Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Реалити шоу юу? Эдийн засгийн өсөлт үү?

С.Бадрал, iKon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

2017 оны I улиралд Монголын эдийн засаг 4.2% өслөө гэдэг мэдээ хонгилын үзүүрт гэрэл асаах шиг л боллоо. Эдийн засаг хэр идэвхтэй өрнөж буйг харуулдаг энэхүү үзүүлэлт 2 улирал дараалан “хасах” утгатай болсон үед албан ёсоор “Эдийн засгийн хямрал боллоо” гэж үздэг. Эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж байсан цаг аль хэдийн ард үлдэж, хямрал хүндрэлийн тухай ярианд сүүлийн хэдэн жил булуулсан нийгмийн хувьд энэхүү өөдрөг мэдээ цөлийн хуурай элсэнд дусах бороон дусал шиг замхрав.

Үнэхээр ч төсвийн алдагдал, гадаад өр зээл,  ханшийн уналт гээд хүнд асуудлууд эдийн засгийг тал талаас нь доош татан хэвтэрт оруулж, амь тариа залгуулах эцсийн найдвар нь Олон улсын валютын сангийн хөтөлбөр болоод байсан гэхэд болно. Мөнгөөр бялхаж байсан үе тэртээ ард улиран одож харин татвар нэмэгдэх, тэтгэврийн нас уртсах гэх мэт олон хүний хувьд гашуун санагдах эмийг ч уухаас өөр гарцгүй нөхцөл байдалтай улс орноороо тулгарсан нь энэ. Сахилга батгүй үрэлгэн төсөв, зээл бондын мөнгөөр туйлсны үр дүнд Монгол улс хүртэх ёстойгоо л хүртэж байна гэж ёжлох нэгэн ч байв...

Төсөв, өр дээр нэгэнт хийсэн бодлогын алдаанууд эцсийн дүндээ иргэд аж ахуйн нэгжүүдэд харсан ч хараагүй юм шиг зүгээр суусных нь төлөө хүртэх ёстойг нь ийнхүү хүртээж гашуун эм болж очиж. Харин цаашид эдийн засаг хэзээ эмчлэгдэх вэ гэдэг хамгийн чухал асуулт.

2017 оны хувьд, Монголын эдийн засгийн өсөлтийн талаар олон улсын байгууллагуудын хийсэн прогнозууд дундаас Азийн хөгжлийн банкны төсөөлөл хамгийн өндөр буюу 2.5% байв. Энэ нь 3 сая хүнд 3 триллион ам.доллараар хэмжигдэх эрдэс баялгийн нөөцтэй, дэлхийн хамгийн том зах зээл яг урд нь орших улсын хувьд үнэхээр чамлалттай үзүүлэлт гэхэд болно. Бусад төсөөллүүд бүр ч дор байсан бөгөөд, Дэлхийн банк Монголын эдийн засгийнг энэ онд 2% өснө гэсэн бол ОУВС-гийн сүүлийн таамаглалаар -0.2% буюу энэ жил эдийн засаг агшилттай байна гэж үзсэн...

Гэр хорооллын ажилгүйдэл, ядууралтай зэрэгцээд Зайсангийн баячуудын офшор данс зэрэгцэх тэгш бус байдалд бухимдалтай нийгэмд эдийн засаг сайжрах дүр зураг харагдахгүй ийм нөхцөлд итгэл найдвар төрүүлэх ганц ч гэсэн гэрэл хэрэгтэй байлаа. Гэхдээ Ням гаригийн орой бүр монголчуудыг бодит амьдралын олон стрессээс түр сатааруулах реалити шоу бус, харин бодит эдийн засагт дээрх ямар нэгэн эерэг өөрчлөлт чухал.

Бүх гутранги хүлээлтийг давж гаран эдийн засаг маань 4.2% өссөн нь эхний эерэг өөрчлөлт гэхэд болно. Харин бид чамлахаар чанга атгаад цаашид энэхүү өсөлтөө хэрхэн хадгалах вэ, бусад эерэг өөрчлөлтүүдийг хэрхэн бий болгох вэ гэх зэрэг асуудлуудад анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй болов уу.