Индэр    
2019 оны 12 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

Импортын бодлогогүй Монгол Улсын автомашины талаас илүү хувь нь буруу жолооны хүрдтэй

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Манай улсад тээврийн хэрэгслүүдээс үүсэх хаягдлыг шингээх газар одоогоор байхгүй талаар бид “Тээврийн хэрэгслээс гарч буй АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛАА хаана шингээх вэ” нийтлэлээрээ та бүхэнд хүргэсэн билээ.

Харин хилээр орж буй тээврийн хэрэгслийн тоо буурахгүй байгаагаас үүдэн хортой хаягдал үүсгэгч жилээс жилд нэмэгдсээр. 

Авто тээврийн үндэсний төвд өдөрт 300-400 импортын тээврийн хэрэгсэл бүртгүүлж, 400-500 автомашины шилжилт хөдөлгөөн хийгддэг тухай тус төвийн Тээврийн хэрэгслийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж өмнө нь хэлж байв.

Иймд импортоор оруулж ирж буй хуучин машинуудыг тойрсон асуудалд салбар хариуцсан яам хэрхэн анхаарч буй талаар бид сурвалжиллаа.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр энэ оны гуравдугаар улирлын байдлаар 78,427 тээврийн хэрэгслийг манай улс шинээр бүртгэн улсын дугаар олгосон бол нийт 231,383 тээврийн хэрэгсэлд шилжилт хөдөлгөөн хийжээ.

Мөн монголчуудын импортолсон тээврийн хэрэгслийн үнийн дүн 925 сая ам.долларт хүрч өссөнийг Гаалийн ерөнхий газрын тоон мэдээлэл ч харуулж байна.

Тодруулбал, 2019 оны эхний арван сарын байдлаар манай улс суудлын 61,069, ачааны 19,931 автомашин хилээр нэвтрүүлжээ.

Графикаас харахад өмнө нь жилд дунджаар 50 мянган тээврийн хэрэгсэл хилээр орж ирдэг байсан бол 2018 онд 82 мянгад хүрч импортын хэмжээ огцом нэмэгдсэн байна.

Гэвч хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн дийлэнх нь 4-6, 6-9 жил ашиглагдсан буюу бидний ярьж заншсанаар он хуучин машинууд байгаа нь анхаарах гол асуудал юм.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны АТБХЗГ-ын Ахлах мэргэжилтэн Ц.Нэргүйбаатараас тодруулахад “Хилээр оруулж ирж буй суудлын автомашинд онцгой албан татвар л ногдуулдаг.

Сүүлд энэ татварын хэмжээнд хоёр ч удаа өөрчлөлт орж, автомашины ашигласан жил, хөдөлгүүрийн багтаамжаас нь хамаарч өсгөх зарчмаар явж байгаа.

Өөрөөр хэлбэл, 10-аас дээш жил ашиглагдсан автомашины татвар нь өндөр учраас оруулж ирэхэд илүү өндөр зардалтай гэсэн үг. Тиймээс гол төлөв 4-6, 6-9 жил ашиглагдсан автомашин орж ирж байна.

Мэдээж түүнээс он залуу автомашины үнэ өндөр байдаг болохоор оруулж ирэх нь цөөн.

Мөн импортоор насжилт өндөртэй автомашин олон орж байгаагийн учир нь иргэдийн худалдан авах чадвартай шууд хамааралтай. Иргэд шинэ автомашиныг өндөр үнээр худалдаж авч чадахгүй байгаа учраас өөрийн орлогод нийцүүлэн хуучин автомашин худалдаж авах эрэлт нь их байна.

Автомашины импорт бол ерөөсөө л худалдаж авах иргэдийн бодит орлоготой холбоотой асуудал” гэсэн юм.

Магадгүй Монголд 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн тоо олон байгаагийн гол учир энэ биз ээ. 

Гэвч үүний бас нэг сөрөг тал нь аюулгүй байдал. Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн яам болон Прокурорын байгууллагаас осолд орсон тээврийн хэрэгсэл дээр хийсэн судалгаагаар 10-аас дээш жил ашиглагдсан автомашинуудын 70 хувь нь осолд өртсөн гэжээ. Мэдээж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас илүүтэй жолоочийн буруутай үйлдэл зонхилох шалтгаан нь юм. 

Бас нэг анхаарал татаж буй тоо бол нийт осол гаргасан автомашины 72 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй автомашин гэсэн Тээврийн цагдаагийн албаны судалгааны дүн.

Тэгвэл импортоор орж ирж буй суудлын машины ихэнх хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй буюу япон машин байгааг та доорх графикаас харж болно.

Энэ нь хэдэн жилийн дараа нийт автомашины дийлэнх хувь нь буруу талдаа хүрдтэй болох магадлал өндөр болж буйг харуулж байгаа юм.

Манай улсын замын хөдөлгөөний дүрэм нь баруун гар талаар зорчих дүрэмтэй. Жолооны сургалтын төвүүд ч энэ дүрмийн дагуу хичээлээ заадаг. Гэвч бодит байдал дээр баруун талдаа жолооны хүрдтэй буюу жолооны зөв хүрдтэй тээврийн хэрэгсэл ямар цөөн байгааг эндээс харж болох бөгөөд жолооч болсон хүмүүс буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгсэл худалдаж аваад унадаг байна.

 
2018 оны статистик

Манай улсын замын хөдөлгөөний дүрмээр буруу талдаа жолооны хүрдтэй автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд эрсдэлтэй байдгаас гадна гэрлийн тусгал нь ч өөр байдаг гэдгийг албаны хүмүүс анхааруулдаг.

Энэ тухай “Бид УИХ-д өргөн барьсан Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлдөө 2021 оноос буруу талдаа хүрдтэй автомашиныг бүртгэхийг хориглох заалт оруулсан.

Үүнийг зарим хүн замын хөдөлгөөний дүрэмд нийцсэн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байх ёстой гэж үзэж байгаа бол зарим нь Японоос орж ирж байгаа зардал бага тээврийн хэрэгслийг хааж болохгүй хэмээн эсэргүүцэж байна.

Гэхдээ энэ асуудлыг УИХ гарц, гаргалгааг нь сайн гаргаж шийдэх байх” хэмээн АТБХЗГ-ын Ахлах мэргэжилтэн Ц.Нэргүйбаатар учирлав.

Автомашин хуучирна гэдэг тухайн машины ашиглалтын зардал өндөрсөх шалтгаан.

Харин автомашин үйлдвэрлэгч орнууд үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор хуучин автомашины татварыг өндөр болгодог. Энэ хэрээр иргэд нь хуучнаа гаднын улс руу экспортолж, зардал багатай шинэ машин худалдаж авах сонирхолтой байдаг аж.

Өнгөрсөн сард Зам, тээврийн хөгжлийн яам ашиглалтаас хасагдсан автомашиныг хэрхэх тухай журамд иргэдээс санал авч байсан. Гэхдээ манай улс автомашин үйлдвэрлэгч бишээс гадна дахин боловсруулж ашиглах боломж нь одоогоор алга.

Иймд шийдвэр гаргагчид нэгэнт оруулаад ирчихсэн автомашинаа яах вэ гэж толгойгоо гашилгаж сууснаас оруулж ирэхээсээ өмнө бодлогоор зохицуулалт хийх нь зүйн хэрэг болов уу.

Харин энэ асуудалд төрөөс ямар нэгэн бодлого барьж байгаа болон хүчин чармайлт гаргаж байгаа хандлага ажиглагдахгүй байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн яам цаашид импортын бодлогоо хэрхэн тодорхойлох тухай Ц.Нэргүйбаатараас тодруулахад "Автомашины импортод квот тогтоох, эсвэл шууд хязгаарлах байдлаар зохицуулалт хийх нь төвөгтэй асуудал. 

Тэрнээс илүү уян хатан буюу татварын бодлогоор дамжуулан хэрэглээг нь хязгаарлаж болох юм.

Манай улс цоо шинэ автомашинд 20 жилийн насжилттай автомашинтай ижил хэмжээний татвар ногдуулж буй нь өөрөө учир дутагдалтай. Тиймээс магадгүй бид цаашдаа ашиглалтаас хамааралтай татварыг ялгаатай болгох бодлого барих нь зүйтэй" гэлээ.

Мөн нэг хүн нэр дээрээ хэчнээн ч машин авах эрх нь нээлттэй гэдгийг тодотгож байв.

Магадгүй Улаанбаатарын түгжрэл буурахгүй байгаагийн нэг том шалтгаан энэ байж болох юм. Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөнийг бууруулах зохицуулалт буюу дугаарын хязгаарлалт хоёр машинтай иргэнд үйлчилдэггүй нь сул тал.

Нөгөө талаар сургууль, цэцэрлэггүй хотхоноор дүүрсэн хот төлөвлөлтийн алдаа.

Ямартай ч автомашинаас үүсэх олон асуудлыг цэгцлэх нэг гаргалгаа нь импортын зөв бодлого гэдгийг шийдвэр гаргагчид тунгаах биз ээ.