Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын анхны гадаад айлчлал асуудалтай эхэлж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Израйлийн домогт Масада хэрэм

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр буюу Баасан гарагт анхны гадаад айлчлалаа эхлэх гэж байна. Тэрээр хамгийн эхэнд Саудын Арабт зочлох ба нийтдээ Ойрх Дорнодын дөрвөн орноор ес хоног аялах юм.

Муслимуудыг ялгаварлан гадуурхах үзлээ нуудаггүй Трамп Исламын шашны өлгий болсон Саудын Арабт бүх муслим улс орнуудын удирдагч нартай уулзана. Энэ уулзалтаар ямар үр дүн гарах нь тун сонин байгаа. Учир нь тэр Исламын хэт үзлийн талаар илтгэл тавих ба түүний илтгэлийг муслимуудын визний хоригийн гол архитектор гэгддэг, ерөнхийлөгчийн бодлогын зөвлөх Стефен Миллер бичжээ.

Тэр бас Израйльд саатахдаа уулын оройд байрлах эртний Масада хэрмэнд зочилж үг хэлэхээр төлөвлөж байсан. АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нар энэхүү дурсгалт газарт очихдоо олсон татлагатай дүүжинт замаар хүрч байсан юм. Тухайлбал 2008 онд Жорж Буш, 1998 онд Билл Клинтон ийм замаар зорчиж байв.

Харин Трамп ЮНЕСКО-ийн өвд бүртгэлтэй хэрмэнд нисдэг тэргээр хүрэхийг хүссэн ч түүхэн дурсгал нурах аюултай тул хоригложээ. Гэвч Трамп өмнөх ерөнхийлөгч нарын явсан тээврийн хэрэгслээр зорчихгүй гэсэн тул төлөвлөгөөг өөрчилж Иерусалемийн музейд үг хэлэхээр болсон байна.

Үүнээс гадна тэр Холокостын дурсгалын музей Яд Вашемд ердөө 15 минут зочлох төлөвлөгөө гаргасан нь израйлчуудын анхаарлыг татжээ. Үүдэнд нь үг хэлээд, зочны дэвтэрт гарын үсэх зурахад энэ бол хангалттай хугацаа. Жүүдүүд түүнийг яагаад өөрсдийнх нь хувьд чухал музейг үзэх цаг гаргаагүйг гайхцгааж байна.

Дээрх бүх бэрхшээлүүдээс гадна Дональд Трамп энэхүү айлчлалд явах тун дургүй байгааг ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ. Тэр айлчлалыг хэтэрхий урт, тав тухтай орчноосоо хол байхад хэцүү гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс Трампын зөвлөхүүд, туслахууд харь нутагт түүнийг ямар зан ааш гаргах бол гэдгээс ихээхэн айцгааж, айлчлалыг амжилттай дуусаасай хэмээн залбирцгааж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Mashable