Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгост хоригдож байсан гурван иргэнээ Трамп угтаж авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дөнгөж сая АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын шоронд ял эдэлж байгаад өчигдөр суллагдаж, Пёньянаас нисэж ирсэн гурван иргэнээ Мэрилэнд дэх Эндрьюсийн Агаарын Баазад угтан авчээ.

Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Мягмар гарагт Ким Жон Унтай уулзсаныхаа дараа тэднийг өөрийн онгоцоор дагуулж ирсэн юм. Суллагдсан иргэд болох Ким Дон Чул, Ким Сан Дук, Ким Хак Сон нар бусдын туслалцаагүйгээр эрүүл саруул онгоцноос бууж, гараараа даллаж байлаа.

Тэд “Биднийг эх оронд маань авчирсан АНУ-ын засгийн газар, ерөнхийлөгч Трамп, төрийн нарийн бичгийн дарга Помпео, АНУ-ын ард түмэнд гүн талархлаа илэрхийлж байна” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Мөн цааш нь “Бидний төлөө залбирч байсан гэр бүл, найз нөхөд болон Бурханд талархаж байна. Энэ дэлхийн хамгийн агуу гүрэн Америкийг бурхан ивээг!” гэсэн байна.

Иргэдээ угтаж авсан Дональд Трамп “Тэднийг уулзалтын өмнө сулласан нь сайхан хэрэг. Үнэндээ бид ийм юм болно гэж бодоогүй” гэж хэвлэлд ярьжээ.

Үүнтэй зэрэгцэн өнөөдөр Хойд Солонгосын төв хэвлэл “АНУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны хүсэлтийг хүлээн авч, хоригдож байсан иргэдэд өршөөл үзүүллээ” гэж Ким Жон Ун хэлснийг дамжуулсан байна.

Дээрх гурван иргэнийг Хойд Солонгосын төр засгийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр ял оноож, шоронд хориод байсан юм.

Хойд Солонгосын албаныхан Майк Помпеод хэлэхдээ “Тэднээр дахин алдаа гаргуулахгүйн тулд та бүхэн санаа тавина гэдэгт найдаж байна. Энэ бол маш хэцүү шийдвэр байлаа” гэсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

 

Эх сурвалж: Business Insider