Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Германы бяцхан хот Хятадын санхүүжилтээр Карл Марксын ойг тэмдэглэж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхийн хамгийн нөлөө бүхий философичдын нэг Карл Маркс 200 жилийн өмнө тавдугаар сарын 5-ны өдөр Германы Триер хотод мэндэлсэн юм.

Түүний Коммунист онол дэлхийн олон улс орны хувь заяа, түүхийг шийдсэн гэдэг. Тэгвэл энэ түүхэн өдрийг дэлхий дээр Хятад улс болон Марксын төрсөн газар болох Германы жижигхэн Триер хот хоёрт өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна.

Триер хотод баяр тэмдэглэх үйл ажиллагааг Хятадын засгийн газраас санхүүжүүлж байгаа ажээ. Саяхан тэд Хятадаас Карл Марксын хүрэл хөшөөг бэлгэнд авсныгаа өнөөдөр нээх юм.

 
 

Мөн тус хотод энэ амралтын өдрүүдэд зочилсон хүмүүс  нэрт философичийн 500 ширхэг жижигрүүлсэн дүр бүхий хөшөөтэй урлагийн байгууламжаар аялангаа “Das Kapital” нэртэй дарс амтлах боломжтой гэнэ.

 

Төдийлөн анхаарлын төвд ордоггүй, нам гүм хотынхон энэ өдрүүдэд олны хөлд дарагдах төлөвтэй байна.

Тус хотын иргэд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Карл Марксын төрсөн газар гэдэг нэрнээсээ бага зэрэг нэрэлхдэг байсан бол өнөөдөр хотынх нь суут хүн Хятадад ямар нэр хүндтэй нэгэн болохыг мэдэж байгааг Триер хотын захиргааны төлөөлөгч Синьхуа агентлагт ярьжээ.

Тэгвэл энэ түүхэн өдрийг Хятад даяар өргөн тэмдэглэх гэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпин өөрийн намын гишүүдийг Германы философич Фридрих Энгельсийн хамт Карл Марксын 1848 онд бичсэн Коммунист Манифестог уншиж судлах даалгавар өгсөн юм.

Энэ долоо хоногийн эхээр тэр Бээжингийн их сургуульд болсон олон улсын Маркс судлаачдын чуулганд оролцож, тус улсын хөгжилд Марксын онолын оруулсан хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлжээ.

Хятадын төв телевизийн сувгаар “Марксын Зөв” нэртэй таван цуврал баримтат кино цацагдаж байгаа. 

Өчигдөр Ши Жиньпин Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойд зориулсан хурал дээр томоохон илтгэл тавихдаа философичийг “хүн төрөлхтний түүхийн хамгийн агуу сэтгэгч” хэмээн өргөмжилж, Марксизм нь Хятад улс, Хятадын Коммунист Намын хөтлөгч онол үргэлж байх болно хэмээн зарлажээ.

“Дэлхий ертөнцийг ойлгох, хууль дүрмийг ухамсарлах, үнэнийг олох, дэлхийг өөрчлөхөд бидэнд туслах хамгийн хүчтэй үзэл санааны зэвсэг юм” гэж тэр Марксизмыг магтсан байна.

Эдийн засгийн чөлөөт бодлогын үр дүнд мөнгөжиж, амьдрал нь сайжран үзэл санааны хувьд зүг чигээ алдсан ард иргэдийнхээ тархинд Марксизмын онолыг дахин сэргээх гэж оролдож байна гэж Ши Жиньпиний энэ зүтгэлийг судлаачид тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: Quartz, Bloomberg