Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин Ким Жон Унтай уулзсаныхаа дараа Дональд Трамптай утсаар ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн Даваа, Мягмар гарагуудад зүүн хойд Хятадын далайн эргийн Далянь хотод айлчилж, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзжээ.

Тэрээр хоёр сарын дотор хоёр дахь удаагаа Хятадад зочилж байгаа нь энэ юм.

Уулзалтын үеэр Ши Жиньпин Солонгосын хойгт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдэд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн байна. Хоёр удирдагчийн гол яриа нь удахгүй болох АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтаар цөмийн зэвсгээс татгалзах нөхцлөө яаж тохиролцох тухай байсан бололтой.

Мөн Солонгосын дайныг албан ёсоор төгсгөх энхийн гэрээг ямар талуудын оролцоотой байгуулах талаар зөвлөлдсөн гэж ажиглагчид таамаглаж байна.

Уулзалтынхаа дараа Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьжээ. Энэ үеэр тэр Хойд Солонгосын талын санаа зовж байгаа аюулгүй байдлын баталгааны талаар Америкийн талд уламжилсан гэнэ.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх алхам хийх хэрэгтэйг сануулсан бололтой.

Цагаан ордны мэдэгдэлд “хоёр удирдагч Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн зэвсгийг бүрэн хураах хүртэл дарамт шахалтаа хэвээр үргэлжлүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдлээ” гэжээ.

Өчигдөр бас Дональд Трамп төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог хоёр удирдагчийн уулзалтын бэлтгэлийг хангахаар Пёньян руу нисэж байгааг мэдэгдсэн байна.

Төрийн департментын мэдэгдэлд Помпеог уулзалтын хөтөлбөр, цөмийн зэвсгээс ангижрах нөхцлийн талаар Хойд Солонгостой тохиролцох зорилготой айлчилж байгааг өгүүлжээ.

Майк Помпео өнгөрсөн сард Пёньянд нууцаар зочилсон нь сүүлд ил болсон ба богино хугацаанд хоёр дахь удаагаа Хойд Солонгосын нийслэлийг зорьж байгаа нь энэ юм.

 

Эх сурвалж: South China Morning Post