Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн мафийн босс Сицилид алагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Сицилийн Палермо хотын гудамжинд дугуйтай явж байсан мафийн босс буудуулж амиа алджээ.

Цагдаа нар аюултай этгээдүүдийг цэвэрлэснээр сүүлийн жилүүдэд гудамжинд аллага гарах нь ховор үзэгдэл болоод байв. Гэтэл өдрийн цагаар 67 настай Жюзеппе Дайноттигийн толгойд буудаж хөнөөсөн нь Италийн мафийн бүлэглэлүүд аюултай хэвээр байгааг баталсан явдал боллоо. Дайнотти нь Сицилийн Коза Ностра бүлгийн загалмайлсан эцэг.

Үүнээс 25 жилийн өмнө мафитай тэмцэгч, шүүгч Жиованни Фальконе энд машинтайгаа дэлбэрч алагдсан юм.

Палермо хотын прокурор “Зарим хүмүүс мафи оршихоо больсон, сөнөсөн гэж ярьсны дараа үүнийг үгүйсгэсэн явдал байнга тохиолдох боллоо” гэж ярьжээ.

“Хэрэгтэй үедээ билэгдлийн зорилготой аллага хийж өөрсдийгөө амьд байгааг үзүүлж байгаа нь энэ” гэж прокурор дүгнэж байна.

1992 оны тавдугаар сард Фальконег алагдсаны дараа долдугаар сард нь мөн өөр нэг шүүгч Паоло Борселлино бөмбөгөнд өртөж амиа алдсаны дараа Италийн эрх баригчид эрчимтэй арга хэмжээ авч, мафийн гол хүмүүсийг торны цаана суулгасан юм.

Нэгэн үе хүчирхэг явсан Сицилийн мафи Коза Ностра сүүлийн жилүүдэд Калабриагийн Ндрангета, Наполид төвтэй Каморра бүлгүүдэд байр сууриа алдаад байгаа. Хамгийн сүүлд 2010 онд гэмт этгээдүүд нэгэн хуульчийг зодож хөнөөсөн нь өндөр албан тушаалтны аллагын сүүлийн тохиолдол юм.

Гэрчүүдийн мэдүүлснээр хоёр алуурчин моторт дугуйтай Дайноттиг гүйцэн ирээд толгойд нь бууджээ. Дайнотти хүн амины хэргээр хоригдож байгаад 2014 онд суллагдаад байв. Түүнийг өрсөлдөгч бүлгийнхэн нь хөнөөсөн бололтой.

Өнөөдөр Палермод Фальконегийн аллагын 25 жилийн ой тохиож байгаа. Энэ нь дурсгалын өдрийн өмнө мафи өөрийгөө амьд байгааг сануулсан явдал боллоо гэж эрх баригчид үзэж байна.

Үүнээс гадна Сицилид хэдхэн хоногийн дараа Их Долоогийн уулзалт болох гэж байгаа ба АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Британий ерөнхий сайд Тереза Мэй зэрэг хүндэт зочид айлчлан ирэх гэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian