Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сенатор Монгол Улсыг Хойд Солонгосоос дипломат харилцаагаа таслахыг уриаллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын Бүгд Найрамдах Намын сенатор Кори Гарднер өөрийн улсад суугаа дэлхийн 21 улсын элчин сайд нарт хандаж Хойд Солонгосоос дипломат болон эдийн засгийн бүх харилцаагаа таслахыг уриалсан захидал бичжээ.

Түүний хандсан 21 улсад Монголоос гадна Хятад, Бразил, Их Британи, Болгар, Камбож, Куба, Чех, Египет, Герман, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Нигери, Пакистан, Польш, Румынь, Орос, Швед, Вьетнам багтаж байна.

Сенатор захидалдаа “Тус дэглэмийг цөмийн зэвсгээсээ тайван замаар эргэлтгүйгээр татгалзах хүртэл нь дипломат болон эдийн засгийн харилцааны хувьд ганцаардуулах цаг болсон. Ийм дэглэмтэй дипломат харилцаатай байх нь олон улсын хууль дүрмийг үл тоож, дэлхийн улс орнуудыг эрсдэлд оруулж,  зөвхөн буруу үйлдлийг нь дэмжсэн хэрэг юм” гэжээ.

Сүүлийн нэг сарын дотор Хойд Солонгосын дэглэм 2 удаа баллистик пуужин харваж, цөмийн зэвсэг зургаа дахь удаагаа туршаад байна. Өнгөрсөн долоо хоногт туршсан баллистик пуужин нь 3,700 км зам туулан Японы арлыг давж, Номхон далайд туссан нь хамгийн хол харвасан тохиолдол юм.

Гарднер захидалдаа Хойд Солонгосыг НҮБ-ын гишүүнээс хасахыг дээрх орнуудад мөн уриалсан байна. Энэ долоо хоногт Нью Йорк хотноо эхэлж байгаа НҮБ-ын ерөнхий ассамблэйн чуулганы нэг гол сэдэв нь Солонгосын хойгийн асуудал байхаар байна.

 

Эх сурвалж: The Hill