Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын хойгийг хөгжүүлэх төлөвлөгөө бүхий USB санах байгууламжийг Ким Жон Унд гардуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын сүүлээр болж өнгөрсөн хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагчид эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг гардуулсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тодруулбал “Солонгосын хойгийн эдийн засгийн шинэ зураглал” хэмээх материал бүхий USB санах байгууламжийг Мүүн Жэ Ин Ким Жон Унд гардуулсан байна.

Уг төлөвлөгөөнд эдийн засгийн гурван бүсэд Солонгосын хойгийг хувааж хөгжүүлэхээр тусгажээ. Тухайлбал Солонгосын хойгийн баруун эргийг Хятадтай холбож, ложистикийн төв болгон хөгжүүлэх, зүүн эргийг Оростой холбосон эрчим хүчний сүлжээ бий болгох, одоогийн хоёр Солонгосын хилийн бүсийг аялал жуулчлалын төв болгохоор тусгасан гэнэ.

Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордноос ил болгоогүй байна.

Өнгөрсөн онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Мүүн Жэ Ин хоёр Солонгосын эдийн засгийг нэгтгэн хөгжүүлэхээ амлаж байсан юм. Уг эдийн засгийн нэгдсэн суурь нь цаашдын хоёр Солонгосын нэгдлийн дэвсгэр нөхцөл болно гэж үзэж байв.

Төлөвлөгөө ёсоор Сөүлийг Пёньянтай төмөр замаар холбож, энэ нь цаашлаад Хятадын нийслэлээр дамжин Европ хүрэхээр тооцоолж байгаа гэнэ.

Сөүлийн энэ төлөвлөгөөг Бээжингийн эрх баригчид дэмжиж байгаа ажээ.

Учир нь Хятадын засгийн газрын хэрэгжүүлж буй Зам ба Бүс мега төсөлтэй Солонгосын хойг нэгдэж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх нь гарцаагүй.

 Хятадын зүүн хойд нутаг эдийн засгийн хувьд хамгийн сул хөгжилтэй бүсүүдийн нэгт тооцогддог юм.

Хэрвээ Солонгосын хойг эдийн засгийн хувьд нээгдвэл энэ бүс нутгийн эдийн засаг огцом сайжрах нь гарцаагүй.

 

Эх сурвалж: Korea Times