Индэр    
2023 оны 6 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч

Цөмийн бөмбөгт сүйрсэн ч энх тайвны бэлгэдэл болон сэргэж буй Хирошима хот

Зураг

Хүн төрөлхтний түүхэн дэх цөмийн зэвсгийн аюул, хөнөөлийн гэрч болсон газар бол Япон улсын Хирошима хот.

Тус хотод 78 жилийн өмнө цөмийн бөмбөг дэлбэрснээр хот үндсэндээ сүйрч, олон мянган хүн амиа алдсан юм. 

Уг нь Хирошима хот 350,000 гаруй оршин суугчтай, 76,327 барилга байшинтай байжээ. Харин бөмбөгдөлтийн дараа байшин барилгуудынх нь 92 хувь сүйрч, 1945 оны эцсийн байдлаар 140,000 гаруй хүн амиа алдсан гэдэг. 

Бөмбөгдөлтөөс ердөө хоёр хоногийн дараа гэхэд гудамж талбай дахь хог, хэлтэрхийнүүдийг цэвэрлэснээр тээврийн хэрэгсэл явах боломжтой болгож, галт тэрэгний замаа ч нээсэн байна. 1947-1948 он гэхэд Хирошима хот дайны өмнөх дүр төрхдөө нэлээд ойртжээ. Энэ бол Япон улс, япончуудын ямар хөдөлмөрч хичээнгүй бөгөөд эв нэгдэлтэй ард түмэн болохын тод илрэл юм.

Харин одоо бол энх тайвны бэлгэдэл болон сэргэж байна. 

XXI зуунд нэг улс нөгөө улсаа түрэмгийлж, хүйтэн зэвсэг барин жил гаруй тулалдаж байгаа аймшигт энэ цаг үед "Их Долоо" бүлгэмийн дээд хэмжээний уулзалт Хирошима хотод зохион байгуулагдсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал байлаа.

Уг дээд хэмжээний уулзалтыг сурвалжлах боломж Монгол, Мексик, Аргентин зэрэг 10 улсын сэтгүүлч бидэнд олдсон юм. 

Энэ үеэрээ бид Хирошима хотын гашуун түүхийг өгүүлэх музей, сэтгэлийн амгаланг мэдрүүлэх сүм, уг хотын бэлгэдэл болсон хоолыг өөрсдөө хийж үзэх зэргээр дурсамж дүүрэн хоногуудыг өнгөрүүлснээ хуваалцаж байна.

Ногоон Токио

Тавдугаар сарын 15-ны өдөр Токиод газардахад бороо орж байв. Наритагаас хоёр цаг явж зочид буудалдаа хүрсэн бөгөөд энэ хугацаанд хотыг ажиглахад бүхэлдээ ногоон байв. "Япон лугаа хөгжье" гэж манайхан уриалдаг. Тэр хүртэл хол биз.

Гэхдээ ядаж л тарьсан моднуудаа сайтар арчлаад байвал Япон лугаа ургуулчхаж болохоор санагдсан. 

Маргааш өглөө нь бид Япон улсын Гадаад Харилцааны Яаманд очлоо. Анзаарч харснаар энэ улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрэн цогцлоожээ. Гадаах гудамж талбай бүү хэл яамны дотор орчинд ч харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч замтай, нэгнээ харалгүй мөргөлдөхөөс сэргийлэх зориулалтаар булан тохой бүрд толь байрлуулсан байв. Энэ стандартыг Японы буцалтгүй тусламжаар байгуулсан 149 дүгээр сургуульд хэрэгжүүлсэн байдаг билээ. 

Тус яамны холбогдох ажилтнуудаас албан ёсны мэдээллүүдээ авсныхаа дараа өдөр нь Хирошима хотын зүг хурдны галт тэргээр явцгаав. Биднийг Фүжи уулыг харах боломжтой байхаар зохицуулж, баруун талын эгнээнд суудал авсан байлаа. Аз болоход цэлмэг сайхан өдөр байсан тул бид ч Фүжи уулыг ойроос харж чадсан юм.

зураг
 

Дөрвөн цаг яваад зорьсон газартаа хүрцгээлээ. Хирошима хот бүгчим халуун, агаар нь тун чийглэг байв.

Тус хотод бидний зочилсон эхний газар нь Мияжима арал. Уг арал буга ихтэй аж. Буганууд байшин, хашааны булан мэрж, цаас, хуванцар гээд юу ч хамаагүй идчихдэг нь сүүлийн үед асуудал үүсгэх болсон талаар хөтөч маань ярьж байв. Нарийн гудамжаар дээш өгсөн явсаар бид Дайшо-Ин хийдэд хүрлээ. 

1,200 жилийн настай Дайшо-Ин хийд

Мияжима арлын хамгийн эртний хийд Дайшо-Ин. Ой модоор хүрээлэгдсэн 1,200 жилийн настай уг хийд нь Шингон Буддизмын тун чухал хийд хэмээн ламтан бидэнд тайлбарласан. 

Гол танхимыг "Каннондо" гэх ба төвд нь 11 дүртэй шүтээн хөшөөг суурилуулжээ. Ламтан утга бэлгэдлийнх нь талаар "11 дүртэй байгаа нь хаана ч байсан хэн бүхнийг харж, нэгийг ч үлдээлгүйгээр авран хамгаална гэх утгатай" гэв.

Түүний өмнө хэсэгт өнгөт элсээр хийсэн Мандал бий. Үүнийг гурван лам нэг сарын хугацаанд хийжээ. Мандал бүтээх нь лам нарыг хувьд нэг төрлийн бясалгал болдог байна.

Гол танхимаас гарцгаах үеэр ламтан намайг дуудаж "Манай хийдэд их аварга Асашёорюү зочилж байсан. Зураг нь энд бий" хэмээн харуулсан юм. Хийдэд зочилсон хүндтэй хүмүүсийн зургийг гол танхимын хананы дээд хэсэгт өлгөсөн байх бөгөөд Монголоос ирснийг минь мэдээд нутаг нэгтний маань зураг буйг харуулсан нь тун сайхан санагдсан.

зураг
 

Энэ хийдэд очсон хэн боловч Буддагийн дүрийг хаа сайгүй олж харах болно. Хийдэд нийт 500 гаруй Будда бий аж. Бүгдэд нь малгай өмсүүлсэн нь нар салхины нөлөөнөөс хамгаалах зорилготой.

Сэтгэл амгаланг мэдрүүлэх Ицүкүшима сүм

Дайшо-Ин хийдээс гараад доош уруудаад багахан явахад Ицүкүшима сүм бий. Энэ нь Шинто урсгалын сүм юм.

Шинто болон Буддын шашны сүм зэргэлдээ байх газар Боата суварга заавал байдаг аж. Энэ нь шашны хоёр урсгалын зааг хязгаарыг харуулж буй хэрэг гэж ламтан бидэнд тайлбарласан.

зураг
 

Ицүкүшима сүм 593 онд байгуулагдаж, 600 жилийн дараа шинэчлэгдэн өнөөгийн үндсэн төрхөө олжээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа нэмж барилга барьснаар цогцолбор болон хөгжсөн байна.

Далайн түрлэг, хуй салхи гээд олон удаа байгалийн гамшигт өртсөн ч өнөө хэр өөрийн төрхөө хадгалсаар буй нь гайхалтай. Энэ хэв шинжээ цаашид ч хадгалсаар байхын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргаж буйгаа сүмийн ламтан хэлж байв. Усны түвшинд нэмэгдэх үед сүмийн шалыг давдаг тул шал нь хоорондоо заагтай болжээ. Мөн сууриа хүчитгэх шаардлагатай болсноо ч учирласан. Гэхдээ цемент, төмөр эд зүйл ашиглахгүй. Ингэвэл байгалийн гэдэг төрхөө үгүйсгэсэн хэрэг болно гэлээ.

Сүмийн цогцолбортой танилцан, тойрч алхсаар "Otorii" буюу гол хаалганы чанх ард бид хүрч очив. Уг хаалга Японы хамгийн том модон хаалганы нэг бөгөөд 16 метр өндөр, 24 метр өргөн. Тэнгисийн дунд байх энэхүү том хаалга, олон зуун жилийн настай сүмийг үзэхээр жилд гурван сая гаруй жуулчин ирдэг байна. Ер нь Япон улсад сүм хийд нь аялал жуулчлалын гол цэг болдог ажээ. 

зураг
 

"Энд ирснээр байгаль, хүний нандин холбоосыг мэдэрч болно. Энэ бол байгалийн үзэсгэлэнд сэтгэлийн амар амгаланг мэдрүүлэх газар" гэж ламтан тодорхойлсон.

Үнэхээр ч салхи зөөлөн сэвэлзэж, тэнгисийн ус дөлгөөхөн долгиолох нь нэг л амгалан мэдрэмж төрүүлж байлаа.

Хирошимагийн нэрийн хоол-Окономияки

Хирошимагийн хамгийн алдартай, ирсэн хэн бүхний амтлах ёстой хоол нь Окономияки. 

Энэ хоол анх хүүхдүүдэд зориулсан бага өртгөөр бүтдэг хөнгөн зууш байжээ. Харин цөмийн бөмбөгдөлтийн дараа хирошимачуудын үндсэн хоол болсон байна. Өөрөөр хэлбэл тэд энэ хоолны ачаар өлсгөлөнгөөс аврагдаж, хүнд цаг үеэ даван туулсан түүхтэй. 

Хирошима хотод окономияки хийдэг 2,000 орчим хоолны газар байдаг ч зөвхөн Окоста гэх газарт л өөрсдөө хийж үзэх боломжтой юм. Бид малгайгаа өмсөн хормогчоо зүүгээд шинэ хоол хийж үзэхэд бэлэн болов. 

Окономиякигийн орц нь шарвингийнхтай адил шингэн зуурмаг, өндөг, гоймон, байцай, сонгино, гахайн мах. 

Эхлээд зуурмагаа халуун тавцан дээр тойрог хэлбэрээр жигд тараана. Бэлэн болмогц нь ногоо, гахайн мах зэрэг орцоо дээрээс нь нэмж, өндгөө шаран дээр нь тавина. Харин эргүүлэх цаг болоход бид бүгд багахан тэвдсэн. Бүтэлгүйдэж, байцайгаа талын нэг тараачихгүйн тулд тун болгоомжтой байх хэрэгтэй байлаа. Азаар бүгд амжилттай эргүүлж, том тэмцээнд түрүүлсэн мэт л нэгэндээ баяр хүргэцгээн цагийг тун хөгжилтэй өнгөрүүлсэн юм.

Онцгойрох орцгүй ч амт нь онцгой байсны учир нь амтлагчинд л байх шиг санагдсан. Тусгай амтлагчийг гарган авахын тулд олон удаагийн оролдлогийн үр дүнд 1952 онд өтгөн, амттай, илчлэгээр баялаг амтлагчийг бүтээжээ. Үүний дараа окономияки улам ч алдартай болсон аж.

Цөмийн бөмбөг дэлбэрсэн гэж бодсоноос ч болсон уу Хирошима хотод очихоос өмнө багахан айдастай байв. Гэхдээ очсон хойноо энэ хотоос амар амгаланг мэдэрсэн. Түм түжигнэж, бум бужигнасан Токио хотоос тэс өөр, нам гүм. 

Өдрийн цагт "Их Долоо" бүлгэмийн уулзалтын үеэр аюулгүй байдал хангахаар тэнгэрт эргэлдэх нисдэг тэрэгнээс өөр чимээ үгүй. Авто замын хажуугаар явахад моторын чанга дуу, дуут дохио огт байсангүй. Энэ хот бүхэлдээ намдуухан.

Цөмийн бөмбөгт өртөж бүхэлдээ сүйрсэн энэ хотод дэлхийн томоохон улсын удирдагчид чуулж, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд ирэн тал талын мэдээлэл, нэвтрүүлэг хийснээр Хирошима хот шинэ өнгө төрхөөрөө зураглагдлаа. 

Гашуун түүхийн гэрч - энх тайвны бэлгэдэл Хирошима хот. 

Хирошима хотын дурсгалын цогцолборын талаарх сурвалжилгыг энд дарж уншина уу.