"Манай сургууль их гоё. Би бүх хичээлдээ дуртай. Ялангуяа хими, биологийн хичээлээ лабораторидоо үздэг нь тун сонирхолтой. Түрүү жил бүх хичээлээ цахимаар үзэж байсан болохоор лабораторидоо орж чаддаггүй байсан.
Харин одоо ангидаа хичээллэж, найзуудтай хамт суралцаж байгаадаа баяртай байна" хэмээн 149 дүгээр сургуулийн 7 дугаар ангийн сурагч Т.Тэргэл ярилаа.
Түүний суралцаж буй 149 дүгээр сургуулийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Улаанбаатар хотын бага, дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд барьж байгуулан, өнгөрсөн онд ашиглалтад оруулжээ. Үүнээс гадна дээрх төслийн явцад Баянзүрх дүүрэгт 53 дугаар сургууль, Хан-Уул дүүрэгт 75 дугаар сургууль болон Налайх дүүрэгт 109 дүгээр сургуулийн барилгыг тус тус барьж, тохижуулжээ.
Эдгээр дөрвөн сургуулийг барьж байгуулах, анги танхимыг тохижуулах, багш, сурагчдын сурч хөгжих, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх зэрэгт нийт 2 тэрбум 379 иенийг зориулсан байна.
Олон улсын жишиг стандартын дагуу баригдсан тус сургуулиар өнөөдөр зочиллоо.
Нэг ээлждээ 720 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдсан 149 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 780 хүүхэд суралцаж буй бөгөөд анги дүүргэлтийн дундаж нь 27 байна.
149 дүгээр сургуулийн барилгыг барихдаа хэн бүхэнд тэгш хүртээмжтэй байлгахад ихэд анхаарчээ. Энэхүү хэв маягийг түгээмэл загвар хэмээн тодорхойлдог аж.
Тухайлбал, давхар бүрийг холбосон налуу шат, хүүхдийн нас биеийн онцлогт тааруулсан шатны хоёр түвшний бариул, шатаар өгсөх буух үедээ хүүхдүүд нэгнээ харахгүй мөргөлдөхөөс сэргийлэн байрлуулсан хоёр талын толь гэх зэргээр бүхий л талыг бодолцон сургуулийг байгуулсан нь ихээхэн онцлогтой. Түүнчлэн анги танхимын нэрийг брайль үсгээр тэмдэглэж, давхар бүрд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөө, амрах газар, зориулалтын ширээ зэргийг бэлтгэсэн байна.
Одоогоор тус сургуульд тусгай хэрэгцээт дөрвөн хүүхэд суралцаж байгаа аж. "Орчноо бүрдүүлсэн тул тэгш хамруулан сургахад менежмент болон багш нарын арга зүйд туслалцаа дэмжлэг авах шаардлагатай учир ЖАЙКА олон улсын байгууллагын START-2 төсөлд хамрагдсан. Одоогоор тусгай хэрэгцээт хүүхдүүдээ ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр сургаж байна" хэмээн сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн хэллээ.
149 дүгээр сургууль нь багтаамж, чиг үүргийн стандарт хангасан загвар шинэ сургууль болохын хувьд суралцах орчноо онолоор эзэмшсэн мэдлэгээ турших, хөгжүүлэх боломжтой байхаар бүрдүүлжээ.
Биднийг Байгалийн ухааны лабораторид ороход 11 дүгээр ангийн сурагчид атомын бүтцийн хичээл үзэж байв. Сурагчид онолын мэдлэгээ хэрэглэгдэхүүн ашиглан өөрсдөө атомын бүтцийг эвлүүлж буй нь энэ юм.
Нэг ангид суух сурагчийн тоог хамгийн ихдээ 36 хэмээн тооцсон бөгөөд бүхий л хэрэглэгдэхүүнүүд уг тоогоор тус сургуульд бий аж. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд нэг хэрэглэгдэхүүнийг хичээлдээ ашиглана.
Энэ мэтчилэнгээр Мэдээлэл зүйн лаборатори, Технологийн сургалтын танхим, Дүрслэх урлагийн танхим, Спорт заал, Хүүхэд хөгжлийн танхимуудыг тохижуулжээ.
Мөн хичээлийн анги бүрд шилэн самбар, проектор, хананд бэхлэн тогтоосон хувцасны шүүгээ, зарлан мэдээлэх чанга яригч, хүүхдүүдийн нурууны өндөрт тохируулсан угаалтуур зэргээр тохижуулжээ. Өөр нэг онцлох зүйл нь тус сургууль усны цэвэршүүлэх байгууламжтай. Хэрэглээний бохир усаа дөрвөн худаг дамжуулан цэвэршүүлж хөрсөнд шингэдэг байна.
КОВИД-19-ийн үед хэрхэн ажилласан талаар тус сургуулийн захирал Э.Пүрэвсүрэнгээс тодруулахад "Өнгөрсөн жил цахимаар хичээллэхэд эхний удаад 80 гаруй хувийн хамрагдалттай байсан. Харин тодорхой арга хэмжээ авсны дүнд 97 хувь болгосон. Манай сургууль хотын захад, гэр хороолол дунд байрладаг тул интернэт холболт тааруу, нэг өрхөөс олон хүүхэд суралцах тохиолдолд гар утас, төхөөрөмж хүрэлцээгүй байх зэрэг бэрхшээл гарч байсан учир хэвлэмэл материалыг гэрээр нь хүргэж байсан.
Цахим хичээлд хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд хороотойгоо хамтарч ажилласан. Манай сургуулийн нийгмийн ажилтан хичээлд орохгүй байгаа хүүхдүүдийн мэдээллийг нэгтгэж, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нийгмийн ажилтан болон Хамтарсан багтай гэрээр нь орсон. Түүнчлэн хүүхдээ сурч боловсруулах нь эцэг, эхийн үүрэг тул хорооноос авдаг тусламж, дэмжлэгтэй нь холбон сурагчдаа цахим хичээлд нь оруулсан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!