийн албыг public буюу олон нийтийн төлөөх ажилтан гэж ойлгодог. Харин манайд төрийн гэдэг утга ороод ирэхээр хүн өөрийгөө дарга гээд ойлгочихдог. Иргэд ч тэгж бодох нь бий. Энэ сэтгэхүйг аль, аль талдаа хэрхэн өөрчлөх ёстой вэ?

- Төр гэдэг үгийг тэр байх ёстой газар нь л байлгамаар байгаа юм. Төрийн дуулал, төрийн сүлд, төрийн тэргүүн гэдэг зүйлүүд дээрээ байх хэрэгтэй. Бусад нь олон нийтийн алба гэдгээрээ явах ёстой. Өөрөө public буюу олон нийтийн гэж орчуулж байна. Харин манайд болохоороо төр гээд оруулчихдаг. Төрийн албан хаагч гэдэг уг нь хэрэг дээрээ нийтийн үйлчлэгч л байгаа байхгүй юу. Төр сайн нэртэй байх гэвэл нийтэд үйлчилдэг л болчих. 

Би өнөөдрийн төрийн эзэлж байгаа ачааллыг 40-60 хувь багасгаж болно гэж боддог. Наад зах нь талыг нь тайрах боломжтой. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа төрийн эзлэх хувь бараг 60 болчихлоо. Үүнийг 30 хувь болгох ёстой. Ингэж чадсан Засгийн газрыг ёстой шүтэж амьдрах ёстой юм.

Төр олж байгаа мөнгөө л зарцуулах хэрэгтэй. Хэзээ ч төсвийн алдагдалтай байж болохгүй. Өнөөдөр 16 хувийн алдагдалтай явж байна гэдэг юу гэсэн үг вэ. Өөрийнхөө олж байгаагаасаа дахиад 16 хувь. Үүн дээр төсвийн тодотголыг нэмэх юм бол бүр гараад өгнө. Төсөвт нэг ч хувийн алдагдал байж болохгүй. Үүнийг л хуульд тусгаж өгмөөр байна. Одоо Үндсэн хууль л гээд яриад байна. Уг нь энийг л өөрчилмөөр байна. Төсөв алдагдалтай л байгаа бол тухайн Сангийн сайд огцрох ёстой. Тэгээд цаашаа явах юм бол Засгийн газар нь огцрох ёстой. Бүр цаашаа явбал тийм намыг ард түмэн дахиж засгийн эрхэнд гаргахгүй байх учиртай юм.

2004 онд би Ерөнхий сайд болж байсан. 2005 онд Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарч байлаа. Би засгийг ингэж удирдаж чаддаг.

Тэгэхээр явж явж бүх зүйл ард түмнээс хамаарч байгаа. Харин олон нийт энэ ойлголтыг олтол жаахан цаг хугацаа зарцуулаад байгаа юм. 

Казиногийн ширээ бүхэн дээр төр өөрөө тамга, ноён хоёрыг нь атгачихаад суугаад байж болохгүй

- Яг өнөөдрийн нөхцөлд тийм ч баян биш, тийм ч их алдар хүндтэй биш хүн шударга замаар улстөрд амжилт үзүүлэх боломж бий юу. Та юу гэж хариулах вэ?

- Тийм боломжийг л бид бүрдүүлэх хэрэгтэй. 

Улстөрд олон согог байгаа. Нэг согог нь тэр төр өөрөө тоглогч болсон гэж зөв шүү дээ. 

Төр өөрөө тоглогч болчихоор улстөрийн харилцаа казино болчихсон. Казиногийн ширээ бүхэн дээр төр өөрөө тамга, ноён хоёрыг нь атгачихаад суугаад байж болохгүй. Уг нь төр үйл явц хэрхэн явж байгааг хянаад, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээлгээд л сууж байх ёстой газар. 

Төр  бол хууль баригч буюу цаас баригч юм. Нийгмийн гэрээг л хэрэгжүүлэгч газар юм. Харин манайд төр өөрөө оролцогч болчихоод нэг уурхайн асуудал шийдэх гэхээр л давхиад ороод ирдэг. Нэг дэд бүтцийн асуудал ярих гэхээр нэг төрийн албан хаагч ороод ирдэг. Одоо бүх салбарт ийм байна. Үүнийг л холдуулдах хэрэгтэй. Тийм учраас тэр Хариуцлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм гэж байх ёстой. 

Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Ерөнхий сайд томилогдох үедээ шууд гарын үсэг зураад батлаад цаашаа явдаг байх ёстой. Тухайн Засгийн газрын бүрэн эрх эхлэхэд л төрд ажиллаж байгаа бүх хүн түүн дээр гарын үсэг зурдаг болох. Чи гарын үсгээ зурахгүй бол ажлаа өгөөд яв. Зурсан бол түүн дотор байгаа хариуцлагаа хүлээ. 

Японд нэг сайд нь жаахан алдаа хийчихээрээ л толгой бөхийлгөөд огцордог. Манайхаар харах юм бол жижиг асуудал. Гэтэл тэр агуулга, дүрмийг нь хийгээд өгчихсөн байхгүй юу. Аливаа өөрчлөлтийг хийе гэвэл дүрмийг нь, хуулийг нь л өөрчил. Манайд энэ чиглэлийн өөрчлөлт 20 гаруй жилийн турш яваагүй учраас муудаад байгаа юм. 

Тэгэхээр миний цаашдаа хийх ажил бол эдгээр хуулийн өөрчлөлтийг л хийе гэж бодож байгаа. Үнэхээр өөрийнхөө туршлагыг үүнд л шингээе. Тэгээд баталж чадах хүмүүс рүү нь оруулъя. Харин батлахын тулд нийгмийн уур амьсгал, оюун санааг бэлдэх хэрэгтэй. 

Алдаа гараад л, муухай зүйл хийгээд байхаар нийгэм үүнийг ингэж зохицуулсан нь дээр юм байна гэдэг чиглэл рүү угаасаа явж байна.

Асуудлыг шийдэх арга нь сар бүр УИХ нэг нийтийн сонсгол хийж байх хэрэгтэй

 

- Одоо улстөрчид сонгуульд ялж л байвал боллоо гэдэг хандлага байна. Гарсан хойноо ажлаа хийх үү, яах уу гэдэг нэг их чухал биш болоод байх шиг. Зарим нь ажлаа хаяж хүртэл үзэж байна. 

- Улстөрчдөд хэлмээр байдаг зүйл нь хэрэв чи сонгогдсон л уяан дээрээ улстөрөө орхиод орж ир. Ер нь Монгол хүн авч яваа зүйлээ гэрийн гадаа орхиод ордог юм. Ташуур ч юм уу, хутгаа гэрийн гадаа үлдээгээд ордог. Тэгтэл манай зарим улстөрч сонгуульд ялсан мөртлөө нөгөө улстөрөө үргэлжлүүлээд л байдаг. Их хурал цуглаад бараг бүтэн жил улстөрөө үргэлжлүүлдэг. Нэг л баахан комисс байгуулаад л шалгадаг. Бүр муутгаж хэлбэл, дээр үеийн хүнд цаг үед явж байсан онцгой комисс байхгүй юу.  Бид бүр улсын бага хуралд байхдаа ийм алдаа хийж байсан. 

Асуудлыг шийдэх арга нь сар бүр УИХ нэг нийтийн сонсгол хийж байх хэрэгтэй. Сонсголд оролцогчдод тангараг өргүүлээд л худал хэлэх юм бол шууд албан тушаалаас нь буулгадаг л болох ёстой. Тэгэлгүй УИХ-ын гишүүд өөрсдөө очоод шалгалт явуулдаг. Уг нь шалгах ёстой бол мэргэжлийн улсуудаар шалгуулах ёстой юм. Тэр улстөрчид очоод асуудлыг шалгах юм бол ойлгомжтой хариу гарна шүү дээ. Хэзээ ч үнэн олдохгүй. Засгийн газар дээр ч адилхан байна. Орон нутагт ч байх шиг байна. Дандаа улстөр.

Чи ялсан бол улстөрөө уяан дээрээ орхиод орж ир. Одоо ажлаа хий.  

Ажлаа хий гэдэг нь энэ их хурал бүрэлдэнгүүтээ Хариуцлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг батлах ёстой байсан. Дээр нь Улстөрийн намын тухай хуулиа батлах ёстой байв. Иргэдэд улстөрийн эрх, боломжийг олгох хуулийг батлах ёстой. Шилэн дансны хуулийг сайжруулах хэрэгтэй байсан. Ёс зүйн дүрмээ батлах ёстой байсан. Энэ ажлаа хийхгүй байна шүү дээ. 

Одоо сонгогдсон гишүүдийг хар. Зүгээр л ямар ч дүрэмгүй дур зоргын тоглолт явж байна. Нэг л их хариуцлага ярьсан улс. Үнэндээ Хариуцлагын тухай хуулиа батлаагүй байна. Зүгээр л олон нийтийн сонсохыг хүсдэг зүйлсийг дур зоргоороо ярьцгааж байна. 

Одоо сонгогдсон гишүүдийг хар. Зүгээр л ямар ч дүрэмгүй дур зоргын тоглолт явж байна. Нэг л их хариуцлага ярьсан улс. Үнэндээ Хариуцлагын тухай хуулиа батлаагүй байна. Зүгээр л олон нийтийн сонсохыг хүсдэг зүйлсийг дур зоргоороо ярьцгааж байна. 

- Ерөнхийлөгч хүний хувьд намын гишүүнчлэлээсээ татгалздаг. Гэхдээ та Ардчилсан Намдаа өөрийн санал бодлоо хэлэх, дотоод үйл хэрэгт нь оролцох тохиолдол гарч байв уу?

- Бараг байхгүй. Зүгээр хувь хүмүүс уулзаж байхдаа нүүрэн дээр нь ил тод хэлдэг, ярьдаг зүйл зөндөө л дөө. 

Одоо УИХ-ын гишүүн болж буй зарим нэгнээс Их хурлыг олон жил сурвалжилчихсан сэтгүүлч хүн хэд дахин илүү их мэдлэгтэй

- Таныг улстөрд олон залууг оруулж ирсэн гэдэг. Бусдыг улстөрд оруулахдаа ямар үнэлэмжээр сонгож, дэмждэг вэ?

- Хүнээр хүн хийнэ гэдэг маш хэцүү үйл явц. Хүнийг сайн улстөрч, удирдагч болгоно гэдэг тухайн хүнээс өөрөөс нь л хамаардаг зүйл. 

Замын цуурхай дундуур ногоо ургаад гараад ирдэг дээ. Ногоо ургах боломжгүй газар ургаад гараад ирдэг. Үүн шиг удирдагч бол гараад ирдэг. Гэхдээ бусдын, хамт олны дэмжлэггүйгээр манлайлагч гарч ирэх боломжгүй. 

“Бурхан хүнийг сорвиор нь шинждэг” гэдэг үг байдаг даа. Түүнээс гоё гар утас барьснаар биш, өндөр албан тушаалтай байсан нь хамаагүй. Хөөрхий энэ хүн их олон сорви, шархтай хүн байна, их зовж зүдэрч дээ гээд дараагийн сайн төрөл рүү нь явуулдаг гэж. 

Өнөөдөр улстөрд орж байгаа хүмүүс дэндүү гилгэр харагдаад байгаа юм.  

Биднийг улстөрд орж байх наяад оны сүүлээр нийгэм нь ч өөр байж, ямар их салхи шуурга, ямар их хүйтнийг сөрж гарч ирж байлаа. Тэр үеийн салхинд ороогүй хүн одоогийн нийгмийн амьдралыг бас ойлгоход нэлээн хэцүү л дээ. 

Тухайн өдрийн салхинд ороогүй, тухайн өдрийн ярианд оролцоогүй, тухайн өдрийн тулалдаанд ороогүй бол чи нэг зүйлийг алдсан л байгаа. Орсон хүн бол нэг зүйлийг ойлгосон л байгаа. Тийм учраас шарх, сорвитой хүмүүсээс үг сонсох гэмгүй л дээ. Ухаантай хүн бол тэр үгийг сонсоод ойлгоод авчихдаг. Бидний үед тийм үг сонсох боломж их бага байсан шүү. Харин одоо туршлага суусан хүн их бий. 

Одоо УИХ-ын гишүүн болж буй зарим нэгнээс Их хурлыг олон жил сурвалжилчихсан сэтгүүлч хүн хэд дахин илүү их мэдлэгтэй гэж боддог шүү. 

Нэг Монгол хүн өөр орны 10, 20 хүнтэй аль нэг чадвараараа тэнцэхүйц байх ёстой. Тиймээс ч Монгол хүний зоригийг мохоож болохгүй гэж хэлээд байгаа юм

- Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлэх санал санаачлагыг зарим хүн гаргах болж. Та хувьдаа юу гэж боддог вэ?

- Аалзны толгойг тасдаад хаячихаар аалз үхдэг. Гэтэл далайн од гэж амьтан байдаг даа. Нэг хурууг нь тасдчих юм бол ургаж явсаар амьдрал нь үргэлжилдэг.  Далайн од яагаад амьдарч чадаж байна вэ гэвэл нэгдмэл нервний систем байхгүй. Нэг тархитай биш. Бүх систем нь биедээ тархсан байдаг. Монгол тийм байх хэрэгтэй. Монголын хувь заяа ард түмнээс нь хамаардаг, төр нь ард түмнээ шүтэж амьдрах нь хамгийн зөв зам. Эргэн тойронд байгаагаасаа Монгол бол арай өөр байж цаашаа явна. Нэг Монгол хүн өөр орны 10, 20 хүнтэй аль нэг чадвараараа тэнцэхүйц байх ёстой. Тиймээс ч Монгол хүний зоригийг мохоож болохгүй гэж хэлээд байгаа юм. Энэ бол Элбэгдоржийн биш Монгол төрийн зарчим болох ёстой. 

 

- Засаглалын хувьд ч ардчилал одоо бидний зам мөн үү гэх асуулт ч гарч ирээд байгаа шүү дээ.

- Удирдагчдын дундаас бас их ухаалаг алхам хийсэн хүний нэг бол Дэн Сяопин гэж ойлгодог. Түүнийг Сингапурт айлчилж байхдаа хэлсэн “Бид нар социализм байгуулах гээд явлаа. Хүн бүхэн энэ нийгэмд тэгш амьдрах юм байна гэсэн чинь социализм тэгш байдлыг бий болгодоггүй харин капитализм л тэгш боломжийг бий болгодог юм байна. Капитализмын эдийн засгийн аргыг аваад дээр нь социализмын улстөрийн системийг хадгалаад явах нь зөв юм байна. Капитализм л хүн болгонд өөрийнхөө бий болгож байгаа баялгийн хэмжээнд амьдрах тэгш боломжийг олгодог юм байна” гэж хэлээд эдийн засгийн нээлттэй бодлогыг хараад явсан  талаар Ли Куан Югийн дурсамжид байдаг. 

Монголын хувьд зах зээлийн эдийн засгийг авсан нь буруу биш. Зүгээр улстөрийн тогтолцоогоо нээлттэй болгосон нь зөв үү, буруу юу гэдэг дээр хүмүүс асуудаг. Монголчууд өөрсдөө өөрсдийнхөө хувь заяанд эзэн болох ёстой л гэж үзэж байгаа бол ийм нээлттэй болж иргэдээрээ шийдүүлэхээс өөр арга байгаагүй. 

Одоо бидний хамгийн чухал зүйл бол хүн бүр хувь заяандаа л эзэн болох

Ардчилал гэхээсээ илүү бид бие дааж хувь заяагаа шийддэг л орон болох гээд байгаа юм. Одоо бидний хамгийн чухал зүйл бол хүн бүр хувь заяандаа л эзэн болох. Тэгээд л боллоо. Тэгэх л юм бол Монгол улс хувь заяаныхаа эзэн болж чадна. 

- Таны хэлж буйгаар бид хангалттай зүйл хийлээ. Одоо гурван сая иргэн хийх зүйлээ хийх хэрэгтэй байна гэж ойлгож болох уу?

- Улс нийгэмд сайн удирдагч, манлайлагч байх нь чухал үүрэгтэй. Ийм манлайлагчийг ард түмэн шаардах ётой. Үнэн. Гэхдээ манлайлагчийн муу сайнаас биш иргэдийн өөрийнх нь ахуй амьдралаас улс орон илүү их хамаардаг болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ  шударга зүйл гэж бодож байна. 

ЗУРГАА: ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ, ОЛОЛТ БА ТУРШЛАГА

- Одоогийн залуу, шинэ үеийг та хэрхэн тодорхойлох вэ?

- Шинэ үе гэдэг нь дандаа насны залуу хүмүүс гэсэн үг биш юм. Шинэ үе гэдэг өмнөх үеийнхээ алдааг давтахгүй байх тийм чадвар эзэмшсэн хүмүүсийг л хэлнэ. Тэгэхээр шинэ үе гэдэгт настай хүн ч орж болно.  Шинэ үеийн хоёр дахь чухал шинж чанар бол дандаа ахиц дэвшил рүү, өнөөдөр муу байгаа бол арай дээрдүүлэх тийм арга чадварыг эзэмшсэн байх нь их чухал. Муу зүйлийг сайжруулах маш хэцүүг би хэлсэн. Ийм чадварыг л эзэмшсэн хүн шинэ үе. Одоо дэлхийн удирдагчид үүгээр л уралдаж байгаа. 

Муу зүйлийг сайжруулах маш хэцүүг би хэлсэн. Ийм чадварыг л эзэмшсэн хүн шинэ үе.​ Одоо дэлхийн удирдагчид үүгээр л уралдаж байна

- Амжилт гэдгийг та юу гэж томьёолох вэ?

- Амжилт гэдгийг хүн өөрөө юу гэж харахаас л шалтгаална. Өнөөдрийн амжилт гэж харж байгаа зүйл чинь маргаашийн асуудлыг дотроо агуулчихсан байдаг гэж би ярьсан. 

Харин бэрхшээл гэдэг маргаашийн амжилтыг хэвлийдээ тээж байдаг. Тийм учраас нэг амжилтыг хараад хөөрөх, нэг бэрхшээлийг хараад сэтгэлээр унах шаардлагагүй. Үүнийг эрүүлээр хараад сурчих. Гэхдээ энэ чадварыг барагтаа сургуулиар олж авдаггүй. Энэ бол олон жил оймс элээсний дүнд төрдөг. Бүх зүйлийн үнэн шүүгч бол цаг хугацаа юм. Цаг хугацааг бурхантай зүйрлэж нэг удаа бичиж байлаа. Шөнө болоход бүх зүйл дуусч маргааш дахин нар манддаг. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол агуу шүүгч. 

- Орчин үед бид юунаас болгоомжилж амьдрах ёстой вэ?

- Монголчуудын нэг зүйр үг байдаг нь “Муу санаа эзнээ отно” гэж.  Харин одоо муу үйлдэл эзнээ отдог болсон цаг. Муу үйлдэл гаргавал л баримт үлддэг болчихоод байна. 

“Монголд гурван сая сэтгүүлч байна. Гурван сая сэтгүүлчтэй оронд Ерөнхийлөгч хийх амаргүй шүү” гэж би гадны нэг сэтгүүлчид ярилцлага өгч байснаа санаж байна. Үнэхээр л гурван сая сэтгүүлчтэй болчихсон.  Насанд хүрсэн бараг бүх л хүн гар утастай болсон байна. Бусдын сайн ч бай, муу үйлдлийг баримтжуулаад үлдээчихдэг болсон. Биднийг хүүхэд байхад дарга хүн л утастай байсан. Гэхдээ тэр үед ямар утастай байлаа. Тэгэхээр ийм нийгэмд бид амьдарч байна. 

Муу санаа биш муу үйлдэл эзнээ отож байна. Баримт үлдэнэ шүү. Гэхдээ энэ нь бас нэг гайхамшгийг авчирч байгаа. Хүн өөрийгөө муу үйлдэл гаргахаас сэргийлэх, бодох хэрэгтэй болж байгаа. Бидний аав, ээж “Гишгэсэн мөрөө эргэж харах хэрэгтэй болжээ” гэдэг байсан. Энэ нь их хэцүү цаг иржээ гэдгээ хэлдэг байсан.  Энэ ойлголт хуучирсан байна. Одоо бид гишгэх мөрөө харах хэрэгтэй. Гишгэх газраа харах хэрэгтэй болсон байна. Энэ их мэдээлэл, технологи ийм их өөрчлөлтийг энэ нийгэмд авч ирлээ. Сайн зүйл нь, улстөрч, төрийн албан хаагчдыг жаахан чангаруулж өгөх байх аа гэж бодож байна. Гэхдээ чангаруулж өгөх байх аа гээд урсгал дунд нь хаялгүй миний яриад байгаа тэр хуулиудыг баталж гаргах хэрэгтэй. 

Хүн ер нь алдаа гаргаж болно.

Алдаа гаргаад авсан сургамж байгаа бол түүнийгээ бичээд дүрэм болго.​ Байгууллага алдаа гаргалаа гэхэд түүнийгээ бичээд журам болго. Дахиж алдаа гарах бүх нүх сүвийг хааж өгөх хэрэгтэй.  Яг төрийн хууль ч ингэж л явах хэрэгтэй. 

- Ерөнхийлөгч гэдэг албыг найман жил хашихаар хүн болгон л таныг хүндэтгэнэ, магтана. Бид үүнийг хөөсөнд, вакумд орох гэж ярьдаг шүү дээ. Харин энэ хөөсийг хагалах, таныг бодитоор шүүмжлэх, хатуу үг хэлэх ойр дотны хүмүүс хэр их байв?

- Вакумд орохоос сэргийлэх маш олон арга бий. Намайг муу сайнаар элдвээр хэлдэг хүмүүст их баярладаг. Энэ бол миний урьдчилан сэргийлэх вакцин. Улстөрийн нээлттэй тогтолцооны нэг ач холбогдол үүндээ л байгаа юм. Ерөөсөө тэр шүүмжлэлээс, гүтгүүлэхээс болгоомжлох огт хэрэггүй. Тэр тусмаа хуулиар торгож зоригийг нь мохоох хэрэггүй.

- Долоогч, пялдага гэсэн шинэ нэршил улстөрд гарч ирээд байна. Өмнө ч мэдээж байсан биз. Харин одоо олны нүдэн дээр ил болоод ирэхээр бас шинэ үзэгдэл шиг болж харагдаж байгаа болов уу?

- Платоны хэлсэн нэг үг байдаг “Даргынхаа өөдөөс хараад нүүрэн дээр нь шүүмжлэл хэлж байгаа хүн эх орныхоо төлөө амиа алдаж байгаа цэргээс илүү зориг гаргасан байдаг юм шүү” гэсэн үг байдаг. 

- Долоогчид удирдагчаа “алдаг” гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

- Тэр удирдагч гэгдэж байгаа хүнээс өөрөөс нь л хамаарна. Өөрөө ямар хүн бэ гэдгээс л эргэн тойрны хүмүүс нь харилцана.  

- Ерөнхийлөгчийн ажил хүнийг хамгийн их хүмүүжүүлдэг алба гэдэг юм билээ. Та хэр их хүмүүжив?

- Үндсэн суурь хүмүүжил чухал хэрэгтэй. 

- Таны одоо нэг өдрийн ажил хэрхэн өнгөрч байна. Ажил нэлээд шуудрах тийшээ хандчихсан учраас ачаалал багасч байна уу?

- Сая хэд хоног хөдөө нэлээн явлаа. Малчидтай, хилчидтэй, онцгойгийнхонтой уулзаж ярилцлаа. Түймэр, хуурайшилт гэсэн ажлаар нэлээн явлаа. Улс орныхоо дөрвөн цэгээр очлоо. Оюутан хүн шалгалт өгөх  гээд дөхөөд ирэх тусам их завгүй болоод байдаг даа. Миний ажил яг л тийм байна. Уулзах ёстой хүмүүс ч олон байна. Баярласан, талархсанаа хэлэх ёстой олон хүн байна. Гэхдээ би бүх хүнд хүрч тэр талархлаа илэрхийлж чадаагүй байж магадгүй. Хамгийн чухал нь Элбэгдорж Элбэгдоржоороо л үлдэнэ. 

- "Ерөнхийлөгчийн ажлыг хийдэггүй, ерөнхийлөгчөөр амьдардаг" гэж та хэлж байсан. Харин та түрүүнд ерөнхийлөгч гэдгээ заримдаа умартаад хүн гэдэг дээрээ төвлөрдөг гэж байсан. 

- "Монгол Улсын" гэдэг үгийг албан тушаалынхаа өмнө авдаг цөөхөн алба бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ том газар нутаг, ард түмнээ үүрээд явахгүй ч тэр жин нь мэдрэгдэж байдаг юм.  Энэ ажлыг хийж үзсэн хүн л мэдэрдэг байх. 

Ерөнхийлөгчийн ажлаар ажилладаггүй. Ерөнхийлөгчийн ажлаар амьдардаг. Ерөнхийлөгчийн хувьд ажил тарна гэсэн ойлголт байдаггүй. Шөнө ч шаардлагатай бол босоод ажлаа хийх хэрэгтэй. Тийм учраас албан өргөө бий болгодог. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусна л гэсэн ойлголт байдаг. Ерөнхийлөгчийн ажлаар 24 цаг амьдардаг. 

- Ийм хэмнэлээр найман жилийн ард гарахад эрүүл мэндэд ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу. Бас өөрт хуримтлагдах стрессээ тайлдаг таны арга юу вэ?

- Хөл дээрээ сууж босох дасгалыг гэхэд би өдөр бүр нэг дор 260 удаа хийж байна. Манай залуучууд өөрсдийгөө шалгах хэрэгтэй. Хэдэн удаа хөл дээрээ сууж босч байна гэдгээ. Цэцээ гүний оргил руу гарахад зарим хүн 2-3 цаг болдог. Би 40 орчим минутын дотор л гүйгээд гарч байна. Бурхны авралаар миний эрүүл мэнд сайн байна.  

Ерөнхийлөгчийн хувьд ер нь их ганцаардмал ажил. Тийм ч учраас би гэртээ хүн урьж уулзаж ярилцаж суух дуртай. Гэхдээ дандаа уриад байх цаг зав тэр болгон бүрдэхгүй. Миний хувьд дээрээ долоон ахтай хүн. Багаасаа л олуулаа сууж хооллож, олуулаа бужигнаж ирсэн. Тэр л зангаараа одоо ч олуулаа байх дуртай.  

Ажлын энэ их стрессээ сонгодог хөгжим, орчин үеийн дуу хөгжим, заримдаа рок дуу сонсож тайлна. 

За тэгээд хөлбөмбөг гэдэг ямар агуу их стресс дарамтыг тайлдгийг үгээр хэлшгүй. 

Туурга тусгаар эх орондоо эрх чөлөөтэй амьдрах эрхтэй байх Монгол хүний аз жаргал

- Аз жаргалыг та юу гэж томъёолох вэ?

- Туурга тусгаар эх оронтой байх нь Монгол хүний аз жаргал. Туурга тусгаар эх орондоо эрх чөлөөтэй амьдрах эрхтэй байх Монгол хүний аз жаргал. Тэгэхээр аз жаргалын хоёр өгөгдэхүүн хоёулаа Монгол хүнд байна. Одоо Монгол хүн танаас өөрөөс тань л маш их зүйл шалтгаална. Иргэн бүр дор бүрнээ ажил, амьдралаа зохицуулаад явчихдаг, байгууллага, аж ахуйн нэгж бүхэн бизнесээ сайн хийчихдэг л байх юм бол Монгол сайхан амьдралтай, аз жаргалтай байна. 

- Бусдаас арай илүү амжилт гаргая гэвэл ямар зан чанар хамгийн чухал гэж та хэлэх вэ?

- Сүүлийн үед би өөрийнхөө хүүхдүүдэд хэлээд байгаа хоёрхон л үг байгаагаа нийт залуучууддаа хэлье. Миний ярьж байгаа бүх зүйлийг мартаж болно. Гэхдээ энэ хоёр зүйлийг л битгий мартаарай. Болгоомж, тэвчээр гэсэн хоёр үг. Чи бусдаас арай илүү тэвчээр гаргах хэрэгтэй. Чи бусдаас арай илүү болгоомжтой байх хэрэгтэй. Энэ бол хувь хүнд ч хэрэгтэй, улстөрд ч хэрэгтэй. 

Тэр тусмаа Ерөнхийлөгч хүнд заавал байх хэрэгтэй зан чанар юм. Ерөнхийлөгчийн албаас миний сурсан зүйл гэвэл тэвчих чадвар гэж хэлж болох юм. 

Өглөө босоод л тэвчээр, болгоомж гэдэг хоёр үгийг хэлээд босч байх хэрэгтэй. Ердөө тэвчээр, болгоомж гэсэн хоёр л үг. Арай жаахан дэлгэрүүлбэл бусдаас арай жаахан илүү л тэвчиж, болгоомжил гэж байгаа юм. 

- Таныг улстөрд нас залуу гэж хэлж болох байх. Та олон ч хийх зүйл байгаа тухайгаа ярилаа. Тэгэхээр энэ ажлаа та үргэлжлүүлэн хийгээд явна гэж ойлгож болох уу?

- Өмнө нь Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд тэгнэ, ингэнэ гээд хэлчихсэн юм. Тэгсэн төрийн өндөр алба хашиж байсан, надад итгэл найдвар өгдөг хүмүүс намайг их загнасан. “Элбэгдоржоо энэ бол чиний өөрийн чинь ч биш Монголын ард түмний асуудал. Чамайг 27 жил улстөрөөр явуулсан нь Монголын ард түмний гавьяа юм. Чи сайндаа яваагүй юм. Чиний асуудал бол ард түмний мэдлийнх юм. Тийм учраас чи би ийм ажил хийнэ, хийхгүй гэж хэлэх эрхгүй” гэж маш олон хүн загнадаг юм билээ. Үүнээс болоод би бүх хаалга нээлттэй л гэж ярьдаг болоод байна. 

- Та Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгөөд Ардчилсан Намдаа элсэх үү?

- Бүх хаалга нээлттэй л гэж хэлээд байгаа шүү дээ. 

- Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгөхөөс тань өмнө танд хоёр ч Их сургууль бас НҮБ-аас ажлын санал ирсэн гэж байсан. Энэ үнэн үү?

- Тийм ээ. Олон улсын байгууллага, их дээд сургуулиас санал ирж байгаа. Түүнээс гадна Монголын иргэд, байгууллагаас ч санал ирж байна. Би нэг зүйлийг хэлье. Би Монголдоо байна. Ерөнхийлөгчийн ажлынхаа дараа Монголдоо үлдэнэ. Одоо надад үлдсэн гэх зүйл байгаа бол түүнийгээ Монголдоо л зориулна. Тэр олон улс, бүс нутгийн ажлыг Монголоосоо ч хийх боломж зөндөө. 

- Та Ерөнхийлөгчийн ажлаа өгчихөөд өөрийгөө юу гэж дуудаасай гэж хүсч байна вэ. Зарим Ерөнхийлөгч өөрийгөө “Монгол Улсын .. дэх Ерөнхийлөгч” гэх нэршлээр хоногшуулахыг оролддог шүү дээ. 

- Миний хөгшин аавыг Монгол гэдэг. Монголын Цахиагийн Элбэгдорж гэж дуудвал би баярлана. 

 

 

 

 

 
Ярилцлагын зочин: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж @Elbegdorj 
Ярилцсан: Ч.Болортуяа  @Bolort
Зураглаач: О.Анхбаяр, Г.Баасандорж
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир MPA.mn
x