Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Богино банзалтай эмэгтэйчүүдийн зургийг үзсэнийхээ дараа Дональд Трамп Афганистаны дайныг үргэлжлүүлэхээр шийджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Афганистан орон өнөөдрийнх шиг үргэлж Талибан, эсвэл Исламын улсын дарамтанд оршиж байгаагүй. Олон арван жилийн хугацаанд тэнд тогтвортой байдал, орчин үеийн хөгжил дэвшил ноёрхож байсан гэдэг.

1930­-аад оноос 1970-аад оны сүүл хүртэл Афганистаны нийслэлийг Төв Азийн Парис гэдэг байсан юм.

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгэн чухал шийдвэрээ зарласан нь Афганистанд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, бүр нэмж 4,000 хүртэл тооны цэрэг илгээх тухай байлаа. Афганистанаас цэргээ гаргахыг үргэлж уриалдаг байсан Трамп ийм эсрэг шийдвэр гаргахад Афган бүсгүйчүүдийн богино банзалтай гэрэл зураг тус болсон тухай Вашингтон Пост сонинд бичжээ.

Тэрээр өмнөх ерөнхийлөгч нарыг Афганд цэрэг илгээсэнд нь байнга буруутгадаг байсан юм. Тэгвэл Трампын аюулгүй байдлын зөвлөх, чөлөөнд гарсан генерал Х.Р.Макмастер ерөнхийлөгчид нэгэн түүхэн гэрэл зураг үзүүлж ятгасны дүнд бодлыг нь эргүүлсэн гэнэ. Сонинд бичсэнээр “Тэр Кабулын гудамжинд алхаж яваа богино банзалтай Афган эмэгтэйчүүдийн 1972 оны гэрэл зургийг Трампад үзүүлж, Барууны хэв маяг тэнд оршиж байсан, дахин эргэж ирэх боломжтой гэдгийг ойлгуулжээ” гэсэн байна.

Түүхчдийн зарим нь Кабул хотын “алтан үе” гэгчийг зөвхөн элит хүрээнийхний дунд эзэн хаан Мохаммед Захир Шахын үед байсан гэж үздэг. Гэвч өрнөдөд амьдардаг зарим Афган хүмүүс бага насандаа европ хувцас өмссөн ээжийгээ даган кинотеатрт очдог байсан, ах эгч нар нь Кабулын их сургуульд суралцдаг байснаа дурссан байдаг юм.

1970-аад оны эхээр Афганистанд очсон Америкийн дипломатууд Кабулын гудамжинд иргэд үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийнхээ талаар мэтгэлцэж байхыг харснаа бичсэн байдаг юм.

Гэвч 1973 онд цэргийн эргэлт гарснаар эзэн хаан нь 29 жилийн турш гадаадад цагаачилж, дараа нь 1979 онд ЗХУ цэргээ оруулан 1989 оны хоёрдугаар сар хүртэл байрлаж байжээ.

Үүний дараа Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны томоохон газар нутгийг хяналтдаа авсны дотор нийслэл Кабул хот багтаж байв. 2002 онд АНУ, Их Британий цэргүүд Кабулыг чөлөөлсөн юм. Мөн энэ онд цагаачилсан эзэн хаан нутагтаа эргэн ирж, шинэ засгийн газрыг байгуулах лоя жирга гэгддэг хурлыг овгуудын ахлагч нарын дунд зохион байгуулж байжээ.

 

Эх сурвалж: Independent