Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

ИД ШИДИЙН ОРОНГ хүүхдүүд тэсэн ядан хүлээж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Манай гудамны хүүхдүүд өдөр бүр “Ид шидийн орон”-г хэзээ босох бол доо гэж мөрөөдөн хашаан дундуур шагайн хардаг байсан юм. Саяхан тоглоомын талбайн цутгалт дуусч, аюулгүй орчин үүссэн. Тэгэхээр нь бид тоглоомын талбай дээр хүүхдүүдэд зориулан элс асгаж өгсөн. Тэд өдөр бүр ирж дуртай нь аргагүй тоголдог болсон. Зөвхөн элсээр тоглохдоо ингэж их баярлаж байгаа хүүхдүүд ажил бүрэн дуусахаар яах бол доо ...” гэж Ч.Ганжавхлан ярилаа.

Энэ бол Баянхошуу, Зүүнсалааны Зүүнбаян уулын энгэрт босч буй хүүхэд хамгаалал хөгжлийн цогц төв болох “Ид шидийн орон” юм. 

Өдгөө Монголд залуусын дуу хоолой болж хүний наймаа, хүчирхийллийн эсрэг, хүүхэд хамгааллын чиглэлээр бодитой санаачлагуудыг ажил хэрэг болгож буй ТББ бол “Лантуун дохио”. Тус байгууллагын санаачлагч тэргүүн Ч.Ганжавхланг манай сайт “Өглөөний хүн” буландаа онцолж байсан билээ. 

“Лантуун дохио” ТББ-н хэрэгжүүлж буй энэхүү Ид шидийн орон төсөл нь тэдний хамгийн удаан хугацааны, том төсөл нь аж. Төслийн дагуух барилгын ажил эхлээд өнөөдрийн байдлаар яг нэг сар 19 хоног болж буй юм. Энэ хугацаанд тэдний ажлын явц ямар байгааг харахаар бид газар дээр нь очиж танилцлаа.

Ид шидийн орон
 

Ид шидийн оронд долоон байгууламж баригдах аж. Үүнд,

  • тоглоомын талбай,
  • гараж,
  • сагсны талбай,
  • бага оврын хүлэмж,
  • хүүхдийн гадаа суух сад,
  • зам талбай,
  • хоёр том байшин баригдах төлөвлөгөөтэй гэнэ. Нэг нь хүүхэд хөгжлийн төв, нөгөө нь хүүхэд хамгааллын төв болох юм.

Биднийг очих үед барилгын ажил маш урагштай явж байгаа нь харагдаж байв. Одоогийн байдлаар, тоглоомын талбайн цутгалт дууссан, сагсны талбайн цутгалт хийгдээд хашааг нь босгочихсон, гаражны суурийг тавьсан, хөгжлийн төвийн суурь шалыг тавьсан, хамгааллын төвийн 2 давхрын карказ бүтээцийг босгож дуусаад засварын ажил руугаа орчихсон байлаа. 

Мөн барилгын дэд бүтцийн том ажлууд болох газар тэгшгэлгээний ажил, бохирын дэд бүтэц, худаг, зоорийн ажлуудыг амжилттай дуусгасан  хэмээн барилгын ажилчид ярилаа.

Барилгын ажил дээр тогтмол 20 хүн байрлаж ажиллаж байна.

Тэд хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн нас бие, хүмүүжилд тохирсон зөвлөгөө өгөх, хөгжих боломжийг хангах энэ томоохон төвийг байгуулахаар шамдан ажиллаж байна.

Хамгааллын төв

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэхүү байр нь холбон зуучлах төв болон түр байлгах байрны зориулалтаар ашиглагдах юм. Дээд давхартаа 18 ортой байх учраас 36 хүүхэд байрлах боломжтой гэнэ. Түр байрлах хүүхдүүд тухайн асуудлаасаа хамаарч асуудал шийдэгдтэл байрлах аж. Түүнчлэн хамгааллын төв дээр сэтгэл зүйн үйлчилгээ, хуулийн үйлчилгээ, хүүхдийн нийгмийн хамгааллын үйлчилгээнүүдийг үзүүлэх юм.

Хөгжлийн төв

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэхүү байр нь цэцэрлэгийн дөрвөн ангитай байх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай ангитай. Мөн олон нийтийн номын сан, соён гэгээрүүлэх төв, сайн үйлсийн аяны склад буюу өрөөтэй байна. Сайн үйлсийн өрөөнд хүмүүс өөрсдийн хэрэглэхгүй эд зүйлсээ авчирж хандивлах боломжтой болох аж.

Ид шидийн орон хандиваар босч буй төсөл

“Газар худалдан авахаас эхлээд өнөөдрийг хүртэл энэхүү төслийг ард түмний хандив болон аж ахуйн нэгжүүдийн оролцоогоор хийж байгаа. Компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гол ажлуудыг үнэ төлбөргүй хийж өгсөн.

15 сая төгрөгийн өртөгтэй худаг гаргах, мөн ийм өртөгтэй барилгын зураг төслийн ажлыг үнэгүй хийж өгчээ. Бохирын дэд бүтэц гээд 25 сая төгрөгөөр үнэлэгдсэн ажлыг 2.5 сая төгрөгт багтааж хийх жишээтэй. Мөнгөөр үнэлэгдэх мөртлөө үнэгүй хийгдсэн ажлууд олон байгаа.

Хандивыг их бага гэж голж болохгүй. 5,000 төгрөгтэй оюутан бүх мөнгөө хандивлаж байгааг үгүйсгэхгүй. Энэ бол хүүхдийн төлөө гэсэн сэтгэл. Мөн бид 1,000 төгрөгийн түлхүүрний оосор худалдаалахад 8,000 хүн авсан. Энэ хүмүүс бүгд л манай хандивлагч.  

Сүүлийн хоёр долоо хоногт том компаниуд их хандив өгж байгаа. Жишээлбэл, Оюутолгой ХХК хүүхдийн тоглоом хандивласан, Шар Доктор 20 сая төгрөг хандивласан, Арч Жи Зэт компани зураг төсөл үнэгүй хийж өгсөн гэх мэтээр маш олон хандивлагч байна.

АНУ-д “Лантуун дохио” төрийн бус байгууллагын салбар байдаг. Энэ байгууллагынхан хамгийн сүүлд ЭСЯ-нд томоохон арга хэмжээ зохиогоод 40 орчим сая төгрөгийг нэг л орой босгоод явуулсан. Хамгийн сүүлийн хандивын арга хэмжээ “Candy” байна. “Candy”-гээс 10 сая төгрөг дансанд ороод ирсэн. 

Ард түмнийхээ хүчээр өнөөдрийг хүртэл хоёр бригад нэг ч өдөр тасрахгүйгээр ажиллаж байна.

"Энэ төслийг анх Солонгост байдаг Гүлсара эгч санаачилсан. Одоо ч Солонгост энэ төслийнхөө талаар маш их хөөцөлдөж байгаа хүн. АНУ-д ажиллаж амьдарч байгаа Ц.Дэлгэрцогт гээд залуу бий. Эдгээр хүмүүст маш их талархаж байна” гэж Ч.Ганжавхлан ярив.

Цогцолборын нийт төсөв нэг тэрбум 100 сая төгрөг гэж гарсан байна. Өнөөдрийн байдлаар тэдэнд 210 сая орчим төгрөгийн хандив цуглаад, барилгын ажилдаа ороод дууссан байна.

Бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын мөрөөдлийн газрыг бий болгох ажилд гар бие сэтгэл зүрхээрээ оролцох бүх хүнд энэ хаалга нээлттэй.

Хэрэв уншигч та хүүхдийн төлөө бага ч гэсэн хувь нэмэр оруулж хандив өгөхийг хүсвэл энд дарна уу. Lantuu.mn сайтаас хэнээс ямар хандив ирж, тэрхүү хандивыг хэрхэн зарцуулсаныг харах боломжтой юм.

Гэр хороололд хараа хяналтгүй, хүнд хэцүү амьдралд өсч бойжиж байгаа, хүчирхийллийн өндөр үзүүлэлттэй голомтод амьдарч буй хүүхдүүдэд тэдний очиж тоглох, амьдрахыг мөрөөддөг тэр гайхалтай орчин, мөрөөдлийн газрыг цогцлоож өгөх Ид Шидийн Орныг есдүгээр сарын 1-нд нээх зорилт тавьж байна.
 Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг