Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганболд: Асгатын мөнгөний ордыг ашиглахад багадаа 50 сая доллар шаардлагатай

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2018 оны 5 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

Өнгөрсөн сарын  сүүлчээр “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулан өргөмжлөх арга хэмжээ болсон. Энэ үеэр “Монголросцветмет” компанийн ерөнхий захирал Д.Ганболдтой ярилцсан юм.

-Танай компани “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр тодорлоо. Өнгөрсөн жил ашигтай ажилласан гэж байна. Гэхдээ танайхтай холбоотой өрийн асуудлыг хэрхэн шийдэв?

-Төрийн өмчит компаниудтай холбоотой өрийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” компани болон “Ростех” компаниас авсан зээлийг шат шатандаа тэглэх тодорхой саналыг Засгийн газарт тавихаар төлөвлөсөн. Энэ компаниудын өр 7-10 жил болж байгаа. Ер нь санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахгүй бол томоохон хэмжээний төслүүдийг хөдөлгөхөд хүндрэл гарна.

Өөрөөр хэлбэл, Асгатын мөнгөний ордыг ашиглахын тулд хөрөнгө оруулалт татах зайлшгүй шаардлагатай. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхэд санхүүгийн нөхцөл байдал сайн биш байгаа нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.

-Зээлийн хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлбэл?

-“Эрдэнэт үйлдвэр”-т 5.5 сая ам.доллар, “Ростех” компанид зургаан сая ам.долларын өрийн асуудлыг нэг мөр шийдсэний дараа энэ оны эцэс гэхэд “Монголросцветмет” компани хөл дээрээ бүрэн зогсох боломжтой болно.

-Өнгөрсөн онд ашигтай ажилласан гэсэн шүү дээ. Нэг үеэ бодвол нөхцөл байдал сайжирч байгаа тухай та хэлж байсан?

-Ер нь ашигт ажиллагааны 76 хувь нь төмрийн хүдэр боловсруулах уурхайгаас орсон.

-Төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулахын тулд юуг анхаарах ёстой вэ. Тулгамдаж байгаа асуудлын тухайд?

-Төрийн өмчит компанийн хувьд хууль дүрмийн биелэлт, ялангуяа дотоод хяналтыг сайтар хийх хэрэгтэй. Нэг хэсэг төрийн өмчит компани ашиггүй ажилладаг учраас хувийн хэвшилд шилжүүлэх нь зүйтэй гэсэн ойлголт нийгэмд тархсан. Гэхдээ бид богино хугацаанд ашигтай ажилласнаараа үүнийг няцааж байгаа юм.

Ер нь төрийн өмчит компанийг хууль дүрмийн дагуу удирдаж, ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд сайн менежмент хийх хэрэгтэй. Нөгөөтээгүүр тухайн ажлын байранд тохирох мэргэжилтнийг зөв сонгон ажиллуулах нь илүү өгөөжтэй байдгийг манай компанийн туршлагаас харж болно. Түүнчлэн хяналтыг шат, шатанд нь зохих төвшинд нь хийж чадвал ашигтай ажиллах бүрэн боломжтой.

-Төрийн өмчит компани хэт данхар бүтэцтэй, үр бүтээл багатай, цалин хангамж өндөр гэх мэт шүүмжлэл, хардлагыг дагуулдаг. Танай компанийн тухайд ч үүнийг тойрч өнгөрөөгүй?

-Цалин өндөр боловч муу ажилладаг зарчим байж болохгүй. Гэхдээ өндөр цалинтай ажилтан хууль бус үйлдэл хийхгүй байх учиртай. Магадгүй иргэд хардах, шүүмжлэх эрхээ эдэлж болно. Гэвч авч байгаа цалингийнхаа хэрээр тодорхой үр дүнтэй, ашигтай ажиллах боломжийг бүрдүүлсэн байх ёстой.

Цаашилбал, цалин гэдэг бүх нийтэд ил байдаг орлого. Тиймээс үүнтэй тэмцэхийн оронд далд эдийн засагтай тэмцэх ёстой. Үүний тулд ил байгаа орлогыг нэмэгдүүлэх нь зөв алхам. Төрийн өмчийн компаниудын хувьд хяналтыг хуулийн дагуу, тодорхой дүрэм журмын дагуу хийж байгаа учраас цаг хугацаанд нь зөв менежмент хийсэн тохиолдолд ашигт ажиллагаа буурахгүй байх боломж бий.

-Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулах тухай ярьж байна. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?

-Энэ ордыг ашиглалтад оруулахын тулд хамгийн багадаа 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. 600,000 тоннын хүчин чадал бүхий хүдэр боловсруулах, баяжуулах үйлдвэр барих ёстой. Хэрэв урд хөршийн тоног төхөөрөмж, техник технологийг ашиглана гэвэл 50 сая ам.доллар шаардлагатай болно. Нөгөөтээгүүр барууны техник, технологийг ашиглана гэвэл, хөрөнгө оруулалтын хэмжээ өснө.

Тэгэхээр техникийн хүчин чадлаас санхүүжилтийн хэмжээ хамаарна гэсэн үг. Асгатын мөнгөний орд үндсэндээ 26 сая тонн хүдэр бүхий 7,000 тонн металл мөнгө байгаа юм. Дунджаар 300 гр тоннын агуулгатай. Ерөнхийдөө металд шилжүүлэн тооцвол хоёр тэрбум ам.долларын өртөг бүхий мөнгө олборлох боломжтой.

Үүнийг эргэлтэд оруулснаар Монгол Улсын хувьд стратегийн бодлогод өндөр ач холбогдолтой. Учир нь ийм хэмжээний нөөцтэй орд одоогоор манай улсад байхгүй. Тиймээс ганц байгаа металлын агуулгатай ордыг ашиглах нь стратегийн зорилго байх ёстой гэж хардаг.

-Томоохон ордыг ашиглахын тулд янз бүрийн хэтэрсэн үнэтэй шахаанууд гарах нь элбэг тохиолддог хэмээх шүүмжлэл нийгэмд бий?

-Төрийн өмчийн компаниудын хувьд нийтлэг байдаг зүйл л дээ. Харин манай компанийн тухайд энэ мэт элдэв шахааны гэгдэх зүйлс огт байхгүй болсон. Бид хамгийн бага үнээр, өртөг зардлаа хэмнэх горимоор ажиллаж байгаа.

Зураг