Индэр    
2020 оны 11 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хуучин автомашины импортыг хатуу хяналттай болгоё!

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Жил ирэх тусам манай улсад тээврийн хэрэгсэл нэмэгдэж, тэр хэрээр автомашинтай холбоотой олон асуудал хүн бүрийн “толгойн өвчин” болсоор байна. Тэдгээр асуудлын нэгд насжилт өндөртэй, хуучин автомашинууд зүй ёсоор багтана.

Түүнээс гадна, Монгол Улс Япон улсаас хамгийн олон хуучин машин импортлогч болохыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (Unep) байгууллагын судалгаа харуулжээ.

Уг судалгаанд АНУ, Европ, Японоос буурай хөгжилтэй улс орнуудад сая, сая хуучин автомашин худалдаалагдаж байгаа нь тухайн орнуудын агаарыг бохирдуулах нэг том хүчин зүйл болж байгааг дурдсан байна.

Тэгвэл манай улс хилээр нэвтрүүлж буй хуучин автомашинуудын асуудалд анхаарлаа хэрхэн хандуулдаг вэ?

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр, 2019 онд зөвхөн суудлын автомашин импортолсон үнийн дүн 419 сая ам. долларт хүрчээ.

Тодруулбал, Монгол Улсад 2016 онд жилийн хугацаанд 37,735 суудлын автомашин хилээр орж ирж байсан бол гурван жилийн дараа 69,472 мянга болтлоо өссөн байна.

Харамсалтай нь тэдгээр автомашины дийлэнх нь 7-9, 10 ба түүнээс дээш жил ашиглагдсан хуучин автомашинууд байгаа юм.

Тийм ч учраас магадгүй дээрх судалгаанд Монгол Улсыг автомашины “насжилтад хязгаар тавьдаггүй”, “агаарын бохирдлын стандартгүй”, импортын автомашиныг зохицуулах “маш сул бодлоготой” гэж тодорхойлсон биз ээ.

"Импортын автомашиныг зохицуулах бодлого сул байгаа нь үнэн"

Уг асуудалд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ц.Нэргүйбаатар “Манай улсад олон жилийн насжилттай автомашиныг оруулахгүй гээд шууд хатуу хориглосон зүйл байхгүй. Импортын автомашиныг зохицуулах бодлого сул байгаа нь үнэн. Гэхдээ хэт хуучин автомашин хилээр оруулахыг татварын бодлогоор хязгаарлаж байгаа.

Тодруулбал, хилээр орж ирэх автомашины хөдөлгүүрийн багтаамж, насжилтаас хамаарч ногдуулах ёстой онцгой албан татварын хэмжээ харилцан адилгүй. Тухайлбал, 10 ба түүнээс дээш жилийн насжилттай автомашинд хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаарч 10 саяас 65,975,000 төгрөгийн татвар төлөхөөр байна. Энэ бол татвараар дамжсан хязгаарлалтын бодлого” гэсэн тайлбар хийв.

Мөн тэрбээр “Бусад улсад автомашины ашиглалтаас хамаарч өндөр татвар ногдуулдаг. Тиймээс ашиглалтын зардал нь өөрөө өндөр болж, ойрхон эвдрэл гарах магадлалтай тул иргэд нь шинэ автомашин худалдаж авахаас өөр аргагүйд хүрдэг.

Энэ байдал нь өөрөө тухайн үйлдвэрлэгч орнууд үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэлбэр” гэсэн юм.

Түүний хэлсэнчлэн татварын бодлогоор хязгаарлаж байгаа бодлого нь зөвхөн суудлын автомашин дээр л үйлчилдэг.

Тодруулбал, Онцгой албан татварын тухай хуульд суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан онцгой албан татвар ногдуулна хэмээн заажээ.

 
Суудлын автомашиныг импортолход ногдуулах онцгой албан татварын хэмжээ
Сүүлийн 10 сарын хугацаанд Монгол Улс 10-аас дээш жил ашиглагдсан 23,000 суудлын автомашин импортолжээ

Ингэж хязгаарласан хэдий ч өндөр насжилттай суудлын автомашинууд 2020 оны аравдугаар сарын 29-ний байдлаар шинэ эсвэл бага жил ашиглагдсан автомашинаас ч илүү олон орж ирсэн байгаа нь тоо баримтаас харагдаж байна.

Энэ сарын 29-ний өдрийн байдлаар Монгол Улсын хилээр 69,860 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

Тэдгээрээс 44,868 нь суудлын автомашин бөгөөд 10 ба түүнээс дээш жилийн насжилттай 22,988, 7-9 жилийн насжилттай 14,277 орж ирсэн байгаа юм.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Д/д Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж Ногдуулах онцгой албан татварын хэмжээ/төгрөгөөр/ 
/см3 Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/ 
  0-3 жил  4-6 жил  7-9 жил  10 ба түүнээс дээш жил 
1 1,500 ба түүнээс доош  258 3,065 5,024 6,403
2 1,501-2500  732 1,576 8,243 12,921
3 2,501-3500  289 398 914 3,558
4 3,501-4,500  898 42 72 96
5 4,501 ба түүнээс дээш  265 68 24 10

"10 жил болсон ч техникийн байдал нь сайн автомашин олон бий"

Өндөр насжилттай, өндөр татвартай суудлын автомашин олон орж ирж байгаагийн шалтгаан нь Онцгой албан татварын тухай хуульд 2017 оны зургаадугаар сард нэмж оруулсан, Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг 0-50 хувиар хөнгөлсөнтэй холбоотой аж.

Энэ тухайд ахлах шинжээч Ц.Нэргүйбаатар “Импортоор орж ирэх насжилт өндөртэй суудлын автомашины онцгой албан татвар өндөр тогтоосон учраас насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл бага орж ирнэ гэсэн хүлээлт байсан. Гэсэн хэдий ч 2019 оны автомашины импортыг харвал нийт орж ирсэн тээврийн хэрэгслүүдээс 10-аас дээш насны насжилттай автомашин 59 хувийг нь дангаараа эзэлж байна.

Онцгой албар татварын тухай хуульд 2017 оны зургаадугаар сард хос тэжээлт буюу “Hybrid” машинд ногдуулах онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлсөн.

Үүнтэй холбоотойгоор Японоос Hydrid автомашин их орж ирж байгаа. Ер нь машины насжилт 10-аас дээш жил боллоо гээд шууд ашиглах боломжгүй болчихдоггүй. Энэ бол тухайн автомашины ашиглалтын байдлаас ихээхэн хамаардаг зүйл. 10 жил болсон ч бага гүйлттэй бөгөөд техникийн байдал нь сайн автомашин олон байдаг” хэмээн ярилаа.

Мөн "Насжилт багатай, шинэ автомашин дээр нь хөнгөлөлт үзүүлээд, хуучин насжилт өндөртэйд нь хөнгөлөлт үзүүлэхгүй байя гэвэл баян хүмүүст зориулсан л систем болно. Оруулж ирэхээс гадна ашиглалтын үеийн татвар буюу Авто тээвэр буюу өөрөө явагч хэрэгслийн албан татварт одоогоор шинэ, хуучин гэлтгүй ижил татвар оногдуулж байгаа.

Тухайн албан татварыг ашиглалтын жилээс хамаарч харилцан адилгүй болгох саналыг бид гаргаж байгаа. Гэхдээ энэ харьцааг мэргэжлийн хүмүүс зөв тогтоох байх" гэсэн юм.

Ноцтой эвдрэлтэй автомашин оруулж ирэхийг хориглох төслийг дөнгөж одоо л санаачилж байна

Уг нь манайхаас бусад улсад импортоор орж ирэх автомашины насжилт, техникийн байдалд хяналт тавьдаг.

Тухайлбал, Шинэ Зеланд улс долоогоос дээш жилийн насжилттай автомашиныг огт импортлохгүй гэсэн хуультай байсныгаа гурван жилийн өмнөөс "3-аас дээш" болгож бууруулсан байна. Энэ бол эвдрэлтэй машиныг хориглож, чанарын хувьд сайн автомашиныг оруулах бодлого баримталж буй явдал юм.

Харин Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ мэт олон улсын туршлагуудыг хэрэгжүүлэх тухай судалж байгаагаа Ц.Нэргүйбаатар дуулгав.

Гэхдээ Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн яам болон Прокурорын байгууллагаас осолд орсон тээврийн хэрэгсэл дээр хийсэн судалгаагаар 10-аас дээш жил ашиглагдсан автомашинуудын 70 хувь нь осолд өртсөн гэсэн байдаг.

Мөн сүүлийн үед эвдрэлтэй тээврийн хэрэгсэл оруулж ирэн, худалдан борлуулж, иргэдийг хохироосон асуудал гарч байгаа гэнэ.

Судалгаагаар 2020 оны есдүгээр сард 4,100 орчим эвдрэл гэмтэлтэй автомашин хилээр нэвтэрчээ. Тиймээс ноцтой эвдрэлтэй автомашин оруулж ирэхийг хориглох төслийг холбогдох албаныхан санаачилж байгаа аж.

Гэхдээ эвдрэлтэй гэдгийг юу гэж үзэх вэ гэдгийг тодорхойлох нь өөрөө төвөгтэй асуудал гэдгийг Зам тээврийн яамны АТБХЗГ-ын ахлан шинжээч Ц.Нэргүйбаатар тайлбарлав.

Авто тээврийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар мөн 2019 онд эвдрэл гэмтэлтэй 4,196 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн тухай Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтний илтгэлд дурдагджээ.

Зөвхөн 2019 онд импортлогдсон эвдрэл, гэмтэлтэй 4,196 тээврийн хэрэгслийн
  • 20% нь хөдөлгөөний идэвхтэй аюулгүй байдалд нөлөөлөх эд ангийн эвдрэл, гэмтэл
  • 67% нь хөдөлгөөний идэвхгүй аюулгүй байдалд нөлөөлөх эд ангийн эвдрэл, гэмтэл
  • 12.7% нь бусад төрлийн буюу үерийн усанд орсон, асдаггүй, мөргөлдсөн, мөндөрт цохиулсан гэх мэт эвдрэл гэмтэлтэй гэж судалгаанд онцолсон байна.

Түүнээс гадна импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийн 80-аас илүү хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй бол нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 50 гаруй хувь нь яг ийм жолооны хүрдтэй байгааг албаны эх сурвалжууд хэлдэг.

Үүнтэй холбоотойгоор 2021 оноос буруу талдаа жолооны хүрдтэй автомашин импортлохыг хориглосон заалтыг Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан тухай өмнө нь мэдээлж байсан.

Баруун гарын дүрэмтэй манай улсад хэдий буруу талдаа жолооны хүрдтэй автомашин оруулахыг хориглох нь зөв ч хамгийн гол буюу насжилтын асуудлаа тусгаагүй аж.

Энэ тухай ЗТХЯ-ны шинжээч Ц.Нэргүйбаатар “Уг асуудлыг УИХ хэлэлцэж шийдэх байх. Хуучин автомашин оруулж ирэх шалтгаан нь иргэдийн худалдан авалтын чадвартай шууд холбоотой.

Ямартай ч 2019 оны тавдугаар сард өргөн барьсан Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 2021 оноос буруу талдаа жолооны хүрдтэй автомашин импортлохыг хориглосон заалтыг оруулсан. Гэхдээ насжилттай холбоотой заалт оруулаагүй” гэсэн юм.

10-аас дээш жилийн насжилттай 924,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна

Өнөөдөр улсын хэмжээнд бүртгэлтэй 1.1 сая тээврийн хэрэгслийн дийлэнх нь 10 ба түүнээс дээш жил ашиглагдсан байна. 

Тодруулбал, 2020 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсад 1,119,952 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 80 гаруй хувь нь буюу 924 мянга нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай бол ердөө 16,328 нь л 0-3 жил ашиглагдсан байгааг Зам, тээврийн яамнаас өгсөн статистик тоо баримт харуулж байна.

(Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн хэд нь, хэчнээн жил ашиглагдсан болохыг доорх графикаас харах боломжтой)

2018 оны байдлаар л гэхэд манай улсад 10 мянга орчим тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарсан гэсэн албан бус судалгаа байдаг тухай ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Стандарт нормативын хэлтсийн дарга Ж.Сэрээтэр өмнө нь хэлж байв.

Эдэлгээнийх нь хугацаа дууссан, цаашид ашиглах боломжгүй, эвдрэл гэмтэлтэй, эдийн засгийн хувьд үр ашиггүй болсон тээврийн хэрэгслүүдээ дэлхий нийтээрээ ашиглалтаас хасдаг ч ихэнх хөгжингүй орнууд эд ангиудыг нь дахин боловсруулж, парк шинэчлэлт хийдэг.

Харин Монгол Улс ашиглалтаас гарсан тээврийн хэрэгсэл, түүнээс үүсэх хог хаягдлыг хаанаа шингээх газар одоогоор байхгүй.

Хэдийгээр цахилгаан эх үүсвэртэй Нуbrid машинуудын аккумуляторыг дахин боловсруулж, олон зүйлд ашигладаг учраас Япон улс буцаан авах сонирхолтой байдаг боловч манай улс Япон руу буцаан илгээх боломжгүй.

Учир нь автомашинаас гарах хог хаягдал нь өөрөө аюултай хог хаягдлын тоонд ордог төдийгүй хөрш орнууд Базелийн конвенцод нэгдсэн тул өөрийн нутаг дэвсгэр дээр аюултай хог хаягдлыг дамжуулан тээвэрлэхийг хориглодог.​

Гэвч жил ирэх тусам Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд хуучирч байна. 

Үүний зэрэгцээ үйлдвэрлэгч орноосоо гологдсон "хөгшин" тээврийн хэрэгслийг хэдэн мянгаар нь зөөвөрлөсөөр байх уу?

Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын 87-д орсон. Уг асуудалд шийдвэр гаргагчид илүү нухацтай, анхааралтай хандах шаардлага тулгарч байгааг дээрх тоо баримтууд харуулж байна.