Индэр    
2023 оны 5 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ямамото Садао: Гэр бүл минь элэг бүтэн үлдсэн учраас л тэр цаг үеийг даван туулж чадсан

Зураг

"Нагац эгчийн маань гэр бүл бөмбөг дэлбэрэх үед амьд гарч чадсан ч цацрагийн нөлөөгөөр удалгүй амиа алдсан. Цөмийн зэвсгийн аймшигтай тал нь энэ. Хэдийгээр тухайн үед тэсээд гарсан ч дараа нь харамсалтай явдал тохиолдоно" хэмээн Хирошимад цөмийн бөмбөг дэлбэрэх үед 14 настай байсан Ямамото Садао харамсан ярьж байв.

Түүний сурч байсан Хоёрдугаар дунд сургууль нь бөмбөг унасан төвөөс ердөө 500 метрийн зайтай байсан бөгөөд нэгдүгээр ангийн 321 сурагч, дөрвөн багш амиа алджээ.

Харин хоёрдугаар ангийн сурагчид дэлбэрэлтийн төвөөс 2.5 километрийн зайд орших сургуулийнхаа ногооны талбайд ажиллацгааж байжээ.

"Энэ бол үхэл ба амьдралын хоорондох зай байлаа. Сургууль дээр байсан нэгдүгээр ангийн сурагчид бүгд амиа алдсан бол хоёрдугаар ангийнхан түлэгдэж бэртсэн ч амьд үлдсэн. Хэрэв би тэр өдөр сургууль дээрээ байсан бол гарцаагүй амиа алдах байлаа" гэж өдгөө 91 настай Ямамото Садао хэлсэн юм.

Тэрбээр "Их Долоо" бүлгэмийн дээд хэмжээний уулзалтыг сурвалжилж буй 10 улсын сэтгүүлчид 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошима хотод юу болсон талаар ярьж өгч, бидний асуултад хариуллаа. 



Цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийг даван туулагч Ямамото Садао "Цөмийн бөмбөг дэлбэлэх хотуудыг сонгохдоо дээд зэргээр үр нөлөөгөө үзүүлэх боломжит талбайг судалсан байдаг.

Ойролцоогоор 4.5 километрийн диаметр бүхий талбайд цөмийн бөмбөг хамгийн өндөр үр нөлөө үзүүлэх боломжтой байв. Иймд 1945 оны дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар Японы 17 хотыг бай байж болохуйц гэж үзжээ. Харин нарийвчлан тооцоолсны дараагаар долдугаар 25-нд дөрөв болгон бууруулсан юм. Наймдугаар сарын 2-нд гэхэд Хирошима, Кокура, Нагасаки хотыг эцэслэн сонгожээ.

Наймдугаар сарын 6-нд Хирошимад, 9-нд Нагасаки хотод ээлжит бөмбөг хаясан.

Хирошимаг нэгдүгээрт сонгосон шалтгаан нь цаг агаар тун тохиромжтой байв. Наймдугаар сарын 6-ны өглөө 08:00 цагийн орчимд бөмбөг унасан бөгөөд байршлыг нь харвал хотын яг гол хэсэг байдаг. Бөмбөгдөлтийн улмаас тухайн оны эцсийн байдлаар ойролцоогоор 140,000 хүн амиа алдсан.

Хотын төв хэсэг дэх барилгууд сүйрч, олон зуун сурагч хорвоог орхисон. Тухайлбал, дэлбэрэлтийн төвийн ойролцоо нийтдээ 39 сургууль байлаа. 8,187 сурагч, 176 багш тэнд байсан бөгөөд сурагчдын 77 хувь буюу 6,295 нь, мөн 132 багш ажилтан амьд бай болж алагдсан" гэлээ.

зураг
 

Харин дэлбэрэлтийн дараах нөхцөл байдлын талаар тэрбээр "Цөмийн бөмбөг унасны дараа ойролцоогоор 400 метрийн диаметртэй галт бөмбөлөг гарч, 10 секунд орчмын дараа аварга том болсон. Энэ бол бидний харсан бодит зүйл. Газрын зураг дээр улаанаар харуулж буй хэсэгт агаарын хэм өндөр, маш халуун байсан бөгөөд маргааш өдөр нь хүртэл түймэр үргэлжилсэн.

Азаар гэр бүл маань элэг бүтэн, аюулгүй байсан. Би ганцаараа гэмтсэн юм. Дэлбэрэлтийн дараах өдөр ээж маань намайг нагац эгчийнхийг шалгаад ирэхийг хүсэв. Тэдний гэр дэлбэрэлтийн төвөөс 400 метрийн зайтай байлаа. 

Нагац эгчийн маань гэр бүл бөмбөг дэлбэрэх үед амьд гарч чадсан ч цацрагийн нөлөөгөөр удалгүй амиа алдсан. Цөмийн зэвсгийн аймшигтай тал нь энэ. Хэдийгээр тухайн үед тэсээд гарсан ч дараа нь харамсалтай явдал тохиолдоно.

Үеэл охин маань Охидын сургуулийн нэгдүгээр ангид сурч байв. Гэвч тэр ор сураггүй алга болсон. Бид хэчнээн их хичээсэн ч одоо болтол түүнийг олж чадаагүй" гэж байлаа.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

"Би хэдийнээ уучилсан" 

зураг
 

- Цөмийн бөмбөг дэлбэрч байсан энэ газрыг хэрхэн энх амгалан, хөгжсөн хот болгосон бэ. Сэргээн босголтын талаарх түүхийг хуваалцана уу?

- Нэгдүгээрт, дайны дараахан улс орны эдийн засгийн байдал хүнд байсан ч манай Засгийн газар энх тайван хотыг бий болгоход хөрөнгө оруулсан.

Хоёрдугаарт, 1950 онд Хирошима хот бэйсболын мэргэжлийн багтай болж байв. Тэд Хирошимагийн иргэдэд маш их урам зориг, эрч хүч өгч байлаа. Ингэснээр бид илүү сайтар нэгдэж, хотоо дахин сэргээхэд хүчин зүтгэсэн. 

- Тухайн үед танд маш хүнд байсныг ойлгож байна. Үүнийг та хэрхэн даван туулсан бэ?

- Гэр бүл маань элэг бүтэн байсан. Тиймээс би тэр цаг мөчийг даваад гарсан. Гэр бүлээ, эцэг эхээ алдаж, илүү хүнд нөхцөлд орсон маш олон хүн бий.

- Та америкчуудыг уучилж чадсан уу. Тэдний хийсэн зүйлээс болж таны хамаатан, найз нөхөд амиа алдсан шүүдээ?

- Тухайн цаг үед бөмбөг хаясан АНУ-ыг би үзэн ядаж байлаа. Харин одоо бол хэдийнээ уучилсан.

Учир нь, нэгдүгээрт, япончууд дайныг эхлүүлж, АНУ руу довтолсон. Тиймээс япончуудад ч хариуцлагын тал нь ногдоно.

Хоёрдугаарт, өнөөгийн нөхцөлд улс орнууд хамтдаа гар нийлэн ажиллах ёстой. Би америкчуудыг хэдийнээ уучилсан. 

-“Их Долоо” бүлгэмийн удирдагчдад юу гэж уриалмаар байна вэ. Тэдний гурав нь цөмийн зэвсэгтэй?

- Хэрэв бид бүгд хамтарч ажиллахгүй бол цөмийн зэвсгийн талаарх зорилгодоо хүрч чадахгүй. Мөн БНХАУ, ОХУ яаж хамтран ажиллах вэ гэдгээ тунгаах хэрэгтэй. Дорно, Өрнийн гэдгээс үл хамааран бид хамтдаа нэг зорилгын доор нэгдэх ёстой.

- Цөмийн бөмбөг дэлбэрсний дараа “Хар бороо” орж, борооны ус уусан хүмүүсийн ихэнхэд нь суулгах, үс нь унах гэх мэтчилэн олон төрлийн шинж тэмдэг илэрч, зарим нь амиа алдсан. Энэ нь Хирошимагийн тодорхой хэсэгт нөлөөлсөн үү. Ундны усны талаа та юу хэлэх вэ?

- Борооны усанд норсон эсвэл түүнээс уусан хүмүүст эрүүл мэндийн олон асуудал тулгарсныг би сонссон. Гэхдээ ундны ус бохирдсон гэж бодохгүй байна.

“Хар бороо” Хирошимагийн хэсэг газарт орсон. Ундны усны эх үүсвэр бохирдоогүй тул даван туулахад харьцангуй хялбар байсан болов уу. Хэрэв ундны усны эх үүсвэрүүдийн ойролцоо “Хар бороо” орсон бол маш хүнд нөхцөлд орж, уснаас хамаарсан хүндрэлүүд гарах байв.

- Жимс, ногооны талбайд ямар нөлөө учирсан бэ. Тодруулбал, хөрс хэр хэмжээнд бохирдсон бэ?

- Тодорхой хэмжээнд цацрагийн нөлөөнд автсан. Манайх хашаандаа хаш ногоо тарьдаг байв. Ногоонуудын ихэнх нь шатсан бөгөөд үлдсэн заримаас нь идэхэд суулгалт өвчний шинжүүд илэрсэн. Тиймээс хөрс, ногоо цацрагаар хордсон гэж бодож байна. Харин цагаан будааны талбайд ямар нэг асуудал тулгарсан тухай би огт сонсоогүй. 

- Аймшгийн кинон дээр л гарч болох зүйлийг та өөрийн нүдээр харсан. Сэтгэл зүйгээрээ үүнийг яаж даван туулж, эргэн хэвийн амьдралдаа орсон бэ. Хэзээ гэрлэсэн, ямар мэргэжил эзэмшсэн зэрэг талаараа ярьж өгөх боломжтой юу?

- Би 26 настайдаа гэрлэсэн. Хирошимагийн иргэд тухайн хүн бөмбөгт өртсөн эсэхийг тоодоггүй.

Гэхдээ Хирошимагаас бусад газарт очвол ялгаварлан гадуурхах тохиолдол гардаг. Жишээлбэл, Хирошимагийн хүнтэй гэрлэхийг гэр бүл нь эсэргүүцдэг, эсвэл Хирошимагийн хүн учраас салахыг эцэг, эх нь шаардах гэхчлэн зүйл байлаа.