Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

950 жилийн настай түүхэн дурсгалыг Франц улс Британид зээлүүлэхээр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Маргааш Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Британий ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзах үеэр нэгэн түүхэн шийдвэрийг зарлахаар болжээ.

Энэ нь 950 жилийн турш Францаас гараагүй Байёгийн хатгамал гэгддэг бүтээлийг Британий талд зээлээр өгөх болсон тухай юм.

1066 онд Нормандчууд Английг Хэстингсийн тулаанд ялж, байлдан дагуулсан үйл явдлыг энд дүрслэн үзүүлсэн байдаг ажээ.

Норманди нь одоо Францын хойд хэсгийн муж бөгөөд тус мужид оршдог Байё хотод энэхүү дурсгал хадгалагддаг юм. 70 метр урт, 50 см өндөртэй хатгамалыг 11 дүгээр зуунд болсон тулааны дараахан урласан гэдэг. Зарим түүхчид үүнийг Английн Кентэд бүтээсэн гэж маргадаг боловч Францчууд түүнийг нь няцаадаг юм.

Байё хотын музей уг дурсгалыг гэмтээлгүйгээр зөөх боломжийг нягтлан шалгасны дараа ямар хугацаагаар Британид зээлэхийг шийднэ. Бас Британий ямар музейд байрлуулахыг ч шийдээгүй байгаа гэнэ.

Британичууд хатгамалыг зээлэхээр өмнө нь Францтай хэлэлцээд амжилтгүй болж байсан. Тухайлбал 1953 онд Хатан хааныг ширээнд залах үеэр, 1966 онд Хэстингсийн тулааны 900 жилийн ойгоор авах гээд бараагүй юм.

Түүхэн дурсгалыг Франц дотроо ч ховорхон хөдөлгөж байжээ. 1803 онд Наполеон Бонапарт Парист авч ирэн үзүүлж байсан бол 1945 онд Нацистуудаас эргүүлэн авсны дараа Луврын музейд дэлгэн үзүүлж байв.

Хоёр орны удирдагчид маргааш Британий Сэндхарст дахь цэргийн академид уулзана.

Тэд Британи-Францын дунд орших Кале хот дахь дүрвэгсдийн асуудал, хойд Африкт Аль Кайда бүлгийн хамсаатан террористуудтай хамтран тэмцэх асуудлаар ярилцах юм. Хойд Африкт террористуудтай тэмцэж байгаа Францын зэвсэгт хүчинд Британий байлдааны нисдэг тэрэгнүүд дэмжлэг үзүүлэх тухай яригдаж байна.

 

Эх сурвалж: The Guardian